Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад 2008-2010 оны хооронд туршилтаар хэрэгжүүлж байсан цагаан будаа тариалах төслийг сэргээжээ.
Сэлэнгэ аймгийн нутагт цагаан будааны сортыг сайжруулах төслийг хэрэгжүүлж, шинэ төрлийн цагаан будааны сортыг тухайн үед гаргаж авсан. Тус сортыг олон улсын патентаар баталгаажуулан “Чингис голд” хэмээн нэрлэсэн. Уг сорт нь энгийн сортын будааг хуурай газрын будаатай эрлийзжүүлэн тариалснаар усны хэрэглээ харьцангуй бага шаардагддаг. Африк гаралтай цагаан будааны генетик шинж чанарыг агуулдаг тул ойролцоогоор 2.5-3 сарын хугацаанд ургацаа өгдөг.
Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн Өргөмжит консул К.Фүжишигэ цагаан будаа тариалах газраа сонгох, хөрсний дээжээс шинжилгээ авах, тариалангийн талбайг усжуулах нөөцийн судалгаа хийх зэрэг ажлаар удаа дараа Монголын хөдөөг зорин ажилласан. Энэ оны зургаадугаар сарын 15-нд Өвөрхангай аймагт цагаан будааны тариалалтын туршилтын төслийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба есдүгээр сард ургацаа хураахаар ажиллаж байна.
Өргөмжит консул К.Фүжишигэ энэхүү төслийг хэрэгжүүлснээр хатуу ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд тохирсон тогтвортой, шинэ төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарган авах загвар болно хэмээн үзэж буй. Хүйтэн газарт тохирсон цагаан будааны тус сортыг анх санаачилсан Япон Улсын иргэн, хөдөө аж ахуйн ухааны доктор, 90 настай Оритани Такаши амьд сэрүүндээ олон жилийн судалгааны ажлын үр дүнг бодит ажил хэрэг болгохыг зорин, тус төслийг Монгол Улсад дахин эхлүүлэх шийдвэр гаргасан тухай Өргөмжит консул К.Фүжишигэ онцолж байна.
Тус санаачилга нь Монгол Улсад хүнсний үйлдвэрлэлийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн технологийн хөгжилд хувь нэмэр оруулах, улмаар Монгол-Япон хоёр орны хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй