С.Эрдэнэ Ардчиллын харанга биш, АН-ын “аранга” билээ

2020-12-28 642 0

“АН-ын дарга С.Эрдэнийг “хуучин” тамгатай нь хамт хөөх шаардлагатай бус уу”

Улсын баатар Э.Бат-Үүл одоогоос арван жилийн өмнө, 2010 оны есдүгээр сарын 9-нд хувийн цахим хаягаар минь нэгэн захидал илгээж сонинд нийтлүүлж билээ. “Задлаад” унших эрхийг нь өгсөн болохоор уншаад инээхгүй байж чадаагүй сэн. Тэр нийтлэл нь “Манай Зюганов” гарчигтай, төгсгөлийн өгүүлбэр нь “Эрдэнэ “бага овор”-ын Сталин юм ш дээ!” гэж байгаа юм.

Тухайн үед С.Эрдэнэ “Ардчилсан хүчний холбоо” гэгчийг үүсгэн байгуулалцаж Н.Алтанхуяг даргатай Ардчилсан намыг Төрийн ордонд зохион байгуулсан хурлаараа хуваасан талаар уг нийтлэлд шүүмжилсэн байлаа. Харин С.Эрдэнийг эрхэм Зюгановтой зүйрлэсний тухайд бол ОХУ-ын Коммунист намын дарга Зюганов өөрийнхөө удирддаг намыг “хувьчлаад” авчихсан байдгаараа ижил төстэй гэсэн байдаг.

“Нам нь 1990 оноос хойш Орос оронд болсон бүх сонгуульд ялагдсаар байхад Зюганов гуай юу ч болоогүй мэт царайлан намын дарга хэвээрээ л үлдэнэ. Түүгээр ч барахгүй, намын даргынх нь асуудлыг сөхөж зүрхэлсэн гишүүнийг үг дуугүй хөөн зайлуулна. Сонгуульд ялагдсан намын дарга огцордог гэх ардчилсан нийгмийн улс төрийн ёс зүй Зюганов шиг коммунист хүний моральд дэндүү ахадсан ойлголт.

Америкийн Коммунист намын даргын албыг насаараа хашаад намтайгаа хамт үхсэн Гэсс Холл хэмээгч Зюгановт үлгэр дууриал болохуйц нэгэн хүн байсан. Зюганов одоо түүний араас явж байна. Оросын Коммунист нам бол Зюгановын хувийн өмч. Зюганов өтлөхөд энэ нам доройтож байна. 

Удахгүй Зюганов үхэхэд энэ нам мөхөх биз ээ. Коммунистууд сөнөхөд гарлагагүй нь сайхан даа. Эрдэнэ яг л Зюганов шиг аашилж байна” гэхчлэн бичсэн байв. Нээрээ л УИХ-ын 2020 оны сонгуулиар Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэчнээн факт баримт байвч ялалтаа бататгахын төлөө ганхийх зориг С.Эрдэнэд байсангүй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэн боловч тамгандаа хоргодоод болдоггүй ээ. 

С.Эрдэнэ Баянгол дүүргийг бараг л хувьчлаад авчихсан мэт аягладаг байсан бол одоо Ардчилсан намыг хувийнх мэт харамлаж “Тамгыг нь хүчингүй болгож өгөөч” гээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргаад “салбаганаж” явна. Тэрбээр сонгуулийн дараа Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлагаа хүлээж огцорсноо мэдэгдсэн. 

Гэхдээ Үндсэн дүрмийн хорооноос “Дараагийн АН-ын дарга сонгогдох үед намын даргын тамга, тэмдгээ албан ёсоор шилжүүлж өгснөөр таны эрх, үүрэг дуусгавар болно” гэх тогтоолыг энэ оны долдугаар сарын 3-нд гаргасан. Улс төрийн намын тухай хуулийн 21-т улс төрийн намуудын дотоод хяналтын байгууллагын шийдвэр нь эцсийнх байна гэж заасан байдаг. 

“Тэр эрх баригчидтай биш Ардчлсан намын удирдлагуудтай л тэмцэж явсан”

С.Эрдэнэ Ардчилсан намын даргын албан тушаалыг 2017 оны хоёрдугаар сард хүлээн авсан. Үүнээс хойш “УИХ-д есхөн гишүүнтэй байж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг ялуулсан”, “АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын концесс болоод янз бүрийн хууль бус үйл ажиллагааг нь буруутгаж, тэдгээрийг баримтжуулан улс төрийн идэвхтэй эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд үнэмлэхүй олонх бүрдүүлж байсан 65 гишүүнтэй Засгийн газрыг огцруулж чадсан” гэхчлэн ичгүүр сонжуургүйгээр ярьдаг. 

Ердөө хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намыг байгуулсан таван нам нэгдсэний ойгоор хэвлэлд тэгж ярьсныг нь хараад гайхлаа. Монголын ард түмний нүдэн дээр хэний хүчээр хэнийг огцруулсан тэр түүхэн өдрүүд хөврөөд өнгөрсөн. Түүний дараах хоёр сонгуулийн дараах гутамшигт ялагдлын талаар Ардчилсан намын “Их Дарга” огт дуугарахгүй байгаа юм. Эрх баригч намд бухимдсан бүхэн хамгийн түрүүнд Ардчилсан нам руу хардаг юм. 

Гэтэл ардчиллыг дэмжигчдэд ч, дөрөв дэх засаглалынханд ч хаалгаа нээдэггүй С.Эрдэнэ яах гэж тамга булаалдаад байна вэ? Үнэн хэрэгтээ тэр ардчиллынхны эрх баригчидтай тэмцэл хийж байхад арын эгнээнд л алхаж явдаг. Харин ардчиллынхан Ардчилсан намтай тэмцэл хийхэд л манлайлагчийн дүрээр шүлсээ үсчүүлж явдгийг нь ардчиллыг дэмжигч мянга мянган хүн нотолно. 

Түүний Ардчилсан намыг хагалах, бутаргах, салгах ажлыг гарамгай гүйцэтгэхдээ Д.Дорлигжавтай, М.Энхсайхантай, Да.Ганболдтой, Р.Амаржаргалтай “тэмцэж” гишүүдээс нь хэсэг бусгаар нь тасдан хөөж өрх тусгаарлаж, Ардчилсан намыг хүчгүйдүүлж, коммунист намд ялалтын боломж олгох хорлонт ажиллагааг хийдэг байсан арга одоо ч үргэлжилсээр. С.Эрдэнэ МоАН гэгч нам байгуулж Ардчилсан намтай сонгуульд зэрэгцэн орж Намбарын Энхбаярыг ялуулсан гэж намынхандаа хардагддаг.

Хардах шалтгаан байсан. Энэ нь 2009 оны аравдугаар сард Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150.3-аар иргэн С.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах шийдвэр гаргасан явдал юм. Мартаагүй бол яг Да.Ганболдынх шиг “машин шахсан” гэх мэт хэргээр ял тулгагдаж байсан ч тэр өнөөдөр Да.Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарыг өмөөрч хамгаалах чин сэтгэлгүй билээ. 

Тэгэхээр тухайн үед урвуулах адтайгаараа Н.Энхбаярын авьяас голлон нөлөөлсөн байх магадлалтай байсан бол үүнээс цааших, ялангуяа өнөөгийн нөхцөл байдалд бол С.Эрдэнэ өөрөө урвах авьяастай юм уу гэж харагдах боллоо. УИХ-ын 2020 оны сонгуулиар Ардчилсан намынханд ялах боломж байсан.

Ардын намынхны үй олон гэмт хэргийн баримт бараг “гарт нь” байсаар байтал хуруугаа ч хөдөлгөлгүй ялагдал авчирсан түүнд одоо тамга булаалдах эрх бий гэж үү?Цар тахлын үед цахим хурал хийлээ гэж, Намын их хурлыг Ц.Туваан хийлээ гэж бухимдан “Би Ардчилсан намын албан ёсны дарга хэвээрээ” гэж хашхирч, Ардчилсан намын тамгыг хүчингүй болгож шинээр хийлгэх хүсэлт УБЕГ-т гаргасан ичгэвтэр алхам нь С.Эрдэнийг ямархан ардчилагч болохыг нь харуулж байна. 

С.Эрдэнэ хариуцлага хүлээх үү?

“Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын үйл ажиллагаанд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Нөлөөлж байгаа байх гэж бодож байна” гэсэн тайлбар хийж буй С.Эрдэнэд харин шүүхтэй холбоотой асуудал цөөнгүй бий. Тиймдээ ч “Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх бол сунгаагүй шууд Их хурлаас нэр дэвшүүлнэ гэсэн заалтыг Намын хурлаар хэлэлцсэн мэт эвлүүлэг зураг “нисгэсэн”. Намын зарим гишүүн “Ийм заалтыг Намын их хурлаар яриагүй” гэж батлан хэлдэг. 

Энэ ямар гээчийн будилаан хутгав? Хэн “хутгуулав”? Энэ оны хоёрдугаар сард НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг АТГ-аас баривчилсан. Түүнийг Капитал банканд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн 200 гаруй тэрбум төгрөгийг байршуулсан хэрэгт холбогдуулан баривчилсан боловч буруутан нь тодорхой л байсан шүү дээ. Капитал банкан дахь Нийгмийн даатгалын сангийн мөнгө гуравхан жилийн дотор 31 тэрбумаас 238 тэрбум төгрөг болтлоо өссөн. 

Байршуулсан эзэн нь тэр үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, салбарын сайдаар нь ажиллаж байсан С.Эрдэнэ шүү дээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 дугаар тогтоолоор баталсан. Үүнд “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг үндэслэн НДС-гийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкуудтай “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулсан. 

Хүүг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 33 дугаар тогтоолоор мөнгөн хадгаламжийн жилийн хүү есөн хувь байсныг 15 хувиас багагүй байхаар өөрчлөн тогтоосон. Тийм биз, С.Эрдэнэ ээ? Тэгээд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өссөн үү? Алдчихсан уу? Хэл дээ. 

Хариуцлага хүлээх ёстой биз? Капитал банкан дахь Нийгмийн даатгалын хадгаламж дөрөв дахин өссөн “алтан үеийн” гол шийдвэр гаргагч тэрбээр хууль, шүүхээс ангид өнгөрөх аргагүй шүү. Үүний цаана “тохироо, наймаа” бусармаг бүхэн бий. Үүний дайварт АН-ыг “зарах” эрх С.Эрдэнэд байхгүй.

У. Оргилмаа Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12