Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар сарын 8-ны А/356/396 хамтарсан тушаалаар Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг баталсан байдаг. Уг жагсаалтын гуравдугаар хавсралтын 158 дугаарт натрийн гидроксид (NaOH) буюу идэмхий сода нь аюултай гэсэн ангиллаар бүртгэгджээ.
Гэтэл ус, ундаа үйлдвэрлэгч “Витсамо фрут жүүс” ХХК-ийнхан арьс үрэвсүүлэгч уг химийн аюултай бодисыг их хэмжээгээр буюу 220 гаруй кг-ыг зохих зөвшөөрөлгүйгээр олж авч, хадгалж байсныг хууль сахиулах байгууллагынхан илрүүлжээ. Улмаар Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахь хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, авсан, ашигласан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтыг үндэслэн “Витсамо фрут жүүс” ХХК болон гүйцэтгэх захирал Ц.Отгонхуягийг яллагдагчаар татсан байна.
Дээрх жагсаалтад багтсан бодисыг холбогдох яамнаас зөвшөөрөл авч үйл ажиллагаандаа ашиглаж болох тухай Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд заасан байна. Үүнийг зөрчин тусгай зөвшөөрөл авалгүйгээр “Витсамо”-ийн ундаа, усны үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор натрийн гидроксидыг их хэмжээгээр хадгалж байжээ. “Витсамо фрут жүүс” ХХК болон гүйцэтгэх захирал Ц.Отгонхуяг нарын гэм буруутай эсэхийг энэ сарын 16-нд шүүх аж.
Натрийн гидроксид нь маш өргөн хүрээний хэрэглээтэй, цаас, сүлжмэл, ундны ус, саван, угаагч бодис гэх мэт олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд химийн хүчтэй суурийн үүрэг гүйцэтгэдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй