“Гарьд магнай”-н гоё дүрүүд

2024-01-18 1941 1

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ

Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд авчээ. Тухайн үед хөдөө ажлаар явчихаад иртэл Ж.Бунтар найруулагч зохиол үлдээгээд явчихсан байж. Зохиолтойгоо танилцаж ч амжаагүй байхад нь хотоос түүнийг дуудаж ирээдүйн Равсал Панз кино групийнхэнтэй анх танилцсан түүхтэй. 1980-аад оны үед кино урлаг үнэ цэнэтэй, хэмжүүртэй байв. Найруулагч Равсал Панзаа сонгочихоод дүрээ батлуулах санаатай Соёлын яаманд хандтал баян хүний дүрд туранхай хүн сонголоо гэж зэмлэсэн удаатай. Харин гярхай найруулагч “Жижигхэн хүн муу санаатай байдаг юм” гэсээр сонголтдоо үнэнч үлджээ. Харин баян хүний дүрийг бүтээж үзээгүй жүжигчинд сурах зүйл их байсан гэдэг. Нүнжигтэй хүний алхаа гишгээ, зан ааш ямар байх, хүнтэй хэрхэн харьцах, мэндлэх зэргээс сургуулилтаа анх эхэлжээ.

 

ЖИН ТЭЭДЭГ ХЭСЭГ ХАМГИЙН ХҮНД ЗУРАГ АВАЛТ

“Гарьд магнай” киноны зураг авалт Төв аймгийн Бүрэн суманд жин тээж яваад хоёр агтаа алддаг хэсгээс өрнөжээ. Тухайн үед гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байсан ч кино багийнхан шөнө дөл болтол зургаа үргэлжлүүлж, үүр хаяарах үеэр л дуусдаг байж. Б.Магсаржав гуайн дурссанаар энэ нь хамгийн хүнд зураг авалт болсон гэнэ. Тэмээ, аттай ноцолдож, зодооны хэсгийг бэлдэх гээд л. Гэхдээ уран бүтээлчид дор бүрнээ хариуцлагатай, мэргэжилдээ шунаж дурладаг байсан учир даарахын зовлонг тоочилгүй тэвчээртэйгээр өвлийн зураг авалтыг дуусгасан гэв. Киноны бэлтгэл ажлыг 1980 оноос эхэлж хийсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд бүрэн хэмжээний уран сайхны кино бүтсэн түүхтэй. Хүмүүс жүжигчний мэргэжлийг амархан, хялбар юм шиг санадаг ч эсрэгээрээ.Жүжигчний амьдрал хүнээс асар их хөдөлмөр, тэвчээр шаарддаг тухай буурал жүжигчин хуучилж байсан юм. Кинонд Равсал Панз их муу санаатай хүнээр дүрслэгдсэн байдаг. Харин Б.Магсаржав жүжигчинтэй ярилцахад илэн далангүй, цагаахан хүн шиг санагдсан. Өөрөөсөө өөр хүнийг бүтээх нь жүжигчний ажил. Харин энэ үүргээ Б.Магсаржав гуай тус кинонд жүжигчдийн хэлдгээр “тултал” нь бүтээсэн тухай үзэгчид төдийгүй киноны ахмадууд одоо ч дурсдаг юм. Зураг авалтын үеэр багийнхан Бүрэн суманд бэсрэг наадам болсонтой таарчээ. Хөдөөний ард түмэн наадмаа үзэж, кино зураг авалтад орсон нь тус бүтээлийн зарим кадрт орсон байдаг.

АЙРГАНД ДҮРҮҮЛСНЭЭ БЭЛГЭШЭЭДЭГ

Равсал Панзыг айрганд толгойгоор нь дүрдэг хэсэг үзэгчдийн сэтгэлд тод үлджээ. Энэ зураг авалтын тухай түүнээс асуухад “Хүмүүс энэ тухай их асуудаг. Яг айраг мөн байсан уу гээд л. Би өөрийгөө айрганд толгойгоо дүрүүлсэн их азтай хүн гэж бодоод бэлгэшээдэг юм. Учир нь цагаан идээ ариун байдаг шүү дээ. Айраг нүүрэнд судал гаргаж хатдаг юм билээ. Бидний үеийн уран бүтээлчид аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахыг эрмэлздэг байж дээ. Хэзээ ч худал дүр эсгэж, үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. Зураг авалтын үед хэдийгээр айраг нүд, хамар луу орж хорсгож байсан ч тэвчээд зургаа дуусгаж байлаа” гэв. Кинонд хэдийгээр зохиолд дүрслэгдэж, зураг авалт хийсэн ч кадрт ороогүй хэсэг нэлээд байдаг гэнэ. Тухайлбал, Далайцэрэн Жигмэдийг хөөж очихдоо их ядарч, өлссөн маягтай уулздаг аж. Харин Жигмэд түүнийг нь мэдчихээд чанаж буй махнаасаа хутганы үзүүрт хатгаж өгөхдөө тэр чигээр нь дүрж аминд нь халдах дөхдөг хэсгийн зургийг авчээ. Гэтэл хэзээ монголчууд хутганы үзүүрээр хатгасан мах хүнд өгч байсан юм гээд хасчихсан гэнэ. Мөн кино зургийн дундуур гэнэт энгийн иргэд орж ирээд нэг зургаа авахуулчихъя гээд зураг авалтыг саатуулж байсан хөгжилтэй дурсамж ч олон байдаг аж. Хамгийн чухал нь тус кино монгол эрчүүдийн хаан ухаан, бөхийн жудгийн тухай өгүүлдэг. “Гарьд магнай”-аас өөр энэ сэдвийг хөндсөн кино өнөөг хүртэл дахин давтагдаагүй байна. 1980 -аад оны үед бөхчүүд ёс заншлаа дээдэлдэг, нэг нэгнээ хүндэтгэдэг байжээ. Жишээлбэл цолны эрэмбээр ах хүн нь хоол хүнсэндээ эхэлж гар хүрээд, бэлтгэлийн барилдааныг ч манлайлдаг байж.

ДҮРИЙН СУДАЛГААГАА НЭГ ЖИЛ ХИЙСЭН

Б.Магсаржав гуай Равсал панзыг бүтээхийн тулд нэг жил судалгаа хийжээ. Тэрээр өөртөө Итгэлт баяныг давтаж болохгүй шүү гэж хэлсэн гэдэг. Харин Далайцэрэнгийн дүрд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Д.Батдорж нарын нэгийг тоглуулахаар сонгосон байж. Гэвч дархан аваргыг “Алдар” клуб өгөөгүй учир Д.Батдорж тоглохоор болсон түүхтэй. Үүний тухай Б.Магсаржав гуай “Хэдийгээр Б.Бат-Эрдэнэ аварга тоглоогүй ч манай Д.Батдорж дүрээ сайн гаргаж, үзэгчдийн сэтгэлд үлдэж чадсан” гэлээ. Киноны зуны зураг авалт хоёр боодолтой ачааг даваан дээр үүрээд гарч ирж буйгаар эхэлжээ. Энэ хэсгийг хоёр дахин давтаж авсан байна. Нэг талынх нь ачаа гэхэд 80 кг-ийн жинтэй. Ингэж хүнд болгохын тулд бааданд элс, шороо, чулуу хийсэн байжээ. Равсал Панз хааяа киногоо үзээд өөрийгөө чамладаг байж. Тэрээр кино багийнхаа тухай “Манай групп Монголын киноны түүхэнд дахин давтагдахааргүй сайн баг байсан юм. Ялангуяа найруулагч Ж.Бунтар мотор гэж дуугарсан бол бид ямар ч үед зураг авалтаа эхэлдэг байсан юм. Сэтгэл нийлсэн уран бүтээлчдээс л чанартай бүтээл төрдөг” юм даа гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Үнэхээр сайхан бүтээл. Хэд ч үзсэн уйддаггүй. Далайцэрэнд тоглосон Батдорж гуай өнгөрсөн жилийн зун СТА болоход нь өмнөөс нь их баярлаж байлаа гэж.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04