МАН ялалтаа бататгаж, АН Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч, ХҮН гуравдагчийн байр сууриа бататгалаа

2020-10-16 900 0

Өчигдөр Монгол улс даяар орон нутгийн сонгуулийн санал хураалт болж, аймаг, нийслэл, сум дүүрэгт ирэх дөрвөн жил эрх барих нам, улстөрийн хүчнүүд тодорлоо.

Үүнтэй холбоотой асуудлууд сошиалчдыг шөнө нойргүй улстөржүүлж, хэл ам, хэрүүл тэмцэл болгож байна.

Энэхүү орон нутгийн сонгуульд нийслэлд МАН ялж, аймаг, орон нутагт МАН болон АН ялалт байгуулсан урьдчилсан дүгнэлт гараад байна. Мөн орон нутгийн сонгууль ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх намуудын бэлтгэлийг шалгасан томоохон шалгалт боллоо. Энэ удаагийн орон нутгийн сонгууль, экс болон одоогийн Ерөнхийлөгчдийн шууд оролцоотой болж өнгөрснийг үгүйсгэх аргагүй юм.Үүнтэй холбоотой асуудлуудыг багцлая.

Эрх баригч МАН 7 аймаг, нэг дүүрэгт ялагджээ

Төр, засгийн эрх барьж буй МАН хөдөө орон нутагт зарим аймагт ялагдлаа. Тухайлбал АН Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгууд болон нийслэлийн Сүхбаатар дүүрэгт яллаа.

Харин МАН-ын ялсан аймгууд нь Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймаг ажээ.

Нийслэлийн дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1,  Монголын Ногоон нам 1, бие даагч 2 суудал тус тус аваад байна. Хамгийн гол төвлөрөл болох нийслэлд болон олонх аймагт ялсан нь МАН-ын хувьд УИХ-ын сонгуулийн дүнгээ  бататгасан хэрэг байв.

Сонгогчдоос эксүүдэд тавьсан дүн байлаа

НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар, дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг нар ялагдлаа.

Ялангуяа Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Г.Уянгахишиг нар өнгөрсөн зун УИХ-ын сонгуульд, дахиад энэ удаа орон нутгийн сонгуульд ялагдсан нь эксүүдэд сонгогч олны тавьсан дүн.

Н.Энхбаярын МАХН байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцров

Сүүлийн 8 жилийн сонгууль бүрийн дараа луйврын сонгууль хэмээн уйлагнаж, мөн сонгууль бүрээр аль нэг намтай эвсэж, хамтарч алаад өгнөө гэж ирсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нам энэ удаад ч байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорлоо.

Тэд НИТХ-ын сонгуульд АН, ШИНЭН-уудтай хамтарсан ч ялагдлаа. Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын нийт 291 суудлаас ганцыг л авч чадсан гэхээр Н.Энхбаяр болон түүний намынхны хэлж, ярьж ирсэний эсрэг дүнгээ тавьсан гэсэн үг.

ХҮН гуравдагчийн байр сууриа баталгаажууллаа

Энэ удаагийн сонгууль ХҮН-ыг Монголын улстөрд гуравдагч хүчний орон зайд тоглож эхэлж байгааг баталгаажууллаа. Сонгууль эхлэхэд тус намыг НИТХ-ын сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэр гарсан ч удалгүй уг шийдвэрийг буцаасан.Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ХҮН НИТХ-д 3 суудал, дүүргүүдийн ИТХ-д 10 суудал авсан нь чамлахааргүй амжилт.

ХҮН-ын нийслэлийн хорооны дарга Д.Наранбаяр, Д.Гантулга нар Баянзүрх дүүргээс, П.Ганзориг Хан-Уул дүүргээс тус тус сонгогдоод байна.

Ерөнхийлөгчийн оролцоотой АН зарим аймагт ялав

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх жилийн ээлжит сонгуулийнхаа бие халаалт болгож энэ удаа орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН-тай “хамтарлаа”. Ерөнхийлөгчийн хувьд орон нутагт ажилласан цаг хугацаа нь Орон нутгийн сонгуультай давхацлаа.

АН-ын дээд удирдлага өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш ойлгомжгүй байдалд орсон. Үүнтэй зэрэгцээд ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхийг АН-аас авах том зорилго Х.Баттулгад бий.

Эдгээр нь Ерөнхийлөгчийг энэ удаагийн орон нутгийн сонгуульд хүч тавихад хүргэсэн нь ойлгомжтой. Орон нутгийн сонгуулийн төгсгөл дээр Архангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзсан нь тус аймагт АН ялахад томоохон нөлөө үзүүллээ.

Тус аймгийн засаг даргыг олны өмнө загнасан нь ийнхүү нөлөөлсөн гэдгийг ярьж байгаа юм.

  Тоймч О.Ганхуяг (gereg.mn)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын даргын “Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх” саналыг НИТХ хэвээр баталлаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталжээ. Хуралдаана

2024-12-04

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруула

2024-12-03

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28