
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ.
Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Амгалан “Цэнгэлдэхэд нэвтэрч наадам үзэх тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй.
Тасалбарыг Enaadam.mn цахим хуудсаар худалдана. Наадмын нээлтийн тоглолтыг орой давтаж тоглоно. Энэ тоглолтын тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй. Энэ тоглолтын тасалбарыг ticket.mn цахим хаягаар худалдана. (Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас худалдаж эхэлнэ) гэв.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар “Шөвгөрсөн 32 бөх, сурын 16 харваач, нийтдээ 48 хүн сэргээшийн шижилгээнд хамрагдана. Шинжилгээний эхний хариу 48 цагийн дотор гарна” гэсэн бол Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг “Долоодугаар сарын 6-аас уралдааныг зохион байгуулах албан хаагчид Хүй долоон худагт байрлаж ажиллана. 300 орчим цэргийн албан хаагч ажиллана. 7-оос эхлээд хурдан морьдыг бүртгэнэ. Цэргийн төв эмнэлгийнхэн 9-өөс хойш Хүй долоон худагт байрлаж ажиллана” гэж мэдээллээ.
Сурын харвааны салбар хорооны дарга Ц.Уртнасан сурын харвааг зохион байгуулах бэлтгэл бүрэн хангагдсан, харваачдыг өнөөдрөөс бүртгэж эхэлсэн тухай мэдээлсэн бол Урлаг, соёлын салбар хорооны гишүүн Э.Цэнд-Аюуш “Манай салбар хорооны төлөвлөгөөт ажлууд 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 14 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 2500 гаруй уран бүтээлч оролцож байгаа. Нийтдээ 40 гаруй байгууллага оролцож байгаа” гэсэн юм.
Наадмын хамгаалалтад 4500 орчим албан хаагч ажиллах ба хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлгөөнт тоглоомын нийт 576 цэг ажиллах гэнэ. Зөвшөөрлийн бүртэлийг өнөөдрөөс эхлүүлсэн ба гурав хоногийн турш үргэлжлэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй