УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.1 хувийн саналаар эцэслэн баталлаа. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан “УИХ-аар сар гаруй хэлэлцсэн Татварын багц хуулийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсанаар,
- хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувьтай байх, 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байна. 792 мянга хүртэлх хөнгөлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1, 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байх татвар 2028 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлж өглөө.
- Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо.
- Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн шимтгэл авдаг татварыг чөлөөлөх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
- Аж ахуйн нэгжийн хувьд, өмнө нь байсан татварын босгын шатлалыг нь нэмж өгсөн. Татварын өмнөх орлого нь зургаан тэрбум төгрөг хүртэлх бол 10 хувь, түүнээс дээш бол 25 хувийн татвар авдаг байсан. Үүнийг өөрчилж, 6-10 тэрбум төгрөгийн хооронд орлоготой бол 15 хувийн татварын хувь хэмжээ тавьж өглөө.
- ЖДҮ эрхлэгчдийн орлого 1.5 тэрбум төгрөг байсан бол 2.5 тэрбум төгрөг болгож, хялбаршуулсан горимоор татвараа төлөх буюу нэг хувийн татвар оногдуулах өөрчлөлтийг баталлаа.
- Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр боллоо.
- 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг өнөөдөр эцэслэн баталлаа.
- Мөн Онцгой албан татварт өөрчлөлт оруулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг хоёр сараар хойшлуулах, аж ахуйн нэгжийн тайлангаа гаргаж, тушаах хугацааг хоёр жилээр оновчтой болгох зэрэг заалтуудыг баталлаа” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй