С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг нэмэхээр ажиллаж байна

2021-10-26 657 0

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.

-2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг багтаасан уу? 

-Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн. Эдгээрээсээ хамгийн зөв, эрүүл мэндийн ажилчдадаа ашигтай байх хувилбараар нь нэмэх тал дээр салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Сангийн яам зэрэгтэй зөвшилцөөд явж байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа төсөвт ч тусгуулан ажиллаж байна.

-Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Тэдний шаардлагыг биелүүлнэ гэсэн үг үү? 

-Цалинг нэмэхдээ хэдэн хувь нэмэх үү гэдгийг тооцоо судалгаа, төсвийн чадамж, улсын мөнгө санхүүгийн байдал зэргээс хамааран шийднэ. Эхний ээлжинд 20 хувь нэмэгдүүлэх боломжтой гэдэг судалгааг бид гаргаад байна. Ингэхэд 145 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой. Энэхүү тооцооллоо хийгээд холбогдох газруудтай зөвшилцөөд төсвийн төсөлд тусгуулсан байгаа.

-Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын хэдэн хувь нь төсвөөс цалинжиж байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшилд 56 мянган хүн ажиллаж байна. Тэдний 30 гаруй мянга нь улсаас цалинждаг. Хамгийн бага цалинтай буюу ТҮЭМ-1 шатлалаар цалингаа авдаг эмнэлгийн шил угаагч нарын хувьд 547,509 төгрөгийн цалин авч байна. 20 хувь нэмэгдүүлэхэд 657,010 төгрөгийн цалин авах нь. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа 919,940 төгрөг болно. Эрчимт, мэс заслын эмч нар одоо 885,763 төгрөг авч байгаа бол 20 хувь нэмбэл 1,062,915 төгрөг болно. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа дунджаар 1,658,147 төгрөг хамгийн багадаа цалин авах болно. Гэхдээ энэ бол бүх хүмүүсийн цалинг тэгшээр 20 хувь нэмэгдүүлэх хувилбар юм.

Гэвч цаашид бүх хүнд адил хэмжээгээр цалинг өсгөөд явах нь зөв үү гэдгийг бид ярилцаж байна. Миний хувьд сайд болсон цагаасаа хойш хэлж байгаа нэг зүйл бол салбарынхаа цалингийн доод босгыг тогтоож өгье. Тухайлбал, шил угаагч гэхэд эмнэлгийн даргаас хамааран таван өөр шатлалаар цалинжиж байгааг болиулъя. Бүтээмжид суурилсан цалинтай, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгоё. Эмнэлгүүд чадвартай мэргэжилтнээ дээшээ хэдэн ч төгрөгийн цалин авч болдог алхмыг бий болгоё гэж зорьж буй.

Эрүүл мэндийн салбарынхан 45 шатлалд хуваагдан цалинжиж байна.

-Цалингийн доод шатлалтыг тогтоох тухайд тодруулж тайлбарлавал?

-Өнөөдөр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, мэргэжлийн бусад ажилчид маань ТҮЭМ-ээр шатлагдаж цалинждаг. ТҮЭМ-ийн шатлал нь үндсэн есөн шатлалтай. Шатлал бүрдээ таван дэд хэсгүүдээр ялгагддаг. Аль шатлалаар цалинжуулахыг эмнэлгийн удирдлага шийддэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарынхан 45 шатлалд хуваагдан цалинжиж байна.

Иймээс нэн тэргүүнд энэ олон шатлалыг арилгаж есөн шатлалтай болгоё. Ингэж шатлалыг цөөрүүлэхийн зэрэгцээ шатлал бүрийн хамгийн өндөр хэсгүүдийг салбарынхаа хамгийн доод цалингийн жишиг болгон тогтоож өгье гэдэг тооцооллыг гаргасан юм. Ингэвэл эмнэлэг ажилчдадаа сайн цалин өгөх боломж нь бүрдээд явна.Энэ нь цаашдаа бидний эхлүүлээд байгаа эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон тогтолцоотой уялдсан, манай салбарт маш их хэрэгтэй зохицуулалт болно гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сайн ажилтнууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Энэ тохиолдолд бидэнд 173 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэг болно гэж тооцоолсон.

-Салбарын яамнаас цалинг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэдэг тооцооллоо гаргачихсан гэсэн үг байх нь? 

-Яг тийм. Цалингийн доод шатлалыг тогтоох, босго цалинтай болгоход дахин хэлэхэд 173 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь цалинг 3-14 хувиар нэмэгдүүлэх тооцоолол юм. Хэдийгээр нөгөө хувилбараасаа бага нэмэгдэж байгаа сонсогдож магадгүй ч энэ нь босго цалин л юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд эмнэлгийн удирдлагууд цалинг өсгөх гэхээр хязгаарлаад байгаа эрх зүйн зохицуулалт засагдана гэсэн үг юм. Тэгэхээр нөгөө л яриад байгаа хэн хөдөлмөрлөнө тэр илүү цалин авах эрх зүйн зохицуулалт нээгдэнэ.

Харин бүгдийг ижилхэн 20 хувь нэмэгдүүлэхэд 145 тэрбум шаардлагатай. Гэхдээ аль ч тохиолдолд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн манай салбарын хувьд оношны бүлгээр олгогдож байгаа өртгийн жинд цалингийн нэмэгдлийг тусгах гээд хэд хэдэн ажлуудыг хийгээд ажиллаж байна. Тэгэхээр Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль батлагдвал бид дараа дараагийн ажлаа хийгээд явна.

Эх сурвалж: ЭМЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаачид задлан

2024-11-25

Т.Мөнхсайхан: Бусад иргэдэд ДОХ-ын халдвар халдсан эрсдэл байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна

Цэргийн төв эмнэлэгт бөөрний диализын аппаратад орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан. Тус иргэн нас

2024-11-21

Оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин ЭМД-д хамрагджээ

ЭМДЕГ-аас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140,570 гаруй малчин иргэнийг ЭМД-д бүрэн хамрууда

2024-11-14