Э.Бат-үүл: Намын даргын сунгаа бол улс төрийн маркетинг

2021-03-11 1049 0

АН пүрэв гараг бүрийн 11 цагт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдрөөс дахин эхлүүллээ.

Энэ удаагийн уулзалтаар АН-ын удирдлагын багт шинээр томилогдсон АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд дарга Ц.Оюундарь, Улс төрийн асуудал эрхэлсэн дэд дарга О.Чулуунбилэг, Үйлдвэржилтийн бодлогын асуудал хариуцсан дэд дарга Ч.Отгочулуу, Намын байгуулалт хариуцсан дэд дарга Ц.Уртнасан, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Алтанцэцэг, Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Гарамгайбаатар, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат нар оролцов.

4:11 уулзалтаар энэ сарын 17-нд болох намын дунд шатны дарга /аймаг, нийслэлийн намын дарга/ нарын сонгууль, ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох АН-ын даргын сонгууль, цахим санал хураалтын талаар мэдээлэл хийлээ. Баянгол дүүргийн АН-ын гишүүдийн дунд өнөөдөр туршилтын журмаар цахимаар санал хураалт явуулж байгаа юм байна.

Мөн өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргын сонгуунд оролцох нэр дэвшигчийн үнэмлэхээ АН-ын дарга С.Эрдэнээс гардаж авчээ. Энэ талаар нэр дэвшигч Э.Бат-Үүлтэй цөөн хором ярилцлаа. 

-АН-ын даргын сунгааг тус тусдаа зарласнаас үзвэл энэ асуудал цаашдаа хуулийн маргаан луу ч орж болзошгүй байна. Ийм үед сунгаанд оролцож, Нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлэхээр шийдсэн шалтгаан юу байв?  

-АН-ын эв нэгдлийг бодсоны үндсэн дээр сунгаанд нэрээ дэвшүүлж байна. Нийслэлийн АН гэдэг бол намын зүрхэн тушаа газар. Тийм учраас намаа нэгтгэх үйл хэрэгт хүчин зүтгэхийн тулд сунгаанд оролцож байна. Байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл АН ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд орох эсэх ч эргэлзээтэй болж мэднэ. Тиймээс хамгийн түрүүнд АН-ын даргыг ҮДШ-эд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Хоёр, гурван тусдаа сонгууль зарлаад байгаа Дотоод сонгуулийн хороогоо нэгтгээд, нэр дэвшигчдээ нэг гараан дээр авчираад тавьчихад л уг нь болчих юм шүү дээ. 

Сайн тал нь гэвэл хүн болгон АН-ын дотоод сонгууль, намын даргын сунгааны талаар ярьж байна. Сайн, муу бүхий л талаас нь ярьж байна. Одоогийн энэ бужигнаан яах вэ. Эцэст нь гэрэл харуулах л ёстой. Сунгаа гэдэг бол улс төрийн маркетинг. Трампын сонгуулийн үеэр Америкчууд “АН хоёр гурав, хуваагдлаа, сүйрлээ” л гэж байсан. Бие биенээ биднээс муухайгаар хэлдэг. Сунгаан дээрээ бол алалцдаг юм билээ. Хамгийн гол нь лидерүүдийн улс төрийн соёл. Алалцаж алалцаж байсан хоёр лидер нэг нь нөгөөгийнхөө гарыг өргөхөд л дэмжигчид нь нэг талдаа гараад жагсдаг байхгүй юу. Гэрэл гэж үүнийг хэлж байгаа юм. Одоо л АН нэг цул болохгүй бол 2024 оны сонгууль өнгөртөл Дээд шүүх АН-ыг бүртгэхгүй. 2024 оны сонгууль боломжгүй болно. ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг талдаа гарчихсан байхад манай шүүх бол намираад л байж байна шүү дээ. Яг л Путины систем байхгүй юу.

Путины тогтолцооны нэг аюул нь Оросын байгалийн нефть, байгалийн хийн ашигт малтмал, уул уурхайн бүх баялгийг хянадаг Нэгдсэн орос намын лидер хүн. Бусад бүх улс төрийн хүчнүүд, улстөрчид тэдэнд улс төрийн үйлчилгээ үзүүлж хөлс авдаг ийм тогтолцоо. Жишээ нь сая Навальныйтай Путин үзэхэд Жириновский, Зюганов хоёр Путины урдуур ороод Навальныйг будаа болголоо шүү дээ. Өвчин тусаагүй биз дээ, сөрөг хүчин биз дээ. Тийм улс төр гэж юу байсан юм. Одоо МАН энэ схемийг ашиглаж байна л даа, 10 их наяд дээр…

АН ч гэсэн тэр схемд нь орчихсон яваа юм биш биз дээ? 

-Баримт байхгүй болохоор ярьж болохгүй байна л даа. Гурван хувийн хүүтэй зээл авах уу, орон сууцны барилга барих уу? л гэж байна шүү дээ. Яг Путины дэглэм рүү явж байна. Тэгж яривал Н.Энхбаяр МАН-ын дарга байхдаа “Сөрөг хүчнээс арай цөөхөн байна аа” гэж ярьдаг байлаа. Сөрөг хүчний хяналт хэрэгтэй юм байна гэдэг байсан. Н.Энхбаяр чинь ардчилсан үзэлтэй хүн байлаа. Шүүх энэ тэр хараат бус байлаа. Одоо бодоход, Н.Энхбаяр тэр үед Путин болж чадаагүйдээ насан туршдаа харамсаж явдаг байх. Путин бол зүгээр нэг татолитари дарангуйлагч биш. 200 тэрбум долларын фондтой, “үйлчилгээгээ үзүүл, урамшууллыг чинь өгье” л гэж байгаа шүү дээ. Тэрүүгээр нь Зюганов, Жириновскийн хоёр бизнес хийдэг, шүүхийнхэн бизнес хийдэг. Хүүхдүүд нь тендер энэ тэр авдаг. Тэд нарыг нь Навальный илчлэнгүүт нийлж байгаад будаа болгодог. Одоо бол Орост Үндсэн хууль, хууль гэж байхгүй. Путин л гэж бий. Одоо бас манайд тийм болж байна. Үндсэн хууль байхгүй, хууль байхгүй, У.Хүрэлсүх л гэж бий.

-Бас дээр нь Л.Оюун-Эрдэнэ нэмэгдчихлээ?

-Л.Оюун-Эрдэнэ бол чадахгүй байх гэж би бодож байна. Л.Оюун-Эрдэнийн үеийнхэн бол хэзээ ч бие биенээ тэвчиж чадахааргүй, аймшигтай атгаг хүмүүс байхгүй юу. С.Амарсайхан, Т.Аюурсайханыг хар. Доор улс төрд тулалдаад явж байхад миний анзаарсан зүйл гэвэл тэд нарын мөн чанар нь нэг тийм атгаг. Бодит байдлыг ухаардаггүй, атгаг байдал нь нүдээд салдаггүй. Одоо бол “Оюун-Эрдэнэ” гэдэг нэр чихэнд нь шивнээд салахгүй дээ. Тэрэндээ муухай хөтлөгддөг.

Шинжлэх ухааны судалгаа байна. Хүн оюун ухаантай нь үнэн юм байна. Гэхдээ тэр эмоци буюу сэтгэл хөдлөлөө давж чаддаггүй учраас хүн оюун ухааныхаа 90 хувийг огт ашигладаггүй гэдэг судалгааны дүн гарсан байна лээ. Ер нь л бэртэгчин, атгаг, бусдад муу санаж явдаг хүмүүс оюун муутай байх юм. Ойрын бодолтой. Эсрэгээрээ их романтик, гэгээлэг хүмүүс бол стратегийг маш сайн хардаг.

Манай Х.Баттулга бол У.Хүрэлсүхтэй нийлээд явж байхдаа яалаа. Би тэр үед бичиж л байсан. “Дарангуйлагч нэг л байдаг юм аа. У.Хүрэлсүх өөрийг нь будаа болгох цаг ирнэ шүү” гэж бичээд байхад л “С.Эрдэнийг яаж хусах вэ” гээд явж байсан хүн шүү дээ. С.Эрдэнийг бол хувь хүн талаас нь буруутгах юм байхгүй. МАН-тай нийлж байгаад намтай юутай нь хуссан юм чинь.

-2020 оны сонгуулиар уу?

-Тийм. Тэгэхээр С.Эрдэнийн бачуураад байгаа нь ч гэсэн үндэсгүй юм биш.

-Тэгэхээр одоо АН-аас хоёр тусдаа зарлачихаад байгаа сунгааны алийг нь албан ёсны гэж үзэх юм бэ?

-Аль нь ч албан ёсны байж чадахгүй. Бид аль хэдийн Дээд шүүхийн барьцаанд орчихсон. Дээд шүүх юу гэж үзэхээс бүх зүйл шийдэгдэнэ. Хоёр, гурав хуваагдчихсан сонгуулийн аль нэг нь Дээд шүүхэд очлоо гэхэд нөгөө нь заавал гомдол гаргана. Дээд шүүх “Та нарын дотоод асуудал шүү дээ” гээд л хаячихна. Гэтэл намын даргыг бүртгэдэг газар нь УДШ. Дээд шүүх бүртгэхгүй бол энэ нам чинь төлөөлөлгүй болно. Тийм болохоор ямар ч байсан нэгдэж нэг сонгууль, сунгаа явуулахаас өөр гарцгүй.

-Х.Баттулгын тал одоо зарласан сунгаа руу орж ирэх болов уу?

-Эхлээд намын даргын асуудал юм шиг байснаа сүүлдээ Дотоод сонгуулийн хороо нь хүртэл хоёр тусдаа болоод намын бүтцийг хуваагаад эхэллээ шүү дээ. Тийм болохоор би уриалж байна. Одоо бол тоглоом тоотой нь дээр ээ. Зөвхөн Ерөнхийлөгчийн биш, 2024 оны сонгуулиа алдах болоод байна.

Уг нь бол шийдэж болохгүй асуудал биш. Нэг нь намын даргынхаа сунгааг зарлачихжээ, нөгөө нь дунд шатаа зарлачихсан юм байна. Тэрэн дээрээ нийлээд, нэг шугаман дээрээс нэр дэвшигчдээ гаргаад уралдаад ир ээ л байхгүй юу. 

-Нэгдэж чадах эсэх нь тэгээд дээр байгаа нэг хүнээс л шалтгаалах байх даа?

-Ер нь бол намын дарга нараас л шалтгаална шүү дээ.

  Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын даргын “Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх” саналыг НИТХ хэвээр баталлаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталжээ. Хуралдаана

2024-12-04

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруула

2024-12-03

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28