“Алдарт эх”-ийн одон олгохдоо үрчилж авсан болон эндсэн хүүхдийг нь хамруулна

2024-05-13 1110 0

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5-д Монгол Улсын иргэн нь “хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасан.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж, 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж тус тус  заасан. Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Ингэхдээ бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв болон зургаагаас дээш хүүхэдтэй байсан бөгөөд эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулан олгодог юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одонг олгох зэрэг саналуудыг ирүүлсэн байна. Иймд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн о

2025-08-07

Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дар

2025-07-30

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03