А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ

2026-03-02 149 0

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн нэгдсэн кампанит ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсад хорт хавдрын өвчлөл ноцтой түвшинд байна. Нэгдүгээрт элэгний хорт хавдар, хоёрдугаарт ходоодны хорт хавдар, гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Бид өвдсөний дараа эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлого руу илүү анхаарах ёстой. Эмнэлгийн өргөтгөл барих, орны тоо нэмэхээс илүүтэй иргэдийг зөв хооллолтод уриалах, вакцинжуулалт, эрт илрүүлгийг бодитоор дэмжих шаардлагатай.

Улсын хэмжээнд 2024 онд 8162, 2025 онд 8016 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөл буурахгүй байгааг харуулж байна. Өдөрт дунджаар 20 иргэн хорт хавдрын онош сонсож буй юм. Нийт хүн амын 55 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгааг тооцвол нийслэлд өдөрт 12-13 хүн хорт хавдрын онош сонсож байна гэсэн үг.

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ходоод, хоол боловсруулах эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр боловсруулж, ирэх дөрөвдүгээр сараас хеликобактерийн халдвартай тэмцэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа.  Мөн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папилома вирус (HPV)-ийн вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Өмнөх жилүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чадаагүй. Тухайлбал, 2024 онд 40 мянган хүүхэд хамруулахаар төлөвлөсөн ч 8000 хүүхэд вакцинд хамрагдсан бол 2025 онд 19 мянган хүүхэд хамрагдсан. Энэ нь төлөвлөсөн тооны 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт. Иймд 2026 онд вакцинжуулалтыг өргөн хүрээний мэдээлэл, нөлөөллийн кампанит ажил болгон зохион байгуулж, зорилтот бүлгийнхээ хамгийн багадаа 90 хувийг хамруулах зорилт дэвшүүлж байна. Нийслэлийн хэмжээнд уг кампанит ажлыг сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд шат дараатай зохион байгуулж, хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллана” гэв.

Монгол Улсын 1.6 сая хүн амын 864 мянга нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл нийт эмэгтэйчүүдийн 124 мянга нь л эрт илрүүлэгт хамрагдсан нь 20 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Иймд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах, эрт илрүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн вакцины үр дүн богино хугацаанд бус 10-15 жилийн дараа бодитоор харагдана гэдгийг албаныхан онцолж, эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт тогтмол хамрагдах, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ HPV-ийн вакцинд хамруулахыг уриаллаа. Вакцин болон эрт илрүүлэгт дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хамрагдах боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,

2026-03-02

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн тохиолдол 423-т хүрчээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя

2025-12-01