“Болор Цом-43” наадмын тэргүүн байрын шүлэг “Үг”

2025-11-27 3054 11

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам боллоо. “Болор цом”-ын эзэн, эгшиглэнт эхийн хишигт найрагчаар яруу найрагч Н.Минжинсайхан тодорсон бол яруу найрагч Л.Торой “Явуугийн нүднээс гэрэл цацарна” шүлгээрээ удааллаа. Гутгаар байрыг Д.Болдхуяг “Монгол бичиг” шүлгээрээ хүртжээ.

“Болор Цом 43” наадмын тэргүүн байрын шүлгийг хүргэе. 

“Үг”

Хамаг хайрыг би үгнээс авч

Хамаг хайраа би үгэнд юүлсэн

Үг миний үндэс хөрс

Үг миний өвөг дээдэс

Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй

Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй

Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй

Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй

Үг миний мөргөлийн сүм

Үг миний өргөлийн сум

Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр

Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр

Дардам мөртөө замаа олоогүй үгэнд

Зам болж

Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд

Тэнгэр болж явдаг би

Үгэн дотор далавч байдгийг харж

Үг шувуу шиг нисэж дүүлдэгийг ч үзэв би

Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж

Үг үгийнхээ салхинд гандаж хагдардагийг ч танив би

Үг миний энхрий үрс

Үг миний эх нутаг

Үг миний эх орон

Үг миний эх дэлхий билээ.

Чулуу шиг үгэнд ус хадгалж

Нэлийсэн их далайг хурааж үзсэн би

Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж

Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би

Уул шиг үгэнд тал сөхөрдөгийг харж

Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би

Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж

Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би

Үг миний өдөр хоног

Үг миний чөдөр аргамж

Үг миний мөр зам

Үг миний мөрөөдөл хүсэл

Үг төрж, үг өсдөг хорвоод

Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд

Үг уйлж, үг дуулдагийг таньснаас

Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!

Үг миний туургат – гэр орон

Үг миний тусгаар тогтнол – эрх чөлөө!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07