Б.Энхмаа: Энэтхэгт нөхцөл байдал тун хүнд, түргэн тусламж дуудахын тулд 400 мянган төгрөгтэй тэнцэхүйц мөнгө төлж байна

2021-04-27 31913 3

Б.Энхмаа тусламж үзүүлж буй нь…


Цар тахлын улмаас нөхцөл байдал нь хүндэрсэн орнуудын нэг бол Энэтхэг улс. Манай сурвалжлагч тус улсад тав дахь жилдээ амьдарч буй Б.Энхмаатай холбогдож цөөн хором ярилцлаа.

-Өдрийн мэнд, сайн байна уу та. Та Энэтхэг улсад хэд дэх жилдээ амьдарч байна вэ?

-Өдрийн мэнд. Намайг Батбаярын Энхмаа гэдэг. Энэтхэг улсад тав дахь жилдээ боловсрол судлалын докторантад суралцаж байна.  


-Энэтхэг улсын өнөөгийн нөхцөл байдал тун хүнд байх шиг байна. Яг дэргэд нь байгаа хүний хувьд та тодорхой мэдээлэл өгөх боломж байна уу?

-Өөрийнхөө мэдэж байгаа хүрээндээ л бага ч болов мэдээллийг хүргэе.  Нэгдүгээр давалгааны үед ч, одоо ч энд сурч, аж төрж байгаа хүний хувьд үнэхээр их сэтгэл зовж байна. Эхний давлагааны үед нөхцөл байдал арай дээр байсан. Одоо бол хүнд байна. Албаныхан ковидын мутацилагдсан хэлбэр  гэж яриад байгаа юм. Шинжилгээгээр илрэхгүй атлаа маш хурдан хүндэрч, үхэлд хүргэж байна. Манай Монголын ханш нээх өдөртэй давхцан Энэтхэгийн Кумбх Мела /kumbh Mela/ гээд шашны мөргөлийн баяр болсон юм.

Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэгчээр тэр баяраар хүн бүр ариун гангадаа очиж үгаал үйлдэн, хооллож ундалсан. Хэдэн мянга, саяараа ингэж цугласан нь халдварын тархалтыг нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа юм билээ.

-Өнөөгийн дүр зураг нь их л хүнд байгаа харагдсан?

-Зөвхөн өнөөдөр л гэхэд нийт өвдсөн хүний тоо 17.438.413. 24 цагийн дотор халдвар авсан 68.546, нас барсан 2771 хүн  байна. Энэ зөвхөн эмнэлэгт хандсан, бүртгэлд орсон хүний тоо шүү дээ.

Энэтхэг улс хэчнээн олон орон гэргүй, оршин суух хаяггүй гуйлгаар амьдралаа залгуулдаг хүнтэй билээ. Улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, хувийн эмнэлгүүд ч бусад өвчтөнөө эмчлэх боломжгүй зөвхөн ковидын халдвартай хүнийг хүлээн авч байна. Гэсэн ч эмнэлгүүд үнэхээр ачааллаа дийлэхгүй байна.

Эмнэлэг дотроо битүү, шалаараа битүү, гадаа үүдээрээ ч битүү тусламж авахыг хүссэн хүнээр дүүрэн байна. Хүчилтөрөгчийн аппарат олдохгүй, үйлдвэр нь ч ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Эм тариа ч тун хомс, байгаа нь өндөр үнэтэй. Түргэн дуудахын тулд л гэхэд төгрөгөөр тооцвол 400 мянган төгрөг төлж байна. Нэг өвчтөн зөөсөн түргэний машин ариутгал халдваргүйтгэл хийх зэргээс болоод “хорионд” ордог. Өвчтөн их учраас түргэний машин ч бас хүрэлцэхгүй байгаа юм билээ.

Бурхан болоочдоо эцсийн замд нь үдэгсдийн цуваа бас их урт үргэлжилсэн байсан?

-Би яг очиж хараагүй ч дэргэдүүр нь машинтай явахдаа ажигласан. Хүмүүс маш хурдан хүндэрч, бурхан болж байна. Шинжилгээгээр илрэхгүй атлаа гэнэт цээжээр нь өвдөж, халуураад л… Аав, ээжийгээ ч юм уу ойрын хүнээ эмнэлэгт хүлээлгэж өгчихөөд гадагшаа гараад хоол унд авчрахын зуурт л ор сэлгэсэн /нас барсан/ байх жишээтэй. Ердөө л 15-30 минутын зуур.

Тэгээд асуухаар хаана хүргэсэн нь тодорхой бус.  Энэтхэгт бурхан болоочдыг ил шатаадаг. Машинтай, явган гээд талийгч нарынхаа цогцсыг тавьчихсан хүмүүсийн цуваа хэдэн арван км үргэлжилсэн байхыг хараад үнэхээр сэтгэл өвдсөн. Бурхан болоочдоо үдэх  ээлжээ хүлээн өнжин хонон дугаарлаж байгаа нь тэр юм.

-Монгол оюутнуудын маань байдал хэр байна?

-Монгол оюутнуудын маань ихэнх нь буцаад одоо нийслэлд 10 хүрэхгүй л хүн үлдсэн. Одоогоор бидэн дунд халдвар авсан хүн байхгүй. Дотуур байр, түрээсийн байр хаана байдаг вэ, тэндээ л хөл хорионд байгаа.

-Танд баярлалаа. Эрүүл мэндээ сайн хамгаалаарай.

-Нийт Монгол ахан дүүстээ халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе. Сайхан цаг удахгүй ирнэ ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын даргын “Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх” саналыг НИТХ хэвээр баталлаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталжээ. Хуралдаана

2024-12-04

“Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзады

2024-12-03

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруула

2024-12-03