Нийслэлийн “Шилдэг хороо-хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдаан болон “Манай хороо-миний гудамж” аяны шилдгүүд тодорлоо. Шилдгээр шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хороо, дүүргүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов.
“Манай хороо-Миний гудамж” аяны шилдэг дүүргээр Сонгинохайрхан шалгарсан бол дэд байрт Баянгол, гуравдугаар байрт Налайх дүүрэг шалгарлаа. Харин “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдаанд Налайх дүүргийн 4-р хороо, “Шилдэг хороо” болзолт уралдааны тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо тус тус шалгарав.
Энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нар оролцож шагнал гардууллаа.
НЗДТГ нь нийслэлийн ойн хүрээнд хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Ажлын хэсэг дүүрэг, хороодод ажиллаж, удирдамжийн дагуу аяны шилдгүүдийг тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хог хаягдал, орчны бохирдол, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт гэсэн нийт 145 шалгуур үзүүлэлтээр шалгаруулав. Тодруулбал, шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны хороо, шилдэг гэр хороо, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг сууц өмчлөгчдийн холбоо, шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв, шилдэг өрх, шилдэг хог тээврийн байгууллага, шилдэг зам, талбайн цэвэрлэгээний байгууллагуудыг тодрууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Гарч байгаа бүх шатны шийдвэрийг хороогоор болон хэсгийн ахлагчаар дамжуулан иргэн, аж ахуйн нэгждээ хүргэх, хэрэгжилтийг газар дээр нь зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагууд хүнд үед тасралтгүй хийж байсны үр дүн харагдаж байна. “Манай хороо-миний гудамж” аяны хүрээнд нийслэлийн иргэдийн идэвх оролцоо сайжирсан байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй