Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Ерөнхий сайд Н.Учрал “Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ” гэж мэдэгдлээ.
Мөн тэрбээр “Монгол Улсын иргэдийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаа тул тогтолцоог шинэчлэх шаардлагатай. Иргэд илүү олон жил шимтгэл төлсний үр шим хаана байгааг үргэлж асуусаар ирсэн. Бага цалинтай бол хэдэн ч жил төлсөн баталгаа муу, бага тэтгэвэр авдаг. 25 жил ажилласан байлаа ч 20 жил ажилласантай ижил хэмжээний тэтгэвэр авдаг нь шударга биш юм. Одоогоор 10 хүний зургаа нь бага тэтгэвэр авдаг. Нийт тэтгэвэр авагчийн 57 хувь нь 769 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг. Жил бүр инфляцтай уялдуулан нэмж байна. Цаашид тэтгэвэр тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ.
Манай улсад 504 мянган хүн өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа. Эдгээр иргэнээ 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана. Баталгаат тэтгэвэр нь хэдэн жил шимтгэл төлснөөс хамаарч ялгаатайгаар тогтдог. Жишээлбэл 10 жил ажиллаад 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол баталгаат тэтгэврийн хэмжээ нь 150,000 төгрөг гэх зэргээр үечлэлтэйгээр зөрүүг арилгах бодлогыг санал болгож байна.
Өөр нэг шинэчлэл нь тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс бодно. 2013 оноос өмнө тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаар нь 1.4 сая төгрөг байсан. 2018 оноос хойш 2.4 сая төгрөгөөс боддог болсон. Энэ дундын завсраас тэтгэврийн зөрүү үүссэн тул 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулж байсан бүх иргэнийг 2.4 сая төгрөгөөс тэтгэврийг нь дахин бодно. Түүнчлэн 25 жилээс дээш жил ажилласан жил тутам 1.5 хувийн нэмэгдэл өгдөг байсныг 2 хувь болгоно.
35 жил ажилласан бол цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувиар тооцдог болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг дэмжинэ. Мөн эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал жил тутамд 4 хувиар нэмэгдүүлнэ. Жишээлбэл 57 насандаа тэтгэвэр гарах байснаа 60 нас хүртлээ ажиллана гэж сонговол тэтгэвэр нь 12 хувиар нэмэгдэх юм” гэв.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Үүнд:
– Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх,
-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох,
– Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааны хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох,
-Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх.
Баталгаат тэтгэврийн хэмжээ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй