Монголын бөөрний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, бөөрний зөвлөх эмч Б.Бямбадаштай ярилцлаа.
-Хүний биеийн гол эрхтний нэг нь бөөр гэдгийг бүгд мэднэ. Харин бөөр нь ямар үүрэгтэй эрхтэн юм бэ гэдгээс яриагаа эхэлье.
-Бөөр бол хүнд байх ёстой таван цул эрхтний нэг. Монголчууд таван цул эрхтэн муудвал эрүүл мэнд доройтно гэж эрт дээр үеэс ярьж ирсэн. Ихэнх хүн хоёр бөөртэй, маш ховор тохиолдолд төрөлхийн нэг, гурван бөөртэй хүн байдаг. Хүний бөөр 120 орчим грамм жинтэй, вандуй хэлбэртэй. Бөөр нь хүний бие организмд цэвэрлэх лабораторийн үүрэг гүйцэтгэдэг. Хүний идэж уусан хоол хүнснээс хэрэгтэй шим тэжээл нь биед шингэж, хэрэггүй нь өтгөн шингэн болоод гадагшилдаг жамтай. Хүн хоногт 4-6 удаа шээдэг, бөгөөд хоногийн шээсний хэмжээ дунджаар насанд хүрсэн эрүүл хүн 1.5-2 литр шээс гадагшлуулах нь хэвийн гэж үзнэ.
Бөөр нь хүний биед маш олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Нэгд, хүн шээсээрээ маш олон тооны органик болон органик бус бодисууд ялгаруулдаг. Үүн дотор хүний биед огт хэрэггүй, хортой маш олон төрлийн бодис ялгарна. Энэ нь бөөрний үйл ажиллагаагаар дамжиж ялгардаг.
-Бөөрний өвчлөл дотроо олон янз байх шиг байна. Бөөрний хурц үрэвсэл, архаг дутагдал хоёрын гол ялгаа нь юу вэ?
-Эрүүл хүний бөөр ямар нэгэн хурц болон архаг шалтгааны улмаас өвчилж, бөөрний дутагдалд орлоо гэж ярьдаг. Эрүүл байсан бөөр гэнэтийн аваар осол, хордлогоос болж хурц дутагдалд орж болно. Энэ үед эмийн эмчилгээ болон диализийн аппаратад ороход гэнэтийн цочролоос үүссэн өвчин эдгэрч, бөөр нь хэвийн ажиллагаатай болдог. Харин архаг дутагдал нь удаан хугацаагаар бөөр өвдөх, өндөр настай хүмүүс олон жил бөөрний судас нь хатуурч, бөөр нь жижгэрч, хатангиршсанаас болж үүсдэг. Зөөлөн шинэ махыг хатаачихаар борц болдогтой адилаар бөөр хатангиршина гэдэг хатуурч, жижгэрэхийг хэлж байгаа юм. Эргэж хэвийн байдалдаа орохгүйгээр жижгэрч, бөөрөнд архаг дутагдал үүсдэг гэсэн үг. Хүний нэг бөөр өвдөөд нөгөө нь эрүүл байхад архаг дутагдалд орохгүй. Хоёр бөөр хоёулаа өвдсөн тохиолдолд бөөрний архаг дутагдалд ордог. Хоёр бөөр хоёулаа үрэвсч, өвчлөл үүссэн тохиолдолд бөөрний дутагдал үүснэ.
-Бөөр өвчлөхөд нөлөөлж байгаа үндсэн шалтгаан, хүчин зүйл нь юу байна вэ?
-Монголын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 60-70 хувь нь цистит болон бөөр шээсний замын халдвараар өвчилсөн байдаг. Энэ нь байгаль цаг уурын онцлог, хүүхэд төрүүлэх эрсдэлд хүчин зүйл зэргээс хамаарч эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Бөөрөнд түүдгэнцэр гэдэг зүйл байдаг. Хүний бөөрөнд хоёр сая орчим түүдгэнцэр буюу судасны гогцоо бий. Энэ нь бөөрний үйл ажиллагааг зохицуулдаг. Энэ зохицуулалт алдагдсанаас үүдэлтэй бөөрний архаг дутагдал үүсэх тохиолдол Монголд элбэг байна. Бөөрний архаг дутагдалд орж, бөөр шилжүүлэн суулгаж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Бөөрний түүдгэнцэрээс үүдэлтэй архаг үрэвсэл 18-35 насны залуу хүмүүст илүү тохиолддог. Мөн шээс хаагдалтын өвчлөл 60-80 насны эрэгтэй хүмүүс тохиолдож байна. Шалтгаан нь эрэгтэйчүүд нас ахих тусам түрүү булчирхай нь томорч, үүнээсээ болоод шээсээ давсаг руугаа дамжуулахад саад учирч, бөглөрөл үүсдэг. Энэ тохиолдолд түрүү булчирхайг авах хагалгааг хийх буюу давсганд нь гуурс тавих тусламжийг үзүүлдэг. Дээр дурдсан өвчлөл үүсэхэд хүний биеийн дархлаа эрчимтэй сулрах, биед байх идээт голомтууд сэдэрдэг.
Сургуулийн насны хүүхдийн дунд судалгаа хийхэд 70 орчим хувь шүдний хорхой, хоолойны ангинатай байна. Хоолойны ангинатай, шүд нь хорхойтой хүний биед идээлүүлэх нян байна гэсэн үг. Тухайн нян нь дархлаа гайгүй үед хүний биед хадгалагдаж байж байгаад биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу хүрэх, хагалгаанд орох зэрэг эрсдэлт хүчин зүйл тохиолдоход цусаар дамжиж зүрх, бөөрийг өвчлүүлэх гол хүчин зүйл болно. Тэгэхээр аливаа өвчнөөс сэргийлэхэд дархлаа маш чухал.
-Бөөрний өвчлөл шээсний зам болон бэлгийн замын халдварт өвчинтэй хэр холбогддог юм бэ. Зарим хүн шээс маш их үнэртэй гараад байна, бөөр өвдсөн байна гэж яриад байдаг шүү дээ?
-Шээсний замаар халдвар дамжих гурван зам бий. Хамгийн түгээмэл халдвар дамжих зам бол өгсөх зам. Энэ нь бэлэг эрхтэн буюу давсгаар дамжиж бөөрөнд очиж өвчлөл үүсгэнэ. Даарч хөрөх, цистит, хувийн цэвэр, бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэйгээр өгсөх замын халдвар үүснэ. Эдгээр нь шээс бөөрний замын халдварт өвчин үүсч, бөөрний архаг үрэвсэл үүсэхэд гол нөлөөтэй байна. Хоёр дахь нь уруудах зам. Энэ нь хүний биед үүссэн янз бүрийн идээт үрэвслийн /ангина, гайморит, чихнээс идээ гоождог/ нян бактери цус руу орж, цусаар дамжиж бөөрийг өвчлүүлдэг. Гуравт, маш ховор тохиолддог буюу шингэний замаар дамжиж өвчлөл үүсдэг.
Эрүүл, өвдөхгүй байх нь өөртөө хайртай байхаас эхэлнэ
-Ямар нэгэн өвчлөл үүсэхэд эхлээд үрэвсэнэ, цаашлаад архаг үрэвсэл болж, эмчлэхгүй явбал хавдар, дутагдал болох эрсдэлтэй. Тэгэхээр бөөр өвчилж, үрэвсэж байна шүү гэдгийг таньж, мэдэх ямар шинж тэмдэг хүнд илэрдэг юм бэ?
-Бөөр шээсний замын өвчний үед хэд хэдэн зонхилох шинж тэмдэг илэрнэ. Нэгд, өвдөлт. Хоёр талын бөөрөөр, эсвэл нэг талаараа чилж өвдөнө. Дуншиж, хөшиж өвдөхөөс эхлээд маш хүчтэй хатгаа маягаар, байж сууж чадахгүй болтол хүчтэй өвддөг. Бөөр шээсний замын архаг үрэвслийн үед хөшиж өвдөх шинж илүү илрэх бол бөөр шээсний замд чулуу үүсэхэд хурц хэлбэрийн өвдөлт мэдрэгддэг. Энэ өвдөлтөөс болж шээс хаагдах, цусаар шээх шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд яаралтай экод харуулах, рентген зургаа авахуулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Хоёрт, хавагнах. Өглөө босоод ирэхэд нүүр хавагнаад байна гэж ярьдаг. Монголчууд бөөрний хаван дээрээсээ, зүрхний хаван доороосоо гэж ярьдаг, энэ үнэн шүү. Зүрхний өвчтэй олон жил явсан хүн хөлийн тавхай, шагайнаасаа эхлээд хавагнадаг. Харин бөөрний хаван бол дээрээсээ буюу нүүрнээсээ эхэлж, цайвар цагаан өнгөтэй, хавагнасан хэсэг хүйтэн, хаван нь шилжимтгий, зөөлөн байдаг нь зүрхний хавангаас ялгагдах шинж.
Гуравт, цусны даралт ихсэх. Бөөр, зүрх судасны өвчнөөс үүдэлтэй даралт ихсэх өвчин байна. Бөөр, зүрхний даралтыг ялгаж, таних хэд хэдэн онцлог шинж бий. Бөөрний даралт ихэвчлэн залуу насны хүмүүст тохиолдож байна. 20, 30 гарсан залуус “миний даралт 160/100 байдаг, угаасаа л ийм өндөр” гэж ярьдаг. Зарим нь өндөр даралттай гэдгээ мэдээгүй явж байгаад урьдчилсан сэргийлэх үзлэгийн үеэр мэдэж байна. Шинж тэмдэг илэрдэггүй хэрнээ өндөр даралттай болсон байдаг. Энэ нь бөөрний гаралтай даралт байх нь элбэг. Өөр нэг шинж бол доод даралт өндөр байна. Дээд, доод даралтын зөрүү их ойрхон байдаг. Дээд даралт нь 130 байхад доод нь 100 байх жишээтэй. Энэ нь хоёр даралт их ойрхон зөрүүтэй байна гэсэн үг.
Мөн бөөрний гаралтай даралт хэр баргийн даралтын эмэнд амархан буурахгүй, тогтвортой өндөр байдаг. Тиймээс эхлээд бөөрний өвчнөө эмчилж, даралтаа тогтворжуулах хэрэгтэй.
Дөрөвт, хамгийн түрүүнд шээсний шинжилгээнд өөрчлөлт гарна. Шээсээр уургийн хэмжээ, бактери, нян, улаан, цагаан эс гарна. Эрүүл хүний шээсний шинжилгээнд улаан эс, нян бактери гарах ёсгүй. Харин шинжилгээгээр улаан, цагаан эс, бактери өндөр гарсан бол танд бөөр шээсний замын үрэвсэл үүссэн байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандах ёстой юм.
-Гэхдээ дээрх шинж тэмдэг илэрлээ гээд иргэд өөрсдөө дур мэдэн эм бэлдмэл уух тохиолдол бий. Энэ нь эсрэгээрээ өвчнөө хүндрүүлэх эрсдэлийг дагуулдаг. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай ард түмний дунд өөрөө өөртэй эмч, оточ болдог байдал ажиглагддаг. Бөөр өвдөхөд тийм юм сайн гээд дур мэдэн өөрийгөө эмчилдэг, эм ууссанаас болоод өвчнөө хүндрүүлж, эцэст нь араас нь хөөдөг. Ер нь өвчин эмгэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандаж, оношоо зөв тогтоолгож, эмчилгээгээ оновчтой хийлгэх нь хамгийн зөв. Таавраар, хүний ам дамжсан яриагаар өөрийгөө эмчилнэ гэдэг ойлголт энэ зуунд байх ёсгүй. XXI зуун бол нотолгоонд тулгуурласан шинжлэх ухаанд суурилсан зуун. Тиймээс батлуулаад, нотолсон эмчилгээгээ хийлгэвэл эрүүл саруул болж, амь нас баталгаатай байна шүү дээ.
Жишээ нь, бөөрний өвчнийг шээсний шинжилгээнээс эхлээд бөөрний эдийн шинжилгээг хийж байгаа. Бөөр шээсний замын өвчлөлийн оношилгоо эмчилгээ дэлхийн төвшинд хүрсэн. Үрэвсэл илэрсэн бол эмийн эмчилгээ хийнэ. Хоёрт нь байгалийн уламжлалт эмчилгээ хийнэ. Бөөр нь өвддөг, хавагнадаг, даралт ихэсдэг хүмүүс элсэн сувиллын эмчилгээ хийлгэх нь чухал байдаг. Говь-Алтайн Бигэр, Дундговь аймгийн Өлзийт сум, Дорноговь аймгийн Өргөн суманд элсэн сувилал байдаг. Байгалаас өгсөн органик эмчилгээний аргаа Монголчууд өргөн ашиглах хэрэгтэй.
Энд зүйлийг анхааруулахад, нэмэлт бүтээгдэхүүн, сувилалд эмчлүүлэхдээ заавал эмчийн заавар зөвлөмжийг дагах ёстой. Эмийг зохистой хэрэглэхгүй бол хор болдог. Бактери бол амьд нян. Нянг антибиотик гэдэг хороор устгадаг шүү дээ. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх заавар, тун, аргачлалыг тохируулах хэрэгтэй. Хүн бүрийн бие организм өөр учраас адилхан үйлчлэхгүй гэдгийг байнга санах хэрэгтэй.
-Эрүүл, өвчлөхгүй байхад хүн бүр юуг анхаарч, аливаа урьдчилсан сэргийлэх талаар манай уншигчдад зөвлөгөө өгнө үү?
–Манай монголчуудын хэнэггүй байдал нь өвчнөө хүндрүүлэх, гэр бүлээ эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хохироох том хүчин зүйл болдог гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Ер нь өвдөхгүй байхад дархлаа хамгийн чухал. Биед байгаа идээт голомтуудыг цаг алдалгүйгээр эмчилж, бүрэн эдгээх арга хэмжээг хүүхэд байхаас нь ав. Мэдээж эрүүл байхад хөдөлгөөн, цэвэр агаар, хоол унд чухал. Юу идэж хэрэглэх вэ гэдгээ сайтар анхаарч байх хэрэгтэй. Монголд худалдаалж байгаа амттан, жимс жимсгэнэ бүгд урд, хойд хөршөөс орж ирдэг. Нарийн яривал энд биологийн дайн явж байгаа шүү дээ. Таньж мэдэхгүй гаднын бүтээгдэхүүн хэрэглэсний цаана бид эрүүл мэндээрээ маш их хохирч байгаа. Тиймээс хүн бүр алхам тутамдаа анхаарч, аль болох эрх орныхоо организ хүнсийг хэрэглэхгүй аюулгүй юм.
Эдгэдэггүй өвчин гэж байхгүй. Хамгийн гол нь архаг болгохгүйгээр бага дээр нь илрүүлж, ядаж гурван жилдээ нэг удаа дурандуулж, хамгийн гол нь өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд хайртай байх ёстой. Монголчууд эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ гэж ярьдаг шүү. Ард түмэндээ эрүүл энхийг хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Itoim.mn Э.Мөнхцэцэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй