УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр “Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөл өргөн барихаар болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр “2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 4 сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан мэдээлэл байна. Тэгэхээр энэ хууль бол төсвийн цоорхойг нөхөх хэмжээний өндөр торгуультай, ард иргэдийг хохироосон, иргэдийн амьдралд хүндээр тусах хууль болчихоод байна. Цар тахалтай, иргэдийн орлого буурсан энэ үед өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай гэж миний бие үзэж байгаа.
Орон нутгийн дарга нар жирийн алба хаагч, цагдаа нараар иргэдийг торгох төлөвлөгөөг гүйцэтгэдэг нөхцөл ирчихээд байна. Энэ хуулийг өргөн барьснаар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэх болон шалгагдаж байгаа иргэдийг өршөөх юм.
Урьдчилсан байдлаар энэ хууль нэг сая гаруй иргэнд шууд нөлөө үзүүлнэ. Энэ хууль олон заалт байгаагаас тодруулбал ААН-үүдийн 10 хүртэлх сая төгрөгийн торгуулиас чөлөөлөх боломжтой юм. Харин 10-аас дээш сая төгрөгийн торгуультай тохиолдолд энэ хуулинд хамаарагдахгүй. Учир нь ихэнх нэг сая төгрөг хүртэлх торгууль байгаа юм. Торгуулиа төлж чадаагүй иргэд Эрүүгийн хуулиар ял аваад явж байна.
Энэ хуулинд баривчлах шийтгэл, иргэд, ААН-ийн арван сая хүртэлх торгуулийг чөлөөлөх заалтуудыг оруулсан. Торгуулийн ихэнх хэсэг нь замын хөдөлгөөний зөрчил байна. Байгаль орчны эсрэг буюу алт олборлох гэж яваад ганц хоёр хүрз шороо авдаг. Энэ торгууль нь 2-5 сая төгрөг байдаг. Төлж чадахгүй байгаа иргэд тэнсэн харгалзах ял авч байгаа тул иргэдийн амьдрал хүнд байгаа нөхцөлд хуулийн төслийг өргөн барьж байна
Энэ хуулиар тухайн хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин торгуулийн мөнгөн дээр л өршөөл үзүүлж байгаа юм” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй