Баярлалаа, мэргэжлийн хяналтынханд…

2020-03-09 37645 45

Дэлхийг түгшээж буй коронавирусийн халдвараас эх орноо хамгаалах гэж төрийн албан хаагчид нойр, хоолгүй зүтгэж байна. Халуун цэгт ажиллаж буй тэдэндээ ард түмэн дулаан сэтгэлээ харамгүй дэлгэж, талархлаа илэрхийлэн, энд тэндгүй хандивын аян өрнүүлээд, Монголчууд нэгдэж нийлж чаддаг, хариуцлагатай байж ч дөнгөдгөө харуулсан, өгөөмөр тусч зангаа гээгээгүйг баталсан сайхан өдрүүд өнгөрч байна. Энх цагийн цусгүй дайнд эх орноо хамгаалан зогсож буй баатрууд эрүүл мэнд, онцгой байдлын албаныханд маань ард олны чин сэтгэлийн талархал юу юунаас илүү урам дэм, шагнал болж буй нь дамжиггүй. Сайхан байна аа.

Гэвч, энд илүү үглэхгүй байхын аргагүй нэг өрөөсгөл хандлага цухалзаад байх шиг. Аюулт вирусээс ард иргэдээ хамгаалах галын шугамын тэргүүн эгнээнд эрүүл мэнд, онцгойгийнхонтой мөр зэрэгцэн тулалдаж яваа, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тусгай горимоор ажиллаж буй үүрэг хүлээсэн албан хаагчид бол мэргэжлийн хяналтынхан. Бүр товойлгож хэлбэл, өвчлөл дэгдсэн голомтот улс орнуудаас ирж буй иргэдтэй хамгийн түрүүнд нүүр тулж, халуурсан, ханиасан, хоолой нь өвдсөн хүмүүсээс Монголын талаас анхны асуумжийг авдаг хүмүүс нь мэргэжлийн хяналтынхан юм билээ. Халдвар тархаж эхэлснээс хойш буюу 01 сарын 06-ны өдрөөс 03 сарын 03-ыг хүртэл 32280 тээврийн хэрэгсэл, 142622 зорчигч хилээр нэвтрэхэд  коронавируст халдварын 531 тохиолдлыг /124 сэжигтэй болон 407 ажиглалтад авсан /илрүүлж, ХӨСҮТ болон бусад Эрүүл мэндийн байгууллага, сувилалд шилжүүлсэн хэмээн тус байгууллагын ажилтан ЭМЯ-ны мэдээллийн цагийн үеэр хэлж байна лээ. Эндээс тэдний үүрэг, оролцоо бага болов ч тодорхой болох болов уу.

Ингэхдээ тэд бусдын л адил онцгой нөхцөлд, уртасгасан цагаар, унтах нойр, эдлэх амралтаа хугаслан, халдвартай хүнтэй нүүр туллаа гэхэд аюулгүй байдал нь бүрэн баталгаагүй нөхцөлд ажиллаж байгаа. Тэдний хийх л ёстой ажил, хүлээсэн үүрэг нь энэ. Тийм ч учраас тэд гомдоллож, гоншигнож, зовлон, жаргалаа олон нийтэд тайлагнаад байдаггүй. Тэр хэрээрээ юу хийж, яаж ажилладгийг нь олон нийт төдийлөн ойлгодоггүй шиг санагддаг. Тэгээд л хүмүүс баяр, талархлын үг хэлэхдээ мэргэжлийн хяналтынхныг мартаж орхидог, хандив бэлэг хүргэхдээ ч тэднийг жагсаалтаас хасчихдаг болов уу.

Ингэхэд, мэргэжлийн хяналтынханд хүмүүс тэгтлээ элгэмсэж дотносоод байдаггүй шалтгаан нь юу юм бол. Тэд хянах, шалгах үүрэгтэй, ихэнхдээ зөрчил дутагдал илрүүлэх ажилтай. Өнөөдрийн мөрдөж буй хуулиар Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлэх ганц байгууллага нь эднийх учраас өөр аргагүй.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагын Шилэн хяналтын цахим системд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нийт 183318 шалгуулагч этгээд буюу 151013 аж ахуйн нэгж, байгууллага, 32305 иргэний 218598 обьект бүртгэлтэй байна. Энэ олон шалгуулагч этгээдэд мэргэжлийн хяналтын системийн 1400 орчим байцаагч 24 чиглэлээр хяналт тавьдаг. Ганцхан жишээ хэлэхэд өргөх механизмын гуравхан байцаагч 6500 орчим объектод хяналт тавьдаг аж. Таны, миний амьдардаг ажилладаг байрны цахилгаан шат буюу лифтэнд гэсэн үг л дээ. Улаанбаатар хотод 6000, орон нутагт 500 орчим өргүүр байдаг гэх юм билээ. Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт тавих ёстой 77079 обьект /2019 оны сүүлийн тооллогоор/ байхад орон нутагт 60 орчим, Улаанбаатарт 60 орчим байцаагч ажиллах жишээтэй. 

Өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт, иргэд, аж ахуйн нэгж бүхэнд энэ байгууллагын үйл ажиллагаа хүртээлтэй. Ихэнхдээ алдаа дутагдлыг нь илчилж, хариуцлага үүрүүлнэ. Гэтэл хүн гэдэг амьтан байгалиасаа алдаа дутагдлаа илчлүүлэх, хянуулж шалгуулах, шийтгүүлэх дургүй. Мэргэжлийн хяналтын байгууллагад хүмүүс дуртай бус байдгийн хамгийн том шалтгаан нь энэ болов уу.

Хүмүүс өөрсдөө хянуулж шалгуулах дургүй хэрнээ бусдыг хянуулж шалгуулах үнэхээр дуртай. Тийм ч болохоор мэргэжлийн хяналтынханд оролцохгүй юм үгүй. Бид баяр ёслол, өдөр тутмын хоол хүнс базаахдаа “Мах, гурил, будаа…” л гээд байхаас давсыг чухалчилж үзэх нь үгүй. Тэгсэн хэрнээ хоол хийх болоход давсгүйгээр амт шимт нь тохирох зүйл нэгээхэн ч байхгүй. “Салат амтгүй байна, давс хаана байна, хоол амтгүй байна, давс хаана байна, цай амтгүй байна, давс хаана байна” гэцгээнэ. Мэргэжлийн хяналтын байгууллага яг давс шиг. Болохгүй, бүтэхгүй бүхэнд мэргэжлийн хяналтынхныг хайна. Ус алдах, жорлон халих, хоолны хордлого тусах, худалдагч чихрээ дутуу жинлэх, хүүхдийн тоглоом эвдрэхэд ч мэргэжлийн хяналтынхны чих хангинана. Чих хангинаад зогсохгүй, тэр бүхэнд нь хүрэлцэж ажиллана. Тэд наадмаар хуушуураа ямар тосонд хайрч байна гээд л Төв цэнгэлдэх тойроод явж байдаг, Хүй долоон худагт бие засах газар байна уу, үгүй юү гэдэгт ч бас хуруу, хошуу дүрчихдэг, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбайд болж буй олон нийтийг хамарсан арга хэмжээнд ч мэргэжлийн хяналтынхан олон нийтийн амар амгалан, цэвэр, аюулгүй, ая тухтай байлгах орчин нөхцөл бүрдэж үү, аюулгүй байдалд нөлөөлөх зүйл байна уу хэмээн хянаж, шалгаж явдаг.

Шинэ жил, Цагаан сараар ч ялгаагүй, хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хийх вий, хоол, салатандаа хордох вий, боов боорцог нь хүнд хор биш хоол болохоор, ядаж л асуудал гарлаа гэхэд буух эзэн, буцах хаягтай байгаасай гэж санаа тавьдаг хүмүүс мэргэжлийн хяналтынхан.

Мэргэжлийн хяналтынхныг дуудахгүй, оролцуулахгүй зүйл ховор. Хамгийн ойрын жишээ гэхэд л, энэ өвөл нийслэлд түүхий нүүрс түлүүлэхгүй гэхэд мэргэжлийн хяналтынхан л айл айлын хашаагаар өнгийж, яндангаар гарах утааг нь харж явлаа.

Гэр хорооллын хэдэн зуун мянган янданг хянахад хүн хүч хүрэхгүй учраас хэвлэлийн ажилтан, тамгын газрын албан хаагчдаа хүртэл эргүүлд гаргаж, өдөржин сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдэд ажиллуулсан гэнэ билээ. Нийслэл шингэн утаатай өвөлжиж, гэр хорооллынхон шахмал түлшээ түлж сурлаа. Үүнд мэргэжлийн хяналтынхны оруулсан хувь нэмэр багагүй.

Сая коронавирусийн халдварын үеэр гудамжинд шүлсээ хаясан хүнийг олж илрүүлэх ажилд мөн л мэргэжлийн хяналтынхан дайчлагдсан. Ийм л өргөн хүртээлтэй, сүүлдээ ажилгүй бэрийн бууз түүхийрч, анхиагүй хүргэний дугуй хагарсан ч буруудах шахдаг газар бол мэргэжлийн хяналтын байгууллага. Тэгсэн хэрнээ сайнаасаа саарыг сонсох нь олон. Учир нь тэд хянадаг, шалгадаг, зөрчил дутагдлыг нь илрүүлдэг, торгодог. Олон нийт тэднийг ямар аюулыг зайлуулж буйг нь анзаарахаас илүү хурааж, устгадаг, торгодог, хатуу хүмүүс л гэж харах нь олон.

Гэвч мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг бидэнтэй л адилхан хүн, тэд бусадтай л адилхан баярлаж, гомддог, бас урамшин хөөрдөг гэдгийг санаж, улс орон, ард иргэдийнхээ өмнө үүрэг хүлээгээд, зэрэгцэн зүтгэж буй адилхан албан хаагчдаас нэгийг нь ялгаж, шоовдор хүүхэд шиг үлдээлгүй, бүгдэд нь талархлын үгээ хаяглахад юу нь болохгүй гэж. Баярлалаа, мэргэжлийн хяналтынхандаа.

Б.Намсрай “Үндэсний шуудан” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Мэргэжлийн хяналт бүх зүйлийн эхэнд явдаг хэрнээ хаах торгохоор муу нэртэй болдог. Уг нь төрийн өмнөөс төрийн гаргасан хууль стандартыг мөрдүүлэх гэж л яваа юм. Ард иргэд ААНд маргааш учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Тэр ажлаа бодитой үнэлж онцгой шиг улсад байгууллагад, иргэнд ийм хэмжээний хохирол учирхаас сэргийллээ гээд сэрэмжлүүлж мэдээллээд байвал иргэд ойлгож нэр хүнд нь өсөх л юм бгаан. Амжилт хүсье улсын байцаагч нарт.

  • Мэргэжлийн хяналтынхандаа их баярлалаа, төрийн хяналтаа илүү чангатгах хэрэгтэй. Байцаагчдаа чадваржуулж, хараат бус болгох хэрэгтэй. Төрийн хяналт төрийн тусгай алба байх ёстой. 

  • Мэргэжлийн хяналтынхан оролцоогүй тусгай ажиллагаа гэж огт байдаггүй тиймээс Төрийн Тусгай болгох нь зөв шүү дэмжиж байнаа мундаг шүү та нар.

  • Хэдэн ажилгүй намын даалгавараар томилогдсон хов ярьсан дарга нар л гутаагаад байгаа юм даа энэ байгууллагыг 

  • Mergejliin hyanaltinhnii uureg oroltsoo mash ih. Ehnii uzleg shalgaltiig hiine. Etssiin shatand mun l ted dugnelt gargana. Buhniig saintai saartai uurdeg gehed hilsdehgui ee. Tednii mini ersdel buhniig tootson haluun dulaan setgeleer uram hairlaarai. Ta buhendee amjilt.

  • Mergejliin hyanaltinhnii uureg oroltsoo mash ih. Ehnii uzleg shalgaltiig hiine. Etssiin shatand mun l ted dugnelt gargana. Buhniig saintai saartai uurdeg gehed hilsdehgui ee. Tednii mini ersdel buhniig tootson haluun dulaan setgeleer uram hairlaarai. Ta buhendee amjilt.

  • Иргэдийн аюулгүй амьдралын төлөө зүтгэж яваа мэргэжлийн хяналтын хамт олонд эрүүл энх ажлын амжилт хүсье 

  • Төрийн нүд чих, гар хөл болсон Мэргэжлийн хяналтын байгууллагыг зарим нэг албан тушаалтан өөрийнх эрх ашигт нь таалагдахгүй болохоор санаатайгаар нэр хүндийг унагах, хүчгүй болгох аргыг хэрэглэж байна. Байцаагч оймсондоо мөнгө нуусан үйлдлийг зохион байгуулалттайгаар хийж нийгэмд түгээх, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан байцаагчийн эрхийг сулруулах заалт шургуулах, татан буулгах санаа зухалзуулах зэргээр илэрч байна. 

  • Нээрээ тийм шүү цаг наргүй ажиллаж бүх болохгүй бүтэхгүй юманд хамгийн түрүүнд оролцож явдаг танай хамт олонд ажлын амжилт хүсьe 

  • Байгууллага дээр илэрч байгаа зөрчлийг арилгуулахаар их зүтгэж байна даа тэр зөрчлийг арилгачихвал 1-д байгуулагад өөрсдөд нь хэрэгтэй, хуулийн хэрэгжилт сайжирна,  цаандаж үйлчлүүлэгчийн эрх ашиг хамгаалж яваа гэдгийг ойлгохгүй юм даа

  • Үндэсний аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа  мэргэжлийн хяналтынханаа тусгай болгож анхаарч ажиллана гэж бодож бна маш их цаг наргүй ажилладаг  шаардлага өндөртэй хариуцлагатай ажил шүү Салбарыг яаж авч явах ямар түвшинд байлгахыг удирдаж бгаа  хүмүүсээс шалтгаалнадаа 

  • Гаалиас илүү мх байцаагч нартаа цалин, нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй юм бүхний өмнө аюулгүй байдлын төлөө ажиллаж бдаг 

  • Ёстой тийм шүү. Хүмүүс ер нь жийрхдэг талтай. Мэргэжлийн хяналтын хамт олонд баярлалаа. Хүмүүс орхигдуулаад байна.

    • Улс төрчдийн шахааны газар шдээ Хар тамхи мэт гаднаас оруулж тож байгаа бүх зүйл эдгээр хамаатай Хөдөө орон нутгын МХ-хан бол мэргэжлийн бус намд сайн ажилласан хүмүүсийг оруулдаг юмаа Гой минь

  • Хилээр хамгийн түрүүнд орж ирэхэд хуучнаар хорио цээр гэдэг байсан хилийн мэргэжлийн хяналтын байцаагч халуун үздэг багажаа барьцан хар хүйтэнд тосож байгааг хараад мөш өндөр эрсдэлд ажилладаг хүмүүс юм байна гэж бодсон тэнд хан хийтэл бодис дунд цагаан хувцас өмсцөн бээрсэн гартаа цагаан бээлий углаад тэнд зогсож байсан хүмүүс миний бодлоор Хилийн мэргэжлийн хяналтын албыг төрийн тусгай статустай болгох хэрэгтэй өнөөдөр бол хил дээр эрүүл мэнд ар гэрээ хоёр тавин ажиллаж байгааг нь хархад  яах аргагүй нүүрний улаан шугамд ажиллаж байна ,,, Хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нарт ажлын амжилт хүсье ,, 

    • мэргэжлийн хяналтыг анхаарч үздэг нь тун ховор эрүүл ахуын бацаагч нар нь энэ өвчнийг хянахад тэргүүн эгнээнд явж байгаа .энэ талаар эрүүл мэндийн яам нь мэддэг ч үгүй бх

  • Дандаа хийсэн болж авилгал авч баяжсан хүмүүс ганц удаа иймэрхүү юм хийлгүй дээ.Хийхгүй бол цуглуулсан юм нь өөрийх нь ард үлдчихнэшд

  • Үндэсний аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн хяналтын байгууллагынхан тэргүүн эгнээнд ажиллаж байгаа. Цагдаа, онцгой, гааль шиг төрийн тусгай ангилалд  оруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Үнэхээр hoergui setgeleer chin setgeleesee uurgee uhamsarlan ajillaj bgaad talarhal ilerhiilie. Хил дээр хамгийн эн тэргүүнд короновирүстэй тулж ажиллах хүмүүс Хилийн Мэргэжлийн хяналтын албадууд юм. Хил дээр ажилладаг хил, гааль хилийн нэмэгдэл 25% авдаг. Гэтэл ХМА бол цалин нь төрийн захиргааны сүлжээгээр авдаг. Хилийн нэмэгдэл 25%-ийг тэд нарт өгдөггүй шүү.

  • Галын шугамд Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт 3 хамгийн түрүүнд ажилладаг адилханүүрэг гүйцэтгэж байгаа баярлалаа Мэргэжлийн хяналтынхандаа.

  • Ээ хөөрхийдөө авилгал аваад баяжсан гэчихжээ үгүйдээ ганц хоёрхон болохгүй бүтэхгүй хүнээс  болж энэ салбарыг дүгнэж болохгүй шүү бүгд тийм биш үнэхээр мэргэжлийн хяналтын байцаагч нар болохгүй бүтэхгүй бүх л зүйлд оролцож бид бүгдийн эрүүл мэнд сайн сайхны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч яваа олонх нь шүү гэдэгт итгэлтэй явдаг шүү. Та нартаа ажлын  өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе! Өөрсдийгөө эрсдэлээс маш сайн хамгаалаарай

  • Барилгын чанар аюулгүй байдлын талаар хаана хандах вэ?Амьдарч байгаа байрны маань дээвэр,хана үе үе тасхийтэл дуугараад байдаг боллоо.

  • Uneniig helsen hund uher oshootei gdeg dee abilga absan neg hoeroor harluulah amarhan shuu ,harin ni hiigeed uzehed yah boldoo helj baigaa urmiin ugeer solihod yu ni oroithob  dee .MXEG -n hamt olondoo bolon mongoliin bux ard tumendee eldeb yanziin virusgui eruul enh sain saihaniig husei

  • ядахдаа хилийн мэргэжлийн хяналтаа төрийн тусгай алба болгоочээ хил дээрээ ганцаараа тусгай нэмэгдэл байхгүй тэгсэн мөртлөө аудит гээд ямар ч хэрэггүй тусгай статустай газар байхын

  • Hiliin mergejliin hynaltig turiin tusgai bolgomoor ymaa gaaliin baiguullagatai adilhan barag iluu cag hugacaagaar ajilladag shuu dee ersdel ovchintei hamgiin turuund nuur tulj ajilladag humuus shuu

  • Тийм шүү ,, халдварын голомт өнөөдөр 2сар6 сар хүртэл халдвар хамгааллын хувцастай байсаар л байна хүйтэнд нь хөрч халуунд нь халж л явна даа халуун өдөр амны хаалт зүйгээд ажил хийж нэг үзээрэй бид бүтэн 24 цаг битүү хувцастай ажиллаж байгаа шүү ,,,

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03