“Алтай констракшн”-ийн захирал Бат-Эрдэнийг хүмүүс сайн бизнесмэн гэхээсээ илүү сүйхээтэй эр гэлцдэг. Эрх мэдэлтнүүдийн эвийг олохдоо гаршсан гэгддэг Бат-Эрдэнэ захирал гадаад дотоодын сургууль төгсөж, толгойгоо цэнэглэсэн хүмүүсээс ч илүү мөнгө олж өсгөх нарийн аргыг эзэмшиж, хотын төвийн А зэрэглэлд багтдаг газруудад олон давхар шилэн байшин сүндэрлүүлсэн нэгэн. Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ морины хоббитой. Үнэтэй моринд гар татдаггүй энэ залуугийн ээж Төмөржаагийн Цэрмаа хэмээх хатагтай бий. Түүний өвөө алдартай уяач байсан бөгөөд Цэрмаа хатагтай багаасаа морь мал унаж, эмнэг сургаж явсан эрэмгий нэгэн. Монголын хамгийн залуу тэрбумтнуудын нэг Х.Бат-Эрдэнэ захирлын ээж Т.Цэрмаа хатагтайн гоёл чимэглэл, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь хэсэгтээ л олны анхаарлыг татаж хэвлэлийн хуудсыг чимдэг байлаа. Х.Бат-Эрдэнийн ээж Төмөржаагийн Цэрмаа таван настайгаас улсын наадамд морь уралдуулж эхэлсэн намтартай. Уралдааны моринд хүнддэх яагаа ч үгүй цагаасаа сонгомол морин спортын тамирчин болж, холч морьдын уралдаанд хэдэнтээ түрүү авснаар “Манлай хүлэгч” цолоор шагнуулж, морин спортын анхны мастер болсон тэрээр гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан.
Гавьяатынхаа найрыг нижгэр тэмдэглэсэн тэрээр нэг үе цул алтаар гоёж, тэр нь нүдтэй бүхний харааг булааж байв. Одоогоос хэдэн жилийн өмнө Т.Цэрмаа гуай цагаан булган малгай дээрээ гурван морины толгойны дүрс бүхий цул алтан орой суулгуулж, энгэрийн зүү ээмэг бөгж, дээлнийхээ товчийг хүртэл алтдуулж, амандаа хүртэл алтан шүд ярайлган олныг гайхшруулж байсан. Гоёл чимэглэлд алтыг л ойшоож үздэг Т.Цэрмаа гуай Монголын баячуудаас анх удаа морь унадаг, унахдаа алтан тоногтой эмээл хазаараар гоёдог хүн болсон гэхэд хилсдэхгүй. Тун нарийн хийцтэй алтан тоногтой хазаар, эмээлийг тусгай захиалгаар хийлгэж, шүр, сувдаар чимэглэсэн түүний энэ гоёлын хийц тун нарийн бөгөөд шаргал гөлөмтэй нь сайхан зохицож өгсөн тухай тухайн үед хэвлэлүүд өрсөн бичиж байлаа. Тэрээр өөрийнхөө барих ташууранд ч тун их ач холбогдол өгсөн байдаг. Алд хэрийн хулсан ташуурыг мөн л хээ хуар гарган цэвэр алтаар чимэглэсэн нь олны анхаарлыг татаж, амнаас ам дамжин найрын хачир болж явсан. Х.Бат-Эрдэнийн “Алтай констракшн” ХХК алтны том орд газар дээр олборлолт явуулж байсныг бид мэднэ. Олборлолт, ашиг орлого ч ихтэй байсан нь Т.Цэрмаа хатагтайг ийн бийлэгжүү загнуулсан хэрэг биз. Олимпийн морин спортын төрлийн анхны гавьяат цолтон болсон Т.Цэрмаа гуайн энэ гоёл эхнэр хүүхдүүд төдийгүй эрчүүдийн ч анхаарлыг татах болсоор удаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
буян л юм