Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. У.Хүрэлсүх:
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 орон, нутагт дэвсгэрт коронавирусын халдвар тархаж, нийтдээ 530 мянган хүн өвчилсөн мэдээллийг сүүлийн байдлаар авлаа. Халдварын улмаас 23970 хүн нас барсан мэдээ байна. Манай улсад 11 халдвар авсан, хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч нар маань амжилттай эмчилж байна.
Өнөөдрийн нөхцөлд Засгийн газар, Ерөнхий сайдад ажиллах хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, монгол хүний амь нас эрүүл мэнд. Хоёрдугаарт, улс орны эдийн засагт учирсан хүндрэлийг давж гарах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласны үр дүнд коронавирус Монгол Улсад хяналтад байгаа. Би өөрөө Онцгой байдлын, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсны хувьд байдлыг гадарлаж байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 10 удаа, УОК 11 удаа хуралдсан. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч ажилласны үр дүнд нөхцөл байдал хяналтад байна. Дэлхийн хэмжээнд гарын 5 хуруунд багтах улс оронд эх оронд нь халдвар гараагүй байна. Үүний нэг нь Монгол Улс. Шаардлага улам өндөрсөж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөх ёстой. Халдварын тархалтыг хяналтдаа авсан. Цааш нь дэлгэрүүлэхгүй байх ёстой. Бурхны авралаар одоогийн байдлаар хүндэрсэн нөхцөл байдал гарсангүй.
Гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байх ёстой. Бид цөөхүүлээ 3,2-хан сая хүн амтай. Цөөхөн хүн ам өвчилбөл ямар эрсдэлтэй вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Боломжтой бүхий л нөөц бололцоогоо бид дайчилж ажиллаж байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд энэ өвчинтэй тэмцэж байгаа байгууллага, хамт олныг дэмжих чиглэлээр ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх, ариутгал халдваргүйтлийн ажилд зориулж 17 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргалаа. Ариутгал, халдваргүйтгэлийн ажилд шаардлагатай 20 тэрбум төгрөгийг нэмж баталлаа.
Нэмээд 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцас худалдан авахад зориулна. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.
Ингээд нийтдээ 200 тэрбумын санхүүжилт гаргаж байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад их мөнгө.
Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар бодлогоо гаргах ёстой. Үүрэг даалгаврууд өгөгдөөд явж байгаа. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
-Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна;
-Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй;
-1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна /гурван сарын хугацаанд/;
-Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно /гурван сарын хугацаанд/;
-Малчдаас ноолуур авахад зориулж 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно /Хүүгийн зөрүүг Засгийн газар хариуцна/;
Хорио цээрийн хугацаанд гэртээ байгаа 18 нас хүртэлх насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна;
-Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй