Ломбардууд барьцаа хөрөнгийг 7-р сарын 1 хүртэл зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ

2020-12-22 583 0

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль болон барьцаалдан зээлүүлэх газрын хүүний асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Ломбардуудын хүү өндөр, алданги өндөр байдаг, иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авах зэргээс шалтгаалж эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсэх нөхцөл байдал гараад байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэгт хяналт байхгүй байна.

Тиймээс Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр зохицуулалтгүй үлдсэн энэ салбарт энэ хүндрэлтэй цаг үед зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг  боловсруулан өргөн барилаа. 

Засгийн газраас Ломбардын тухай хуулийг удахгүй өргөн барих байх. Энэ хууль батлагдтал тухайн салбарт зохицуулалтгүй хэвээр байхаар байна. Тиймээс 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, алданги өдөрт 0,2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг 7-р сарын 1 хүртэл зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өглөө.

Олон улсад зээлийн хүү, алданги царцаах зохицуулалт хийж байна. Улаанбаатар хотод бараг 1000 ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүний цаана олон иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа учир хуулийн төсөл өргөн барихаар боллоо” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ломбардын үйл ажиллагаатай холбоотой түр зохицуулалтын хугацааг байнгын тогтвортой  хууль гарах хүртэл буюу 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл байхаар төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан гэрээнд түр зохицуулалт үйлчилнэ. 

Хуулийн зохицуулалтад ШӨХТГ хяналт тавина. Хэрэглэгчийн эрх зөрчигдвөл албадан биелүүлэх арга хэмжээ авна. Ломбардын асуудал зохицуулалтгүй байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос хэлсэн” гэлээ. 


Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Ковид19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Коронавируст цар тахлын нөлөөллөөс Барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт  зогсож, цалин, орлого тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байна. Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2-т “тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасны дагуу одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон зээлийн гэрээний харилцааг зөвхөн Иргэний хуулийн 286 дугаар зүйл, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор баталсан  MNS 5274:2017 ”Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага” стандартын хүрээнд зохицуулж байгаагаас бусад тохиолдолд төрийн захиргааны аль ч байгууллагын хяналт-зохицуулалтад хамаарахгүй байна.

Дээрх байдлаар төрийн хяналт-зохицуулалтад нэгдсэн байдлаар хамаардаггүйгээс шалтгаалж барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон барьцаа хөрөнгийн үнэлгээ, худалдан борлуулах харилцаанд баримтлах журам, зохицуулалт байхгүй, барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээлийн үндсэн төлбөр, хүү бодох аргачлал нэгдсэн биш, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн хэрэглэж байгаа эсэх нь тодорхой бус байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсон учир уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар боловсруулжээ. 

Тус хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгажээ. 

  • -Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиар тооцох;
  • -Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;
  • -Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;
  • -Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • -Барьцаалан зээлдүүлэх газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тусгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг ерөнхий консулаар томилжээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ. Тод

2024-11-27

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25