НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байгаа. Энэхүү саналыг 24 цагийн дотор 42,000 гаруй иргэн дэмжээд байна. Саналыг нэг сарын хугацаанд авах бөгөөд гарын үсгийн тоо 100 мянгад хүрвэл хууль санаачлах боломж нээгдэх юм.
Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал бөгөөд гэнэт шийддэг зүйл биш. Бүх талын нөлөөллийг сайтар судалж байж ярих учиртай. Татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй.
Мэргэжлийн яамнаас санал асууж, судалгаа авах бол бид бэлэн. Хамгийн их судалгаа шинжилгээ нь Сангийн яаманд бий.
НӨАТ бол төсвийн орлого бүрдүүлэх, далд эдийн засгийг ил болгох үндсэн хоёр зорилготой. Хамрагдалт нь одоо 69% дээр ирж байна. Олон улсын үнэлгээгээр бол хангалтгүй үзүүлэлт бөгөөд 90% хүрч байж, далд эдийн засаг ил боллоо гэж үзнэ.
Мөн НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин 5% болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан, маргааш хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй” гэлээ.
Түүнчлэн НӨАТ төлөгчдийн 10% нь нийт орлогын 60%-ийг бүрдүүлдэг байна. Өндөр хэрэглээтэй хүмүүс илүү их татвар төлж байгаа юм. Тиймээс буцаан олголтыг нэмэгдүүлэх нь өндөр хэрэглээтэй хэсэгт тэр хэрээр мөнгө очно гэсэн үг. Харин төрийн бодлого нь бага орлоготой иргэдээ дэмжихэд оршдог. Иймд бодлогоо хэн рүү чиглүүлж байгаагаа харах хэрэгтэй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй