Жүжигчин А.Туяа: Би найз залуутай, гэхдээ аз жаргалаа чимээгүй эдэл гэдэг үг байдаг шүү дээ

2020-01-21 2822 0

А.Туяа: Би эр хүний тал дээр маш хатуу чанга байр суурьтай хүн

“Single ladies” киногоороо үзэгч, фэнүүдтэйгээ үргэлж хамт байдаг жүжигчин А.Туяатай тус киноны дөрөвдүгээр ангийн тухай болон амьдралд баримталдаг зарчмынх нь талаар ярилцлаа. 

-“Single ladies-4” уран бүтээл ирэх сарын 2-нд нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн анги нь түүхэн сэдэвтэй байна гэж дууллаа. Киноны талаар яриагаа эхлүүлье?

-“Single ladies-4” буюу “Эхлэл ба Төгсгөл” шинэ уран бүтээл маань нээлтээ хийж, үзэгчидтэй уулзахад бэлэн болж байгаа. Түүхэн сэдэвтэй уг бүтээлийн зураг авалт таван сарын турш үргэлжилж, 300 гаруй хүний хүч хөдөлмөр шингэж бүтсэн гэдгээрээ бусад ангиудаас онцлог. 2013 оноос өнөөг хүртэл долоон жилийн турш бид үзэгчидтэйгээ хамт байжээ. Биднийг үздэг хүмүүстээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Удахгүй “Эхлэл ба Төгсгөл” буюу дөрөвдүгээр ангиар уулзацгаая. Та нарт таалагдана гэдэгт итгэж, найдаж байна.

-Энэ удаагийн ангид Та ямар дүр бүтээсэн бэ, зах зухаас нь сонирхуулж болох уу?

-Миний хувьд урьд урьдынхаас арай өөр дүр дээр ажилласан байгаа. Та бүхэн үзээд дор бүрнээ нэг сэтгэгдэл төрөх болов уу. Үндсэн гурван жүжигчин хэвээр байгаа. Гэхдээ шинэ уран бүтээлчид дөрөвдүгээр анги дээр нэмэгдсэн. Ер нь, анги бүрт продюсер маань шинэ залуу уран бүтээлчдийг оруулж ирдэг. Тэр жишгээр бас нэг сайхан залуу, сайхан бүсгүйн шинэ дүр нэмэгдсэн байгаа.

-Төгсгөлийн анги уу, эсвэл ахиад тавдугаар анги гарах уу. Энэ анги ямар мессежийг олонд хүргэх вэ?

-Хүн бүр өөрийнхөөрөө ойлгоно байх. Дахиж гарахгүй байх гэж хувьдаа бодож байна. Гэхдээ аливаа юмыг урьдаас тааварлашгүй шүү дээ. Киног үзээд хүн бүр өөрийнхөөрөө хүлээж авах байх. Миний хувьд, хүний амьдралд хувь заяа гэж байдаг эсэх, эмэгтэй хүний зураг төөрөг гэж юу болох, хайр дурлалын талаарх мессежийг хүргэх юм. Зарим хүмүүс хэрэлдэж байгаад суучихдаг бол зарим нь хайртай дуртай, чамгүй бол үхнэ, хатна гэж байснаа салчихдаг шүү дээ. Энэ бүхнийг шигтгэж, харуулахыг хичээсэн уран бүтээл болсон доо.

-Өнгөрсөн он Таны хувьд уран бүтээлийн олз омог дүүрэн байв уу?

-Уран бүтээлийн хувьд өгөөжтэй сайхан жил улиран одлоо. Би дөрвөн жил завсарласны эцэст тайзан дээр эргэн гарсан. “Мөрөөдлийн театр”-ын хамт олны тавьсан “Дундын бүсгүй” шоу драмын хоёр жүжгийн гол дүрд тоглолоо. Энэхүү жүжиг маань бүтэн жил дамнан тоглогдож, Монголоо тойроод зогсохгүй БНСУ-ын 11 хотод олны хүртээл болсон. Манай үзэгчид, ялангуяа залуучууд ийм төрлийн драмыг сайхан ойлгож, хүлээн авдаг болсон байна лээ. Дэлгэцийн уран бүтээлийн тухайд, шинэ жил, цагаан сар, наадмын контентуудад оролцсон. Дээрээс нь хоёр кинонд туслах дүр бүтээсэн гэх мэтчилэн тоочвол олон байна. Миний хувьд, аливаа уран бүтээлд оролцохдоо цензур заадаг. Би олны танил гээд бүх газар яваад байхыг хүсдэггүй. Өөрт маань таалагдсан бүтээл байвал шууд л ордог, харин ормооргүй санагдвал юу ч амласан тоглодоггүй, тийм эрс өөрийнхөөрөө зантай.

-Тэгвэл гуйж тоглосон уран бүтээл байна уу?

-Ёстой бардам хэлье, гуйж орж байсан бүтээл байхгүй шүү. Би чинь киноны пробонд ч орж үзээгүй, тийм нэг хүн шүү дээ. (Инээв)

-2020 оны төлөвлөгөө юу байна. Ямар уран бүтээлийн саналууд ирж байна?

-Одоогоор гурван уран бүтээлийн санал ирсэн. Киноных биш. Өөрийгөө өөр зүйлд туршиж үзэх сонирхол бас байгаа. Тэр нь одоогоор нууц. Бизнес энэ тэр бол биш ээ. Гэхдээ би боддог юм, хүн бүрт гарамгай хийж чаддаг зүйл гэж бий. Бизнес хийх, мөнгөө хэрхэн өсгөх вэ гэдэг тал дээр нуулгүй хэлэхэд маруухан хүн дээ. Гэхдээ санхүүгээ удирдаж сурч байгаа. (Инээв)

-Та Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн. Хүн бүр л Таны хувийн амьдралын тухай сонирхдог. Хуримаа хийж, хүүхэдтэй болох төлөвлөгөө байна уу, заавал хариулах албагүй шүү, уучлаарай?

-Тэгвэл хариулмааргүй байна. Хувийн асуудлаа хувьдаа үлдээе тэгэх үү. Мэдээж найз залуутай. Аз жаргалаа чимээгүй эдэл гэдэг үг байдаг шүү дээ. Энэ үгэнд би итгэдэг болсон. Бүх зүйлээ дэлгэх нь буруу юм шиг санагддаг. Хүн жаргасан ч, зовсон ч өөрөө л тэр бүхнийг даван туулах хэрэгтэй гэдэг шинэ дүрэмтэй болсон.

-Тэгэхээр найз залуугаа булаалгаж хаширсан байх нь ээ?

-Найз залуугаа булаалгах нь ч хаашаа юм. Тиймэрхүү халдлагад олон өртөж байсан. Гэхдээ энэ бол хүний амьдралд байдаг л зүйл. Нэг их байдаггүй юм яриад байгаа юм биш шүү дээ. Сургамж авсан л гэсэн үг. Ер нь, хүүхэдтэй болсон ч би та нарт хэлэхгүй. Намайг хүүхэдтэй, эсвэл хүүхэдгүй гэдгийг хэн ч сайн мэдэхгүй шүү дээ…(Инээв)

-Хүн өөрөө өөрийгөө олно гэж байдаг. Тэр болтлоо элдэв янзын дүрд хувирч явдаг. Таны хувьд өөрийгөө олсон уу?

-Би өөрчлөгдөж байдаг ч жанжин шугамаа алдахгүй байхыг хичээдэг. Миний баримталдаг гол зарчим бол өрөөлд гай, түвэг удахгүй амьдрах. Тухайн хүн мянган буруу зүйл надад хийсэн ч түүнийг ойшоолгүй, зөвхөн урагш хараад явах юм. Манай аав “Хүнд гай бололгүй амьдрах хэрэгтэй” гэж зааж сургадаг. Ийм л хүмүүжлийг миний эцэг, эх надад суулгасан учраас өнөөдрийг хүртэл энэ шугамаа барьсаар ирсэн. Өнөө цагийн залуучууд ч гэсэн маш соёлтой, боловсролтой, ёс суртахуунтай, сэтгэлгээний хувьд баян болсон шиг санагддаг шүү.

-Танайхан дунд урлагийн хүн байдаг уу. Хэдүүлээ билээ, Та?

-Манайд урлагийн чиглэлийн ганц ч хүн байхгүй. Аав маань геологич, өрмийн мастер хүн. Ээж биофизикч, нягтлан бодогч хүн. Хоёр охин, хоёр хүү гээд дөрвүүлээ. Манай эгч барилгын инженер, дүү маань хуульч мэргэжилтэй. Бага дүү геологичоор удахгүй сургуулиа төгсөнө. Би тоон дотор үсэг цохино гэдэг шиг л юм болдог. Ерөөс багын л өөрийнхөө дураар шийдвэр гаргадаг хүүхэд байсан. Тиймдээ ч манай ээж нэг удаа нэвтрүүлэгт орж байхдаа “Энэ Туяа багын л өөрийнхөөрөө хүүхэд байсан. Жүжигчин болно гээд л шалгалт өгөөд тэнцсэн” гэж ярьсан. Уг нь эмч болгоно гэж гэрийнхэн зорьж байтал би жүжигчин болно гэж зүтгээд, одоо ингээд сууж байна.

-Танд өнгөрсөнд ийм зүйл хийхгүй яав даа гэж харамсч явдаг зүйл бий юү?

-Байлгүй яах вэ. Хэл сурч байхгүй яав даа гэж маш их харамсдаг. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн дургүй, сонирхолгүй зүйлдээ хөдөлдөггүй гэмтэй. Харин дуртай юмандаа өвдөж байсан ч гүйгээд оччихдог. Энэ муу зангаа засна гэж боддог. Мэдлэг боловсрол чухал хэдий ч үүнээс илүүтэй суурь хүмүүжил, мэдрэмжтэй байх нь надад тун чухал юм шиг санагддаг.

-Хувцаслалтын тухай яриагаа үргэлжлүүлье. Таныг хэт задгай хувцасладаг гэж шүүмжилдэг?

-Жаахан энгэр задгай хувцас өмсөхөд л манайхан “Энэ явдал, суудалтай хүүхэн” гэж цоллодог. Тухайн хүнтэй таван үг сольж үзээгүй мөртлөө шуудхан л өнгөц үзэмжээр нь хүнийг дүгнэх нь өрөөсгөл баймаар. Хүмүүсийн дүгнэдэг шиг явдал суудалтай хүүхэн мөн юм бол ядахдаа л добри хувцаслаад, нүдний шил зүүгээд, уран цэцэн үг холбоод, цээжилсэн хэдэн үгээ давтаж яриад явах ёстой биз дээ. Би өөрөө өөрийнхөө гоо үзэсгэлэнг харж, зөвхөн өөртөө таалагдсан хувцсаа өмсөөд явж яагаад болохгүй гэж. Би эмэгтэй хүн, залуу хүн. Магадгүй 40, 50 нас гарчхаад задгай хувцаслаад яваад байвал зохимжгүй байж таарна. Гэтэл ид залуу насандаа, хамгийн гол нь үүндээ дуртай, сэтгэл ханамжтай, хэн нэгэнд таалагдахын тулд хувцаслаагүй байхад яагаад хүмүүс намайг шүүж байна вэ. Өөрийнхөө биен дээр дуртай хувцсаа өмсөөд явж байхад явдал суудалтай, мөнгө төгрөг хэрэгтэй, унтаж хэвтье гэсэн бодлоор ханддаг гэж намайг яллаж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, энэ бол маш өрөвдөлтэй бодол. Миний ойр тойрныхон бол миний хандлагыг, намайг хэн бэ гэдгийг маш сайн мэддэг. Анх уулзсан хүмүүс хүртэл “Чамайг аальгүй хүүхэн юм байх гэж бодож байтал эсрэгээрээ мужик зантай юм аа” гэж хүртэл хэлдэг. Би эр хүний тал дээр маш хатуу чанга байр суурьтай. Тэгэхээр юм бүхэн харагддаг шигээ байдаггүй гэдгийг хэлмээр байна.

-Энгэр задгай хувцаслахаар зарим эрчүүд гөлөрчихдөг. Танд энэ нь төвөгтэй санагддаг уу?

-Чи эмэгтэй хүн. Бид эрчүүдээс ялгаатай. Сайхан бүсгүй хажуугаар зөрөхөд эр, эмгүй л эргэж хардаг шүү дээ. Гоо үзэсгэлэнг чинь биширч харж байгаа болохоос биш, үүнд нь хүрчих юм сан гэсэн гаж бодолтой нь цөөн байдаг болов уу. Гэхдээ тийм балиар зүйл битгий бод л доо. Эмэгтэй хүн хаана ч явсан гоё сайхнаа мэдрэх, хүмүүсийн нүдэнд өртөх гээд нэг тийм эмэгтэй хүний байгалиас заяасан өгөгдөлтэй төрсөн байдаг. Харин үүнийгээ гээчхээд, яаж сэргээхээ мэдэхгүй, хөрчихсөн, хөлдчихсөн яваа бол маш буруу, хурдан эерэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Эмэгтэй хүн аль ч талаараа хүмүүсийн хараанд өртсөн гоо үзэсгэлэнтэй байдаг. Аль ч талаараа гэдэг нь, та сайхан инээмсэглэдэг байж бол, сайхан үстэй байх гэх мэт гоо үзэсгэлэн, давуу байдлаа хэзээ ч, яагаад ч алдаж болохгүй, үргэлж тордож сэргээж явах ёстой. Энэ мэт эмэгтэй хүнд байгалиас заяасан уян налархай ааш аяг, өгөгдөл чинь үгүй болчихвол эр хүнээс ялгарахгүй болно гэсэн үг.

-Та биеийнхээ аль хэсэгт хамгийн дуртай вэ. Мөн мэс хүргэж байсан уу?

-Хөлөндөө маш их дуртай. Тийм том мэс заслын хэмжээний зүйл хийлгээгүй.

-Танд улстөрчид болон бизнесийн хүрээний хүмүүсээс ёс бус хандлага гаргаж байсан уу?

-Айхтар түвшинд бол үгүй. Янз бүрийн санал ирж л байсан, нуугаад байх юм байхгүй. Гэхдээ доош нь хийж, доромжилсон хэмжээнд биш. Нэг тиймэрхүү хандлага байна аа байна. Сүүлийн үед нэг зүйл анзаарагдсан. Тэр нь манай охид, бүсгүйчүүд хэт үнэ цэнгүй болоод байх шиг. Тиймээс зарим бүсгүйчүүдийг адилхан гэж хардаг байх л даа.

-Төгсгөлд нь, таныг гаднын орнуудаар аялж явахад гадаад хүмүүс хэр их ширтдэг вэ?

-Аялах дуртай болоод байгаа. Би онгоцонд амарч чаддаггүй юм. Гэсэн ч залуу хүнийхээ хувьд шинэ содон газар очиж, шинэ мэдрэмж авах дуртай. Заримдаа эх оронтойгоо харьцуулаад “Бид хаана явна вэ” гэж боддог. Гаднын орноор явж байхад намайг монгол хүн гэж хардаггүй. Тува, Казах л гэж боддог. Миний очсон газар бүрт хүмүүс их, бага хэмжээгээр харж, ширтэж байгаа нь өөрт мэдрэгддэг. Гэтэл Японд эсрэгээрээ байсан. Маш их гайхаад, ямар сонин газар вэ гэж бодоод найзуудаасаа асуутал Японы хуульд эмэгтэй хүнийг удаан ширтэж болохгүй гэж заасан байдаг гэж хэлснээр учрыг нь олсон доо. (Инээв)

-Ярилцсанд баярлалаа.

“Ардчилал таймс” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

МҮОНТ-ээр гарч буй “Бурхан багш” олон ангит уран сайхны кино хэдийн үзэгчдийг байлдан дагуулаад

2024-11-29

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25