Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа. Түүний энэ үг, үйлдэл олонхид таалагдсангүй.
Х.Баттулгын энэ үйлдлийг Э.Бат-Үүл “Ардчиллыг устгаж буй хэрэг” гэж дүгнэжээ. Тодруулбал тэрээр “Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр!” хэмээн жиргэжээ.
Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэж заажээ. Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна.
Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй