Шинэ бүтцээр хичээлийн жил дөрвөн улиралтай боллоо

2026-07-28 340 1

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар мэдээлэл өглөө. Шинэ бүтцээр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил 2026 оны есдүгээр сарын 1-ээс 2027 оны зургаадугаар сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ. Өмнөх хичээлийн жил гурван улиралтай, бие даалтын буюу цахим сургалтын долоо хоногтой байсан бол энэ жилээс дөрвөн улиралтай, 7-9 долоо хоног хичээллэсний дараа улирлын амралт эхэлж байхаар зохицуулжээ. Мөн Цагаан сарын баяр тохиох долоо хоногийг бие даалтын долоо хоног болгон төлөвлөсөн байна.

Танхимын сургалт:

  • Бага ангид 32 долоо хоног,
  • Дунд ангид 33 долоо хоног,
  • Ахлах ангид 34 долоо хоног үргэлжилнэ.

Үүнээс гадна хичээлийн жилийн турш хоёр долоо хоногийг суралцагчийн хөгжлийг дэмжих танхимын болон танхимын бус үйл ажиллагааг зохион байгуулах аж.

2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бүтцийн талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Нийслэл, аймгуудын хувьд хичээлийн жилийн бүтэц ялгаатай. Гэхдээ хичээлийн жилийн эхлэх болон дуусах хугацаа адил байх зарчмыг баримталсан. Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай болгон зохион байгуулж байгаа. Учир нь гурван улиралтай тохиолдолд нэгдүгээр улирлын хичээл 16 дахь долоо хоногт бие даалтын долоо хоногоо оруулж, нийт 17 долоо хоногийн туршид үргэлжилж байсан. Хэдийгээр дунд нь бие даалтын долоо хоногийг гаргаж өгч байгаа ч хэт урт үргэлжилсэн хичээлийн жил байгаа юм. Иймд 7-9 долоо хоногтой болгож улирлын амралт таарахаар дөрвөн улирлын зохион байгуулалтыг оруулж өгсөн.

Нийслэлийн хувьд бие даалтын долоо хоногийг хоёрдугаар улирлын төгсгөлд, хөдөө орон нутагт гуравдугаар улирлын эхэнд эхлүүлэхээр төлөвлөсөн. Ийнхүү энэ хичээлийн жилийн зохицуулалт өнгөрсөн жилээс өөр байна. Мөн Цагаан сарын хугацаанд бүх нийтийн амралт таардаг. Тиймээс хичээлийн жилийг өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсдэг. Тиймээс Цагаан сартай долоо хоног дээр бие даалтын долоо хоногийг гаргаж өгч байгаа. Ахлах ангийн хүүхдүүдэд цахим сургалтын долоо хоногийг гуравдугаар улирлын хичээлийн эхээр эхэлнэ” гэв.

Түүнчлэн, 2026-2027 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ бүтцээр хичээлийн жил дөрвөн улиралтай боллоо

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар мэдээлэл өгл

2026-07-28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23