М.Эрдэнэбат: Байхгүйн ЗОВЛОН

2020-11-27 1548 0

Эрхэм уншигч танд Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Магваны Эрдэнэбатын “Байхгүйн зовлон” өгүүллэгийг хүргэж байна.

Батсуурь цурам хийлгүй үүр цайлгалаа. Энэ ертөнцийн бүх дуу авиа тодоос тод сонсогдоно. Хүн ер нь өдөр дүлий болчдог юм байхдаа гэж бодов. Саяхан тэдний зуссан арын ууланд энд тэндгүй чоно ульж, алсад адуу янцгаана. Хоточ ноход хааяа нэг хуцах нь аюул алсад буйг илтгэнэ. Гэрийн гадаа үхэр хивж, хонь, ямаа тургилан янцаглана. Тарга тэвээрэг гүйцэж хотондоо тарвалзах мал сүрэгт алсад гуринхлан дуугарах чонын улиан тийм ч түгшүүртэй юм биш бололтой. За өнөө маргаашгүй нүүе дээ. Айл амьтан бараадахгүй бол хангайн өлөн зөлмөн араатнууд нэг л өдөр сүйд хийж мэднэ. Энэ муу айл саахалт явдаг нагац эгчийгээ сумын төв рүү дөхүүлье.

Газар дээр ганц хүүтэй. Тэрнийх нь байж байгаа царай ч дээ. Нэмэр болохгүй нэрмээс болох янзтай. Хоёр хоноод л сумын төв шогших юм. Энд тэнд уусан архи, зээлсэн мөнгөнийх нь өрийг дараад нулимсаа барсаар ирэх юм. Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй ёстой зовлон чинь энэ байна гэж бодов. За байз юу гэдэг билээ, идэш муу өвлийн зовлон, үр муу насны зовлон гэдэг билүү дээ. Тийм л юм болж байна гэж элдвийн л юм бодлоо.

Үүр цайж, салхи сэвэлзэн, яндан “хон ёон” дуугарна. Тааваараа хэвтэж буй мал сүрэг ч тух алдах янзтай. Энэ үед шөнөжин гүн нойронд дарагдсан Дэжид шуухитнан сэрвэлзэж,

-Үүр цайж байна уу? босож галаа түлж цайгаа чанъя даа гэж унтаа нойрмог өнгөөр хэлэв.

-“Хээрийн боохой шөнөжин улиад цурам хийлгэсэнгүй. Чи ч үхсэн юм шиг л унтах юм. Намайг эзгүйд, нойрноос болоод хамаг юмаа тавиад тууж мэдэх хүн юм чи” гэхэд

-Чамайг байгаа болохоор л санаа амар байхгүй юу. Чамайг эзгүй бол яалаа гэж ингэж унтах билээ гэсээр дээлээ нөмрөн орноосоо бослоо. Сая л амгалан гэгч нь унтаж байсан Дэжид яг л тушаал авсан цэрэг шиг үс гэзгээ шууж, бүсээ бүслээд ирж буй өдрийнхөө эцэс төгсгөлгүй ажилдаа шумбан орлоо.

Нар гармагц салхи тогтож, гэрт халуу дүүгэж өтгөн шаргал цайны таатай сайхан үнэр ханхалж цаанаа л нэг ая тухтай. Хонь ямаагаа бэлчээж, үнээ малаа сааж дуусаад орж ирэн цайгаа самарч зогсох эхнэрийнхээ байр байдлыг харахад юутай ч зүйрлэшгүй сайхан санагдлаа. Ийм сайхан эхнэрээ шөнөжин өвөртөлж унтсан гээд бодоход бахдалтай. Бас ийм сайхан амьтны дэргэд шөнөжин хөрвөөж хоносон гэхээр харамсмаар ч юм шиг адын бодол зүрх тархийг нь түрхэн зуур эзэмдээд өнгөрлөө. Дэжид,

-“Насанхүү ажаа алаг морио эмээллэж байна. Бас л сумын төв явж байгаа бололтой гэсээр орж ирэв. Хүү, бэр хоёр нь хоорондоо таарахгүй сумын төвөөр л нэг элэг доог болдог бололтой. Тэр хүү нь хэзээ нэг ухаан суух юм бол доо. Байнга л зовоох юм. Хоол унд, мөнгө төгрөг хамаг л юм аа зөөх юм, хөөрхий гэж нүднээс гарлаа. Өвчин зовлон, үхсэн амьдын хагацал биш ямар ч хэцүү зовлон байдаг юм бэ дээ” гэлээ.

-За сумын төв рүү дөхөж бууя. Хэдэн хүүхдээ ч эргэе гэж Батсуурь хайнгадуухан хэлээд аягатай цайгаа ууж суулаа. Оройхон Насанхүү ажаа сумын төвөөс ирээд Батсуурийнхаар ч орж гарсангүй унтаад өгчээ. Хөдөөгийн аглаг буйд хэн нэгний санаа алдах хүртэл тодхон сонсогдмоор анир гүм.

-Нэг орой Дэжид нөгөөх чинь бас л архиа ууж авгай хүүхдээ нүдэж цагдаа сэргийлэхийн хаалга татсан гэнэ. Насанхүү ажааг яваад очсон чинь нөгөө эхнэр нь “Зөнөсөн самган юугаа шиншилж ирээд байгаа юм. Бидний мууг үзэх гэж тэр холоос ирээ юу” гэж загнасан гэнэ. Гэтэл нөгөө нэг хар юм нь ээжийгээ өмөөрөх нь байтугай “манай ээж мөн сонин хүн шүү гэрт ороод гарлаа ард нь бөөн хэрүүл. Ээжийгээ хар мөртэй гэх нь ч хаашаа юм их л сонин хүндээ” гэж айл амьтнаар ярьж яваа сурагтай хэмээн Батсуурьт хов хүргэв. Батсуурь хэнгэнтэл санаа алдан,

-Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг тэр дээ гэхээс өөр юм хэлсэнгүй. Тэр өдрөөс хойш Насанхүү ажаа сумын төв рүү шогшсонгүй хэд хонолоо. Нэгэн орой Батсуурийнх сумын төвөөс хэдэн хүүхдээ авчираад баяр хөөртэй шуугилдаж суутал Насанхүү ажаа орж ирээд тэдний хэдэн хүүхэдтэй тоглож сууснаа гэнэт,

– Манай хүүгийнхээр оров уу хэмээн нүд рүү нь ширтэж байгаад асуув. Батсуурь түгдэрсхийн,

-Үгүй, орж амжсангүй гэвэл та нар ах дүү улс байна даа орж гарахад яадаг юм. Миний муу хүүг та нар хүн гэж тоохгүй юм. Хэлж хийгээд өгдөг ч болоосой. Миний үгийг даан ч тоохгүй юм. Чиний үгийг авах л ёстой. Сумын төвд ажилгүй архи уусан хүн хэвтэх юм гэвэл,

-Би хэлсэн. Хөдөө гарахгүй, манайх суурингийн айл болно. Харин ээж танай хаяанд байж л байг гэсэн гэв. Насанхүү ажаа,

-Чи түүнтэй ярилцаж үзсэн юм уу?

-Үзсэн, хоёр ч удаа уулзсан. Миний үгийг авах янзгүй л юм билээ. Гэхдээ би дахиад хэлье дээ ажаа минь гээд дуугаа хураалаа. Ямар “манай ээж зожиг ганцаараа хүн, хэрүүл тасрахгүй“ гэж ярьсныг нь хэлэлтэй биш дээ. Яг энэ үед Насанхүү ажаагийн арга нь барагдсан уу яасан ухасхийн гэрээс гарлаа.

Нар жаргаж хонь мал хотолжээ. Тэнгэрийн хаяа зосон улаан өнгөөр туяарч маргааш болох намрын шаргал өдрийг урин дуудна. Дэжид,

-Чи тэр хүүд нь нэг сайн хэлээд өг л дөө. Эрх биш нагацынхаа үгийг авах байлгүй дээ гэвэл Батсуурь,

-Хн, эхийгээ хайрлахгүй хүн бусдыг хайрлах ч юу л бол?! Бас ухаарч ойлгоно гээд байгаа! Ер нь чамаас байхгүй юмыг чинь нэхээд байвал яах вэ? Яг түүн шиг тэр хүнээс бид байхгүй ухааныг нэхээд юу олж долоох вэ хэмээн амандаа бувтнаж сонсогдлоо.

Улаанбаатар хот 2018 он

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Яруу найрагч М.Амархүү “Болор цом”-ын эзэн боллоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадам Улаанбаат

2022-11-25

“Би чамайг үзэн ядаж байна”, “Би ямар сохор байж вэ”…

Хѳлѳг сүйрэхэд нөхөр нь гэнэт эхнэрээ түлхээд завь руу авиран гарчээ… Багш нь сүйрсэн хөлгийн ту

2021-02-08

М.Эрдэнэбат: Байхгүйн ЗОВЛОН

Эрхэм уншигч танд Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М

2020-11-27