Нүүрсний хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад буй долоон гишүүнээс хамгийн хүнд ял төлөвлөгдсөн нь Т.Аюурсайхан. Түүнийг зохион байгуулалттай бүлэг байгуулсан, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас ял төлөвлөснөө дуулгасан.
Сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан давхар дээл буюу хоёр албан тушаалаа өгөхөө илэрхийлж УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан бичиг явуулж байгаагаа мэдэгдсэн.
Гэвч УИХ-ын хаврын чуулган эхлэхэд түүний гишүүнээс чөлөөлөгдөх бичиг УИХ-д ирээгүй хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдээд буй. Энэ сацуу АТГ ч УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурорт гаргаж байгаагаа мэдэгдсэн. Прокурор асуудлыг УИХ-д тавьсан болов уу гэтэл тус газарт хүсэлт ирээгүй болж таарав.
Тийм болохоор УИХ-д ч бичиг ирээгүй нь тодорхой болоод байна.
Нүүрсний хэргийн шалгалтыг сунжруулах ажлыг хэн хийж байгаа гэхээр халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүд, ялангуяа давхар дээлтэй нөхдүүд л хийж чадах нь ойлгомжтой. Т.Аюурсайханы хувьд Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын суудлаа өгөөд УИХ-ын гишүүн хэвээр үлдэх сонирхолтой байгаа сурагтай.
Үүнийг С.Баярцогт офшорт нуусан мөнгө нь илэрсний дараа УИХ-ын дэд даргын суудлаа өгч, гишүүн хэвээр үлдэж байсантай адил гэж ойлгож болох мэт. Гэхдээ эр хүн хэлсэндээ гэдэг дээ уг нь. УИХ-ын гишүүний суудлаас ийн зуурч байгаа нь гэм буруутайг нь нотлох нэг өнцөг гэж үзэж ч болох.
МАН-ын УИХ дахь бүлэгт ч түүнийг УИХ-ын гишүүн хэвээр үлдээх сонирхолтой гишүүд цөөнгүй байгаа нь ойлгомжтой. Түүнийг УИХ-аас чөлөөлчихвөл өөрсдийнх нь ээлж тун удахгүй ирнэ гэдэгт олон гишүүн айдастай байгаа. Энд зөвхөн нүүрсний хэргээр шалгагдаж байгаа бусад зургаан гишүүнээс гадна Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан гишүүдээс эхлээд, утасны цаад үзүүрт байгаа гишүүд ч айдастай байгаа.
Тиймээс Т.Аюурсайхан УИХ-ын гишүүдийг барьцаалаад гишүүнээрээ үлдэхээр шийдсэн аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй