Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралдаанч хүүхдийн хамгааллын асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглодог. Энэ тухай Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол батлагдсан. Өнөөдрөөс эхлэн хаврын морины уралдаан эхэлж байна. Өнөө өглөө “Дүнжингаравын хурд” морин уралдаан боллоо.
2025 оны байдлаар 12 мянга орчим хүүхэд уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, үүнээс 250 нь бэртэл гэмтэл аваагүй, 88 нь хөнгөн, тав нь хүнд бэртэл гэмтэл авсан гэсэн мэдээлэл байна.
Тиймээс баяр наадмын үе, морин уралдааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, уяачид, орон нутгийн удирдлагуудыг анхааралтай ажиллахыг уриалж байна. ГБХНХ-ын сайдын хувьд бүх аймаг, дүүргийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Орон нутагт морины уралдааны зам, харгуй, аюулгүй байдал, тусгай хэрэгсэлд анхаарал тавьж ажиллах ёстой.
Хуулиараа найман нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглодог. Хамгийн чухал нь унаач хүүхдүүдийн эцэг эх хариуцлагатай байх шаардлагатай. Бүх зүйл дүрэм журмын дагуу байх ёстой. Хамгаалах хэрэгсэл зайлшгүй бэлтгэсэн байх учиртай. Тухайн уралдаанд оролцож буй хүүхэд заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Морины уралдаанд найман нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх чиглэлээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналт шалгалт тавьж ажиллана. Мөн бүх аймаг, нийслэлийн уяачдын холбоод эдгээр дүрэм журмыг баримталж, сахиулахыг хүсье. Морин уралдаан нь Монголын өв соёл боловч нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадахыг уриалж байна” гэв.
2026 он гарсаар ахуйн хүрээнд 3 хүүхэд, хурдан морины бэлтгэлийн үед 1 хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авсан бол морины ажил хийх явцад 1 хүүхэд, ахуйн хүрээнд 1 хүүхэд мориноос унаж эндсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй