Ч.Улааны “гай тарьсан” амлалт ба барьц алдсан малчид

2020-05-25 832 0

“Ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэнэ, авна. Би амлачихъя” гээд байсан Ч.Улаан сайд өдгөө “100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье” гээд сууж байна. Ч.Улаан сайдын энэ “гайтай амлалт”-аас болоод жилийн жилд ноолуурынхаа үр шимээр амь амьжиргаагаа зохицуулдаг малчид өнөөдөр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр тун хүнд байдалд ороод байна. Учир нь тэд Ч.Улаан сайдад итгээд цээжний хонжоо хийн баахан зээл авчихсан байдаг.

Гэтэл өнөөдөр Баянхонгор аймагт л гэхэд ноолуурын үнэ 40-50 мянган төгрөг, зарим аймагт бүр 20 мянган төгрөг байна.

Харин эрхэм сайд “Энэ жилийн хувьд хоёр том хүчин зүйл нөлөөллөө гэж хувьдаа харж байгаа. Нэгдүгээрт, ковид цар тахал. Үүнээс шалтгаалж хил хорио тавигдсан. Гадна хөрөнгө оруулагчид, наймаачид орж ирээгүй. Манай ноолуурын 90 хувийг гадныхан авдаг. Энэ цар тахлаас болоод ноолуур худалдан авах зүйл нь хязгаарлагдчихлаа. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэгчид үүнийг худалдаад авчих санхүүгийн чадваргүй. Эх үүсвэргүй учраас ноолуурын борлуулалт удсан.

Хоёрдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөллөө. Ер нь ноолуурын үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сард зүүн аймгуудаас эхлүүлээд зургаадугаар сард баруун аймагт дуусдаг. 3, 4 сарын хугацаатай бизнес. Гэтэл гурван сар өнгөрчихлөө. Ноолуурын бизнес явсангүй.

Үүнээс шалтгаалаад малчид ноолуураа борлуулъя гэх эрэлт нэг талаас гарч байна. Нөгөө талд бизнес нь огт хөдөлдөггүй. Үүнийг дагасан улс төр ч их явлаа. Ирэх долоо хоногт Их хурлын тогтоолын дагуу олгох ноолуурын урамшууллыг олгоно. Үйлдвэрүүд маань түрүүч нь зээлээ аваад эхэлсэн. Бэлтгэлдээ гарч байна. Төр ирэх долоо хоногт хүлээсэн үүргийнхээ дагуу бүх урамшууллаа олгоно.

Одоо харин үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн хариуцлага үлдэж байгаа. Үнээ тохирч өгч авах ёстой. Хоёр сарын хугацаа бидний боломжийг үгүй хийчихлээ. Аль болох үнэд хүргэх ёстой.

Өнөөдөр бид ноолуураа Итали руу эхний ачилтаа хийж байна. Одоогоор дотоодын жижиг худалдан авагчид зарим нэг үйлдвэрүүд худалдан авч байгаа. Дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хаан ширхэгт гэх олон улсын стандарт батлуулсан.

Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн” хэмээн ярьж байх юм.

“Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн” гэх түүний үгийг юу ч гэж ойлгох ёстой юм. Дүлийдээ найдаж унгараг гэгчээр Улаан сайдаас нэг мөр боллоо гэж барьц алдсан малчид байж ядаж байна….

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01

Засгийн газрын 100 хоногийг угтан Ерөнхий сайд албан даалгавар гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл

2024-09-11

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03