Б.Жаргал: 10 гаруй цаг агаар нэвтрэхгүй хувцастай байх амаргүй ч бид ажлаа л хийж яваа хүмүүс

2020-03-19 32063 22

Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх оронд нь авчрах ажиллагаа үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар 1000 гаруй иргэн эх нутагтаа ирээд байна. Хамгийн сүүлд буюу 03 сарын 19-ний Стамбул-Улаанбаатарын нислэгээр 252 иргэн ирлээ. БНТУ-аас иргэдээ авах ажиллагаанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон ХӨСҮТ-ийн эмч оролцсон юм. Өдгөө тэд журмын дагуу тусгаарлагдаад байна. Бид Туркээс иргэдээ авах ажиллагаанд оролцоод ирсэн Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргалтай утсаар холбогдож нөхцөл байдал ямар байсан талаар тодрууллаа.

-Өдрийн мэнд. Сайн явж ирэв үү та?

-Өдрийн мэнд. МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр улсын байцаагч Б.Баярсүрэн бид хоёр ХӨСҮТ-ийн эмч М.Ууганчимэгийн хамт явж үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгээд ирлээ. 

-Гадаадад байгаа иргэдээ авах нислэгийн хоёрт нь мэргэжлийн хяналтын байцаагчид оролцлоо. Яг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-ХӨСҮТ-ийн эмч, манай байцаагч бид гурав Улаанбаатараас Стамбул руу зорчигчоор явсан. Энгийн зорчигч гадны оронд очихдоо хяналтын цэгээр штамп даруулж гарах гээд ямар шат дамжлага дамждаг вэ, яг тэр журмаар гарсан. Түүний дараа онгоцондоо буцаж ирээд хамгаалах хувцсаа өмсөн зорчигчдоо авч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гадны оронд байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчрах шийдвэр гаргасанд маш их баярласнаа хэлж байсан. Надад ч гэсэн үнэхээр зөв шийдвэр гэж бодогдсон. Сая л гэхэд  хагалгаанд ороод удаагүй байгаа, жирэмсэн, өндөр настай, нялх хүүхэдтэй хүмүүс л ирсэн. Анх тэднээс бага зэргийн түгшүүр ажиглагдсан ч “Эх орондоо, гэртээ харих гэж байгаа болохоор сэтгэл санаа сайхан байна” гэцгээж байсан.  

-Цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тархаахгүй байхын тулд чиг үүргийн байгууллагын алба хаагчид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Тэр дундаа мэргэжлийн хяналтын байцаагчид хамгийн түрүүнд эрсдэлтэй нүүр тулдаг. Таны ажил хэрхэн эхэлж бас дуусав, энэ захиалгат нислэгийн үеэр?

-Стамбул-Улаанбаатарын нислэг нэг талдаа найман цагийн нислэг байсан. Онгоцны хүзүүвч буюу В-14 гарц дээрээс зорчигчдын халууныг нэг бүрчлэн үзэж тэмдэглэн нэвтрүүлэхээс ажил маань эхэлсэн. Мөн онгоцны үйлчлэгчид зорчигчдын амны хаалтыг солиулж, гарыг халдваргүйжүүлэн оруулсан. Зорчигчдыг суудлаа эзэлсний дараа коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх болон эрүүл мэндийн хяналтын хуудсыг хэрхэн бөглөх тухай зөвлөмжийг асуумжийн /эрүүл мэндийн хяналтын хуудас/ хамт тарааж өгсөн. Зөвхөн зөвлөмж, эрүүл мэндийн хяналтын хуудсаа тараахад бараг цаг гаруйн хугацаа өнгөрсөн. Хоёулаа зэрэг явахад л. 

Зорчигчдод зөвлөгөө өгч бас асуултад нь хариулахаар цаг их орж байгаа юм. Дараа нь эрүүл мэндийн хяналтын хуудсаа хурааж аваад тандалт хийх, зорчигчдын биеийн халууныг хэмжихэд лав л дөрвөн цаг гаруйн хугацаа зарцуулсан. Суудлын дугаарыг нь нэг бүрчлэн тулгана, хэрэв сольсон бол хэн ямар суудалд суув гээд бүгдийг нягтална. Эрүүл мэндийн хуудас дээр бичсэн болон зорчигчдын халууныг үзсэн тэмдэглэлд үндэслэн эрүүл мэндийн байдлаар нь эрэмбэлнэ. Ер нь л бараг онгоц Улаанбаатарт газардахтай зэрэгцээд л ажлаа дууссан. Олон цагийн нислэг байсан тулдаа л бид хоёр амжсан. Ирээд эрэмбэлснийхээ дагуу 20 гаруй хүнийг ХӨСҮТ-д, үлдсэн хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлсэн.

-Иргэд та бүхний тавьсан шаардлагыг хэр хүлээж авч байна. Харилцахад хүндрэл бэрхшээл гарах юм уу?

-Иргэд бидний тавьсан шаардлагыг маш сайн хүлээж авсан. Тэр нь их урам зориг өгсөн. Зарим нэг хүүхэд амны хаалтаа зүүж чадахгүй, авч хаях гээд байсныг эс тооцвол зорчигчдын зүгээс ямар нэг асуудал гараагүй. Эх орондоо ирж байгаадаа л тэд их баяртай байсан. 

-Олон цагийн турш агаар нэвтрэхгүй битүү хувцастай байх мэдээж амаргүй байсан байх?

-Урьд нь H1N1 вирусийн халдварын үед тусгаарлах өрөөнд хувийн хамгаалах хэрэгслээ өмсөөд арав орчим цаг ажиллах үе тохиолдож байсан л даа. Тэгэхээр амьсгаа давчдах, хөлрөх бол энүүхэнд. Маш их хөлөрдөг. Гэхдээ агаарын хөлөгт ийм хувцастай байх, нааш цааш байнга хөдөлгөөнд орших өөр юм байна лээ. Хамгийн сүүлийн тав зургаан эгнээг шалгах үед толгой эргээд их эвгүй байсан. Бас шил цантаад эрүүл мэндийн хяналтын хуудсаа хянаж эрэмбэлэхэд жаахан хүндрэлтэй байсан. Зорчигчдын асуултад хариулж, нэг бүрчлэн эрүүл мэндийн хуудсаа бөглөх зааварчилгаа өгөхөөр ам их хатсан. /Инээв/ Гэхдээ бид ажлаа л хийж байгаа хүмүүс шүү дээ.

Энэ дашрамд УОК, ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, цагдаа, хил хамгаалах, гааль гээд хамтран ажиллаж байгаа бүх байгууллагынхаа албан хаагчдад иргэнийхээ хувиар талархал илэрхийлж, амжилт хүсье. Тэр тусмаа мэргэжлийн хяналтынхандаа амжилт хүсэж, бид хамтдаа бүхнийг даван туулж чадна аа гэж хэлмээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Вьетнам улсаас 14 дүгээр сургуульд 50 мянган доллар хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд найрамдах социалист Вьетнам улсын

2024-10-01

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01