УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Коронавирусийн тахлыг дагаад эдийн засгийн идэвхжилтийг сэргээх асуудал хурцаар тавигдаж эхэллээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давж чадсан Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
-Тэр үетэй харьцуулах юм бол хэд дахин илүү хүнд нөхцөл байдалтай улс орон, дэлхий ертөнц тулгарч байна. Энэ хүнд хэцүү үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг хамгаалахаас гадна нийтэд хүртээмжтэй, үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж чадаж байна. Жижиг дунд болон ер нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг эрсдэл багатай хувилбараар сэргээн дэмжих шийдлүүдийг хэрэгжүүлэх асуудлыг УИХ, Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна, цаашид ч энэ тал дээр илүү их хүч хаяж ажиллах ёстой болж байна.
Тухайн үед Оюутолгой, Таван толгойн төслүүдийг шинээр эхлүүлэх нь өөрөө маш том хүчин зүйл болж байсан бол одоо ч мөн адил боловсруулах үйлдвэр, барилгажилт, дэд бүтцийн томоохон бусад төслийг идэвхжүүлэх нь чухал. Үүнд Засгийн газраас анхаарал хандуулж ажиллаж байгаа нь зөв. Энэ хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж улам үр ашигтай, мэдлэг боловсролтой залуу боловсон хүчнээр удирдуулсан хувийн хэвшлийн ирээдүй улам хүчирхэг болно гэдэгт итгэж байна.
-Таван толгойн төсөл гэж та сая дурдлаа. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн 10 жилийн ой болж байна. Тавантолгойн орд газрын талаар чухал шийдвэрүүдийг таныг гаргаж байсан талаар олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх?
-Тиймээ, 1998 онд бизнесийн салбарт байхдаа эзэмших эрхийг нь авч байсан Тавантолгойн ордын лицензийг төрдөө өгсөн. Дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх шийдвэрийг гаргасан. Хувьцаа эзэмшиж буй иргэн бүр өнгөрсөн жил ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас шууд ашиг хүртсэн анхны тохиолдол болсон. Мөн манай Засгийн газрын үед 2012 оныг дуустал Монгол Улсын иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг,Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр 21 мянган төгрөг зэрэг хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртсэн.
-Тавантолгойн ордын өнөөдрийн болон цаашдын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
-Тавантолгойн орд газар өнөөдөр Монгол Улсын эдийн засаг болон нийгмийн амин чухал төсөл болтлоо өргөжиж тэллээ. Шууд 2000 орчим ажлын байран дээр нэмээд шууд бусаар 20 мянга гаруй ажлын байр бий болгож мянга мянган Монгол гэр бүл амьдралаа авч явж байна. Цалин тэтгэврээс эхлээд бүх зүйлийг санхүүжүүлдэг улсын төсвийн орлогын томоохон хувийг дан ганцаараа бүрдүүлж байна. Энэ хүнд хэцүү үед монгол гэр бүл болгон үр хүүхдэдээ зарцуулж байгаа мөнгийг ч энэ ордоос төр засаг “хүүхдийн мөнгө” хэлбэрээр гаргаж байна.
Шударга ёсны хамгийн бодит бөгөөд тод илрэл нь энэ орд болж байна. Тавантолгойн орд нь цаашид ч том төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан бизнес идэвхжилтийг сэргээх үндсэн хэрэгсэл болох эдийн засгийн ач холбогдолтой. Гэхдээ том хөгжлийн ач холбогдол үүнээс ч өргөн байх учиртай.
-Том хөгжил гэдгийг тодруулбал?
-Хамгийн гол нь Монголын ард түмнийг дундаж давхаргын амьдралын түвшин рүү хөтлөх боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог санхүүжүүлэх учиртай. Ард түмний өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээх идэвх санаачилга нь олон улсын стандартын боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцооноос эхлэх учиртай. Мөн ард түмний энэ идэвх санаачилгыг дэмжсэн татварын дарамт багатай, зээл нь хүртээмжтэй, хүү нь багатай бизнесийг дэмжих тогтолцооны нэг багана нь болох учиртай юм.
Үүний зэрэгцээ ардчилсан Монгол Улсад иргэн хүн айдасгүйгээр өөрийгөө илэрхийлэн илүү эрх чөлөөтэй амьдрах бие даасан тусгаар төрийн дархлааг баталгаажуулах учиртай. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн бие даасан байдал, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох учиртай.
-Манай сонины 100 жилийн ойн тусгай дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн нэрсийг зарлахад таны нэр орсон байсан. Энэ тухайд таны хувийн байр суурийг сонсъё?
-МАН 100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна.
-Та амжилттай яваа улстөрч, бас Монголын томоохон компанийг босгосон хүн. Өөрийн амжилтыг товч дүгнэвэл?
-Би өнгөрсөн 20 гаруй жил улстөрийн тавцанд ажиллах хугацаандаа ардчилал, хүний эрх, хөгжил нь хамгийн чухал үнэт зүйл гэсэн зарчим баримталж ирсэн. Эв нэгдлийг хангаж, дэвшилтэт үзэл бодлыг чиг баримжаа болгон ажиллаж ирсэн. Үүний жишээ гэвэл гаднынханд зарж үрэлгүйгээр төрдөө Тавантолгойн орд газрыг ашиглах лицензийг буцаан өгч ард түмний өмч болгосон.
Боловсролын салбар, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлсэн туршлага надад бий. Миний удирдаж байсан хамтарсан Засгийн газрын үед Монголын эдийн засаг түүхэнд хамгийн өндөр буюу 17.5 хувийн өсөлт үзүүлж дээд амжилт тогтоож байлаа.
Ядуурал анх удаа хоёр оронтой тоогоор буурч, айл өрхийн орлого бараг хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол үг биш статистикийн бодит тоо баримт. Тоо худлаа ярьдаггүй.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар ковидын цар тахал дэгдэхээс өмнө 2012-2016 оны хооронд шаланд унасан байсан эдийн засгийн өсөлтийг хурдасгаж чадсан. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан өндөр өсөлтийн үеэ сэргээж эхэлсэн. Цар тахлын үе дуусч ойрын ирээдүйд ийм боломжоо хэрэгжүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хувь хүний хувьд улс төрд орохоосоо өмнө нь би 1990 оноос бизнес хийсэн. Олон салбарт хүч үзэж, их ч хөдөлмөрлөсөн. Миний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд одоо 3000 гаруй ажлын байр бий болгож, улсад хэдэн арван тэрбумын татвар төлж байна. Товчхондоо ийм байна.
-Сүүлийн үед таны тухай хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэлтэй холбоотой гэж бодож байна уу. Жишээлбэл, таныг Оюутолгойн гэрээг байгуулахад нөлөөлөн зээлийн хүүг бууруулсан хэмээн буруутгасан мэдээлэл гараад байна л даа?
-Монголын улстөрчдийн талаар зохион байгуулалттай харлуулсан мэдээлэл гарах бүрт цаана нь нэг далд санаа дагалдаж байдаг нь нууц биш болсон. Жишээ нь би Ерөнхий сайдаар томилогдоод буюу 2011 онд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд орж, Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн. Анх энэ гэрээг байгуулснаас хойш Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан ганцхан тохиолдол энэ юм. Олны нүдэнд илт, тоо баримтаар нотлогдсон үнэнийг мушгин гуйвуулна гэдэг нь улс төрийн зорилгоор хүний санаанд оромгүй гүтгэлэг зохиож байгаагийн илрэл. Зөвхөн энэ удаад ч биш. Сүүлийн 20 жил би элдвээр хэлүүлсэн. Харин би ажлаа сайн хийх нь л чухал, “…жингийн цуваа явж л байдаг” гэдэг зарчмаар хандаж, тайлбар няцаалтыг тэр болгон хийж байгаагүй нь өрөөсгөл байжээ л гэж бодож сууна.
-Бас Оюутолгойн татварыг бууруулсан гэх асуудлыг ч тантай холбодог шүү дээ?
-Ямар ч ор үндэслэлгүй гүтгэлгийн бас нэг туйл. Миний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Оюутолгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлж олон зуун сая ам.доллараар татварын орлого өссөн. Манай Засгийн газар татварыг бууруулсан биш нэмсэн гэдэгтэй маргах ямар ч аргагүй бодит үнэн юм.
-Тэгвэл ямар зорилгоор ийм зүйл зохиож байна гэж та хэлэх вэ?
-Бодит баримтыг санаатайгаар гуйвуулсан мэдээ гадаадад гаргуулаад байгаа нь татвар нэмж, зээлийн хүүг бууруулсан бодлогыг нь эсэргүүцээд байгаа юм уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Улс төрийн зорилгоор гүтгэлэг зохиож байгаа нь тодорхой.
Гэхдээ яг Оюутолгойтой холбоотой, хэнд ч ойлгомжтой асуудлыг гуйвуулж надад нялзаах гээд байгаа зорилгыг би ойлгохгүй байгаа. Дотоодод иргэний шүүхэд үүсгэсэн иргэний маргаан нь “маш нууц” гэсэн тэмдэгтэй учраас тэнд бас ямар детектив зохиол бичиж гүтгэх гэж байгааг нь ч мэдэхгүй байна.
-Маш нууц иргэний маргаан гэж байдаг хэрэг үү?
-Дотоодын шүүхэд өгсөн материалаа “маш нууц” зэрэглэлд оруулчихсан юм байна лээ. Ер нь иргэний маргааныг оролцогчдоос нь нуугаад төрийн маш нууцад хамруулаад үзье гэхээр үзүүлэхгүй хоёр сар орчим явна гэдэг нь хуулийн ямар бүдүүлэг зөрчил вэ. Маргааны материалуудтай танилцахгүй бол өмгөөлөгчид өмгөөллөө яаж хийх вэ, тэгсэн хэрнээ түүнийгээ гаднын өмгөөлөгчид болохоор маш нууцаас гаргалгүй өгч байгаа нь ямар ноцтой ялгаварлан гадуурхалт вэ. Илт үндэслэлгүй, хуулийн маргаан үүсгэх шалгууруудыг огт хангаагүй нэхэмжлэл гаргачихаад үүнийгээ нуугаад байгаа юм уу. Би төрд олон жил зүтгэж буй хүн, эрх биш төрийн нууцад юу хамаарах эсэхийг ялгана шүү дээ. Энэ асуудлаар зохих хуулийн байгууллагад нь хандаж байгаа.
-Таныг гадаадад байр, өмчтэй хөрөнгөтэй гэх мэдээлэл байсхийгээд л гарах юм?
-Би энэ талаар саяхан хэвлэлд ярилцлага өгсөн. Надад оффшорт данс ч байхгүй, мөнгө ч байхгүй, байр ч байхгүй. Хэн нь зөв, хэн нь буруутай болохыг манай шүүх үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэлтэй байна.
Эхнээсээ үнэн ялж, Нью-Иоркийн шүүх энэ маргаанд дурдагдаад байгаа Солонгос бизнесмений өмч хөрөнгийг царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч гэх хуулийн компани нь гаргасан гомдлоосоо миний нэрийг татсан байна лээ.
-Гадаадад зохион байгуулалттай таны эсрэг ажиллагаа явуулж байна гэж үзэж байна уу?
-Би хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтэн гаднын хувийн ашгийн төлөө байгууллагад иргэнээ захиалан мөрдөж, тагнаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөөд байгаа. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед гадаад хэл дээр хэргийн материал гэх гүтгэлэг ирж, түүнийг нь Монголд үг дуугүй гүйцэтгэж байсан “Лхүмбэ”-ийн хэрэг шиг юм болж байгаа юм биш үү. Миний хувьд энэ эрээ цээргүй ажиллагаандаа миний гэр бүл, үр хүүхдийг оролцуулан гүтгэн доромжилж байгаатай хэзээ ч эвлэрэхгүй ба хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа, гүйцэтгэх ажлын хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулах болно.
Гаднын хувийн детектив компанийг хөлсөлсөн энэ их мөнгийг хаанаас, ямар зориулалтын хөрөнгөнөөс, хэний захиалга, даалгавраар гаргасныг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Би энэхүү гүжир гүтгэлэгтэй хатуу тэмцэх болно. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг ухаант ардын үг байдаг даа.
Ярилцлагын төгсгөлд нийт Монголчууддаа гарч буй 2021 ондоо болон Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо цар тахлын аюулаас ангижирч, эдийн засаг нь тогтворжин өсч, ардчилал, хүний эрх, эрх зүйт төрөө дээдэлсэн хөгжил дэвшлийн шинэ зууныг амжилттай эхлүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй