Б.Ганхөлөг: Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна

2020-01-22 1885 1

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч оны тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордонд амиа алдсан. Энэ хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд хуульч н.Батхуяг, талийгаачийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцов.

Хуульч н.Батхуяг:

-“Энэ хэрэгт шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй байнгын шинжээчдийн дүгнэлт гарсан. Нэлээн олон хуудас дүгнэлт байгаагаас анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хэлье. 

Нэгдүгээрт, баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн. Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь  ихэвчлэн боолтын улмаас үүсдэг. Шүүх шинжилгээний дүгнэлтийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр “өвчний улмаас ухаан алдсан, цус харвасан” гэх мэдээлэл гарсан ч уг дүгнэлтээр гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэж гарсан.

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдээс полиграфын тест авсан байдаг. Энэ бол үнэн, худлыг шалгах багаж. Полиграфийн тестээр “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэдэг дүгнэлт гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн ашиглаж байсан гар утсыг хурааж авсан. Үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлж өгсөн. Гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс гарсан фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, мэдээллийг сэргээх боломжгүй байна.

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. “Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа” гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг илгээсэн хүнийг олж тогтоосон. Гэвч тэр хүн одоо “мэдэхгүй, хараагүй” гэж хэлээд, өөр хэрэгт шалгагдаад явж байна. Энэ ч бас эргэлзээтэй асуудал.

Шүүх эмнэлэгтэй холбоотой өөр бусад асуудлууд ч бий. Задлангийн өмнө рентгэн зураг авахуулъя гэсэн гэр бүлийнхнийх нь саналыг хүлээж аваагүй. Онош дутуу, шинжилгээ дутуу хийсэн зүйлс тогтоогдсон. Дүгнэлттэй танилцахад л тийм байна.

Гар утасны хувьд цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээнд өгч, тогтоох ёстой. Гэтэл түүнээс нь өмнө дотор нь юу байна вэ гэдгийг тогтоох шинжээч томилсон. Иймэрхүү зөрчилтэй, эргэлзээ бүхий байдлууд байна” гэв.

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг:

-“2019 оны тавдугаар сарын 17 бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл, сав саруул аав маань өглөө ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн тусгай объект, төрийн тусгай хамгаалалттай ордонд албан үүргээ гүйцэтгэж байгаад эргэж гарч ирээгүй, амиа алдсан. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна.

Бид ямар нийгэмд амьдраад байна вэ? Цаашдаа яаж амьдрах вэ? Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан хүн Төрийн ордонд амиа алдаад найман сар өнгөрч байхад хэргийн талаар ямар ч шийдэл гарсангүй. Жирийн ард иргэдэд ийм зүйл тохиолдвол яах вэ гэдэг ой тойнд ч буухгүй байна.

Өнгөрсөн найман сар бид маш тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд хүнд цаг хугацаа өнгөрч байна. Эмээ, өвөө, ээж маань байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд хүнд байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01

Засгийн газрын 100 хоногийг угтан Ерөнхий сайд албан даалгавар гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл

2024-09-11

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03