Ц.Оюунгэрэл: Хууль бус тамга ашиглан “Хас банк”-нд данс нээлгэсэн

2021-03-13 1006 0

Ардчилсан нам хоёр удирдлагатай, хоёр тамгатай, 2 байртай болоод удаж байна. Нэг үгээр хэлбэл АН нэлээн будлиан ихтэй, “будаа”-н дээрээ зодоонтой байгаа. Гишүүд нь аль даргыгаа дагаж, үнэт зүйлээ алдахгүй байх уу гэдгээ ч ойлгохоо больсон гэхэд хилсдэхгүй. Ямартай ч АН нэгдсэн нэг даргатай байх ёстой. Тиймээс ч эл будлианаа арилгахын тулд намын даргын сонгуулийг зохион байгуулахаар болсон.

Гэтэл бас намын даргын суудлын төлөөх цусгүй тулаан эхэллээ. Хоёр дарга өөрсдийнхөөрөө авирлаж, хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, эрх ашиг сонирхол нэгтнүүдээ намын даргад дэвшүүлж, батламж гардуулав.

Энэ бусармаг үйлдлээ дэмжээд, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Д.Ганбат, С.Одонтуяа, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, Б.Бейсэн, Н.Ганибал, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын 8 гишүүн “нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол” хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцжээ.

Учир нь энэ үйл ажиллагаа нь АН-ын дотоод сонгуулийн хорооны товын хугацааг зөрчсөн байна. Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоол дээр хүчингүйд тооцсон тамга дарагдсан байгаа нь хамгийн их хардлага төрүүлж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Намын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол хууль бус зарим зүйл болж байгаа учраас би оролцоогүй. Би Дотоод сонгуулийн хороог даргалж байгаа намын гишүүн И.Мөнхжаргалд захидал илгээсэн. Энэ захианд хууль зөрчиж байгаа 2, 3 асуудлыг тусгаж өгч, анхааруулсан байгаа.

Эхний зөрчил: Дотоод сонгуулийн хорооны тов зарлах гэж байдаг тэр зөрчигдөж байна. Хоёрдугаарт: Тэмдэгний асуудал байна. И.Мөнхжаргалын гарын үсэг зураад явуулж байгаа 2 бичиг дээр дарагдсан тэмдэг асуудалтай байгаа. Тэр тэмдгүүд хоёулаа хоёрдугаар сарын 11-ний “Өдрийн сонин”-ы зараар хүчингүйд тооцсон гэж зарлагдсан дугаартай тэмдэг дарж хариу өгөөд байгаа.

Гурав дахь ноцтой асуудал бол хууль бус энэ тамгыг ашиглаад “Хас банк” дээр данс нээлгэсэн. Тэр дансанд 93 сая төгрөгийг авъя, байршуул гэсэн мессеж ирүүлсэн байгаа. Тэр мессежээр ирсэн дансыг тодруулах эрхээ эдлээд, мэдээлэл авах эрхийнхээ дагуу “Хас банк” руу тодруулга бичсэн. Гэтэл “Хас” банкнаас хариу ирээгүй байна” гэсэн.

Тэгэхээр УИХ-д суудалтай гишүүд нь ч хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаанд оролцсон байгаа нь харагдаж байна. Хэдийгээр энэ бүхнийг мэдээгүй байх магадлалтай ч хуульч мэргэжилтэй хүнээр удирдуулсан АН-ын бүлгийн гишүүд асуудлыг судлахгүйгээр буруу үлгэрлэл үзүүлж буй нь зүйд хэр нийцэх вэ.

Хүчингүй болсон тамга, тэмдгийг ашиглаж, хууль бус үйл ажиллагааг дур зоргоороо зохион байгуулж буй Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд ямар хариуцлага тооцох вэ гэсэн олон асуудал урган гарч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролц

2024-11-04

“Чингис хаан” одонт Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн

2024-11-03

Өнөөдөр Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев манай улсад айлчилна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт К

2024-10-28