П.Эрдэнэзаан: Магнай бид хоёр дундаа нэг туфль хэрэглэдэг

2022-08-14 501 0

Торомгор алаг нүдтэй нэгэн залуу хошин урлагт хөл тавьснаас хойш үзэгчид түүний бүтээсэн дүрийг ихэд сайшаах болсон. Энэ хүн бол “Маск” продакшны ерөнхий захирал, жүжигчин П.Эрдэнэзаан юм. Тэрбээр “Би баруун талын тэргүүн магнайд байгаа Монгол Улсын бөх гэж цоллуулах мөрөөдөлтэй байлаа” гэж хэлж байсан удаатай. Гэхдээ тэрбээр хошин урлагийн баруун талын тэргүүн магнайд ханхалзаж яваа олон жүжигчний нэг мөн гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу.


-Таныг гаднаас тань харахад нэлээд хямсгануур харагддаг. Өөрийгөө дүгнэвэл?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Хүн өөрийгөө дүгнэдэггүй ч би бусдын хэлж байгаа шиг хүн биш ээ. Өмнө нь ингэж бодож байсан хүмүүс танилцсаныхаа дараа “Би чамайг их зантай гэж бодож байсан. Үгүй юм аа” гэдэг. Тэгэхээр хэн нэгэн хүнийг гаднаас нь харж дүгнэх нь зарим үед буруу ойлголтод хүргэдэг шиг байгаа юм. Намайг тэгж боддог хүмүүс эхлээд надтай танилц.

-Таны тайз­ны амьдрал хувийнх­тайгаа хэр их зөрчилд­дөг вэ?
-Мэдээж зөрчилдөнө. Хувийн амьдрал л болсон хойно тайзныхтайгаа адил байна гэж байхгүй. Жүжигчин гэдэг мэргэжил болохоор өөрийгөө 100 хувь өөрчилнө. Тиймээс энэ хоёрын ялгаа асар их. Жүжигчид бидний энгийн үедээ хийж буй үйлдэл бүр алиа хошин гэж ярьдаг боловч огтхон ч тийм биш. Бид адилхан л хүмүүс. Уйлна, дуулна, инээнэ.
-Тэгвэл дэлгэц ба тайзны амьдрал юугаараа ялгаатай вэ?
-Тайзны дүрийг би амьд дүр гэж хэлэх дуртай. Яагаад гэвэл үзэгчид бүтээж буй миний дүрийг яг дэргэдээс хардаг учраас үүнд илүү мэдрэмж шаардагддаг. Үзэгч юу хүсч байгааг өөрийн үйлдлээрээ харуулахын тулд хийх ёстой үзэгдлээ хүртэл өөрчилдөг. Түүнчлэн миний амьсгалыг хүртэл тэд мэдрэх боломжтой учир тайз гэдэг агуу урлаг. Нэг үгээр хэлэхэд, амьд холбоо тогтоож байна гэсэн үг. Харин кино гэдэг нь дэлгэцэнд баригдаж тоглодог болохоос биш, чөлөөтэй. Зураг авалт дууссаны дараа монтажилж илүү, дутууг нь хасчихна.
-Өмнө нь хийх гэсэн үйлдлийг тань үзэгчид хүлээж авахгүй байвал шууд өөрчилнө гэсэн үг үү?
-Тийм. Тэгж байж л үзэгчдээ баярлуулна. Мөн дараагийн үзэгчдээ хүлээж авахад ичихгүй шүү дээ.
-Тэр дор нь өөрч­лөхөд хэр бэрхшээлтэй вэ?
-Ер нь л ингэж тогловол үзэгчид яах бол. Хүлээж авахгүй байх вий. Тэгвэл ингэнэ дээ гэж дотроо төлөвлөсөн байдаг. Зарим үед төлөвлөгөөгүй зүйл ч гарна л даа. Тэгвэл нэлээд бэрхшээлтэй.

-Залуу уран бүтээлчид олноор төрөх боллоо. Хошин урлагийн шинэ хамтлаг ч олширч. Ер нь ямар нэгэн зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг. Та тэдгээр уран бүтээлчдийн бүтээлд ямар үнэлгээ өгөх вэ?
-Тэднийг уран бүтээл хийгээд тусгай үзэгчидтэй болж байгаад адилхан уран бүтээлч би баярладаг. Гэхдээ тэд хамгийн сайн бүтээлийг тултал нь гүйцэтгэж үзэгчдэд толилуулах ёстой. Мөн уран бүтээлийн цаана асар их хөдөлмөр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хамтлаг байгуулж байгаа залуус ч байна. Үүнийг яваандаа цаг хугацаа харуулна. Харин тэд надаас зөвлөгөө авахыг хүсвэл туслахад бэлэн байна. Уран бүтээл хийе гэж бодож байгаа бол байнга эрэл хайгуул хийх ёстой.
-Танай хамтлаг бусдаас нэг л өвөрмөц, чадварлаг тоглодог. Энэ юундаа байна вэ?
-Би дээр эрэл хайгуул хийх ёстой гэж хэлсэн шүү дээ. Бид энэ талд маш их анхаардаг. Мөн менежмент гэж бий.
-“Маск” продакш­ныг байгуулах санааг хэн олсон юм бэ?
-Тав зургаан жил “Өнгөт инээд” хамтлагт хамт ажилласан болохоор бид уран бүтээлчийн хувьд ч, хүний хувьд ч бие биенийгээ сайн мэддэг болсон. “Маск” продакшн байгуулагдах болсон хамгийн гол шалтгаан нь хүсэл зоригийн нэгдэл байсан. Тэгээд л “Бүгдээрээ гарч, өөрсдийнхөө чадлыг харуулъя. Шинэ менежментээр ажиллаж, шинэ соргогоор уран бүтээлээ үзэгчдэд хүргэе” гэж шийдсэн. Олон жил хошин урлагт зүтгэсэн болохоор арай өөр уур амьсгалтай тоглолтоо хийж болох юм байна гэж бодсон. Одоо эргээд бодоход “Маск” продакшныг байгуулж гарсан маань зөв болжээ гэж боддог. Бидний хийсэн уран бутээл ч хүмүүст маш сайн хүрсэн болохоор бодсон санасан хэрэг маань зөв явж байна гэж бодож байгаа.

-Уран бүтээлч хүнд санхүү чухал байдаг. Энэ мэргэжлийг сонгосноор таны амьдралд ямар нөлөө үзүүлэв?
-Хүмүүс биднийг “Орой бүр тоглолт хийж байгаа болохоор учиргүй их мөнгө хураадаг” гэж ярьдаг. Тийм биш шүү дээ. Хувийн байгууллагууд яаж ажилладаг юм, түүнтэй л нэг адил. Татвараа ч төлдөг, зардал мөнгө ч нэлээд гардаг. Тэглээ гээд би урлагаа орхиж шантралгүй ажилласаар ирсэн болохоор миний амьдралд муугаар нөлөөлсөн зүйл байхгүй. Манай хамтлаг тодорхой хэмжээний үзэгчидтэй ч болсон. Ер нь урлагтай нөхөрлөсөн хүн муу явдаггүй гэдэг биз дээ.
-Таны амьдралд хөрөнгө мөнгө дутагддаггүй гэсэн үг үү?
-Нэг их хангалттай амьдарсан юм алга. Хүний хэрэгцээ хязгааргүй болохоор хааяа өөртөө ахадсан юм авах гэж зүтгэдэг. Тэглээ гээд хүссэн болгоноо авч чадахгүй л байна. Яг үнэндээ урлагийн бид олсон хэдэн төгрөгөө нааш, цааш нь эргэлдүүлж амиа аргацаалсан төдий л байдаг. Түүнээс биш гадаадын тасарчихсан амьдралтай Холливудын жүжигчид шиг саятан биш. Гэхдээ гар хөдөлвөл ам тосдоно гэдэг дээ. Өөрийгөө боломжийн амьдарч байгаа гэж боддог.
-МУГЖ болоход танд яг юу бодогдсон бэ?
-Сэтгэл их хөдөлсөн. “Би юу хийж, бүтээсэн учраас энэ цолыг хүртэж байгаа билээ” гэж боддог юм билээ. Бас эмээсэн. Би 1994 оноос тайзан дээр тасралтгүй ажиллажээ. Урдах ажлаа чанартай хийхийг эрмэлзэж байсан болохоос биш, гавьяа шагнал хүртчих юмсан гэж бодож яваагүй. Ж.Мөнхсайхан, М.Баяр­магнай хоёртойгоо “Маск” продакшнаа байгуулаад, үзэгчдийн талархал хүлээсэн хамт олон бий болгож, хийсэн уран бүтээлүүдийг минь хүмүүс ярьж байгаад бид баярладаг. Шагналаа авчхаад гарч ирэхэд Сүхбаатарын талбайд урлагийнхан төдийгүй олон хүн цуглаж, баяр хүргэхэд үнэхээр сайхан санагдсан. Ээж минь амьд байсан бол их баярлах байсан даа гэж бодогдож, хоолой зангираад л. Аав минь хүүгээрээ бахархсан байх.
-Ж.Мөнхсайхан та хоёр Драмын театрт ажилладаг байсан. Та “Би драмын жүжигчин байсан бол” гэж одоо боддог уу?
-Нэг их тэгж боддоггүй юм аа. Миний сонгосон мэргэжил, амьдрал энэ болохоор харамсах ч зүйл алга. Инээлгэх урлаг гэдэг хамгийн хэцүү.
-Таны хувьд ямар дүр бүтээх хамгийн хэцүү байдаг вэ?
-Би өөрийгөө тайзан дээр илүү нарийн зүйл хийдэг гэж боддог. Энэ дүр надад тохирохгүй гэж боддоггүй. Хийх ёстой зүйл байвал юу ч хийнэ.

-Том хөхтэй, үлэмж биетэй, нарийн хоолойтой эмэгтэй хүний дүрийг та чадварлаг бүтээдэг. Ер нь эмэгтэй хүний дүр бүтээхэд хөгжилтэй зүйл тохиолдоно биз?
-Эр хүн эмэгтэй хүний дүрийг бүтээнэ гэдэг амаргүй даваа. Хамгийн гол нь эмэгтэй хүний сэтгэл зүйг гаргахад нарийн мэдрэмж шаардагддаг. Ер нь би эмэгтэй дүр бүтээхдээ халширдаг шүү.
Яагаад?
-Хэцүү болохоор нь. Гэхдээ гарцаагүй тохиолдолд энэ дүрийг бүтээхээс арга үгүй. Эмэгтэй дүр бүтээхэд олон асуудал үүсдэг. Наад зах нь хөхний даруулгатай харьцаж үзээгүй хүн чинь энд тэнд унагачих гээд бөөн юм болно. Заримдаа хажуу тал дээрээ явж байна. Тайзан дээр хөдөлгөөнөө мартана, хөлөө алцайж суухаас эхлээд алдаа гаргах тохиолдол зөндөө /инээв/.
-Энэ дүрд тоглоход танд таарах хувцас тэр бүр олддоггүй байх аа?
-Тийм. Тиймээс платье, юбка, дээл, даашинз зэргийг захиалгаар хийлгэх, эсвэл худалдаж аваад болгочихно. Харин таарах туфль ховор. Би 43 размерыг өмсдөг болохоор олоход бүр ч хэцүү. Захиалгаар л хийлгэдэг.
-Ямар ч том биетэй эмэгтэй хүний хувцас таарахгүй юу?
-Миний харсан том биетэй эмэтэйчүүдийн хувцас лав таарахгүй юм билээ. Хэчнээн том биетэй ч эмэгтэй л хүн болсон хойно бэлхүүс нь нарийн байдаг. Таарах хувцастай хүмүүс гадаадын оронд л байдаг байх. Туфлийн хувьд Магнай бид хоёр дундаа нэгийг хэрэглэдэг. Гэхдээ янз янзын өнгөөр будахгүй бол үзэгчид анзаарах асуудалтай.


-Таны оюутан цагаар аялъя. Ямархуу оюутан байв. Ж.Мөнхсайхан та хоёр дотуур байранд хамт байсан гэл үү?
-Тийм. Тэр үетэй харьцуулбал одоогийнхоосоо мэдээж туранхай бор залуу байсан. Анх оюутан болж байгаа хүүхдэд байх айл ховор. Ганц нэг таних айл байсан ч би айлд байх дургүй.болохоор аав, ээжээсээ зөрсөөр байгаад сургуулийнхаа дотуур байранд орсон юм. Тэр үед Ж.Мөнхсайхан бид хоёр хэн хэнийгээ таньдаггүй байсан болохоор хоёр өөр өрөөнд. Ер нь оюутны байранд амьдарч байсан хүүхдүүдээ одоо бодоход ихэнх нь хөлөө олчихсон байна. Тэгэхээр оюутны байр ухамсартай оюутнуудад ирээдүйн амьдралаа авч явах ухааныг нь тэлж өгдөг. Ухамсаргүй нэг нь архичин болоод өнгөрдөг. Хэлэх хүнгүй байдаг болохоор тэр л дээ.
-Ингэж асуусны учир нь таныг дотуур байранд байхдаа нэлээд атаман байсан гэж сонссон юм байна?
-Манай сургуулийн драмын ангийн оюутнуудад одоо болтол курсын ялгаа бий. Би тийм л журмаар оюутны амьдралыг өнгөрөөсөн. Түүнээс биш тааралдсан хүн болгоноо зодож байгаагүй. Ерөнхийдөө хөдөлгөөнтэй оюутан байсан.
-Охидыг хэр эргүүлдэг байв. Хөдөлгөөнтэй залуу охидыг зүгээр өнгө­рөөнө гэж байхгүй байлгүй?
-Хааяа найз нөхдөө­рөө дарвихаараа ганц нэг охинтой танилцаж байсныг эс тооцвол нэг их эргүүлээд байдаггүй байсан. Би тэр үед хоёр, гуравдугаар дамжаанд л сурч байсан байх. Харин дөрөвдүгээр дамжаанд орох жил хөгжмийн ангид нэг хөөрхөн, даруухан охин сурдгийг анзаарсан. Тэр үеэс эхэлж ахын дүү гэж явсаар өнөөдөр гурван хүүхдийн аав, ээж болцгоож.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04