Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд хоёр жил хорих ял оноолоо

2025-02-11 4258 34

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнийн цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн, түүнийг хахууль өгсөн, О.Жамъянсүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноов. Мөн хахуулийн хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.  

Хэргийг сануулбал, С.Гал-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Сэлэнгийнхээ биед халдсан хэргээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст  шалгагдаж эхэлсэн байдаг. Анх уг хэргийг шалгасан мөрдөгч нь цэргийн тэтгэвэрт гарснаар С.Гал-Эрдэнийн хэрэг найз нөхдийн харилцаатай байсан О.Жамъянсүрэнд хуваарилагдсан байна.

С.Гал-Эрдэнийн эхнэр “О.Жамъянсүрэн албан тушаалаа ашиглан С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй удаж, завааруулах гээд байна. ХААН банкны данснаасаа мөнгө шилжүүлсэн” хэмээн АТГ-т гомдол гаргасны дагуу шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Гал-Эрдэнээс ахлах дэслэгч О.Жамъянсүрэнгийн охины данс руу 2023 оны долоодугаар сард тус бүр нь нэг сая төгрөг хоёр удаа шилжүүлсэн нь тогтоогджээ. О.Жамъянсүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өмнө нь гаргаж байсан ч С.Гал-Эрдэнэ эс зөвшөөрсөн тул ийнхүү шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. С.Гал-Эрдэнийн хувьд О.Жамъянсүрэнг 2019 оноос хойш таньдаг болсон, адууны наймаа хийсэн, мөнгө зээлж байсан тохиолдлууд ч байснаа шүүхэд мэдүүлжээ. Уг хоёр сая төгрөгөө ч наадамд дээгүүр давхисан морины байны хишиг хэмээн зээлдүүлсэн гэжээ.

Харин гэрчээр оролцсон Сэлэнгэ шүүхэд “Тухайн үед нөхөртэйгөө таарамжгүй байснаас үүдэн айлгах гээд АТГ-т гомдол гаргасан. Тэд хоорондоо утсаар юу ярилцсаныг би мэдэхгүй” хэмээн мэдүүлжээ. Ямартаа ч шүүхээс хахууль өгсөн, авсан хоёрыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноолоо. Мөн хахуулийн хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16