Чуулганы өнөөдрийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 97 гишүүний 80 нь дэмжсэнээр түүнийг УИХ-ын даргаар сонголоо.
УИХ-ын дарга Н.Учрал сонгогдсон даруйдаа чуулганд хэлсэн үгэндээ “Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир миний бие ард түмнээс уг сурвалжтай, эх ундаргатай, ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж, хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлээд, ард түмний элч, төлөөлөгчдийн олон ургалч, үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллийн оролцоотой парламент мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно.
Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол Улсын язгуур нийтлэг эрх ашиг гагцхүү шударга ёсонд суурилсан, эв эеэ хичээн, улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая. Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд гишүүн гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.
Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.
Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай. Эдгээр дөрвөн зорилтыг УИХ-ын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно.
Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч, төлөөлөгч. Илүү тусгай эрх дархтай, ард түмэнд зааж, зааварладаг дарга нар бид биш. Улс төрийн намын бус, улс орны ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж хэлэлцэн баталж байх нь та бидний онцгой үүрэг юм. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжид хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно.
Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах, эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллахыг уриалж байна” гэв.
УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр АН-ын бүлэг завсарлага авсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлэг парламентын дарга нь аль нэг намын дарга байх нь зохимжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнийг бид хэн нэгэн хүнд зориулж яриагүй. Өмнө нь ярьж байсан асуудал. М.Энхболд, З.Энхболд нар намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын даргаар ажиллаж байсан нь зөв жишиг биш байсныг бид мэдэж байгаа. АН энэ асуудлаар дахин ярилцах шаардлагатай байна. Тиймээс үдээс хойш 14:00 хүртэл завсарлага авъя” гэсэн юм. Чуулганы хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ АН-ын бүлэг завсарлага өгч, хуралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулсан ба үдээс хойших хуралдаанаар ийн Н.Учралыг УИХ-ын даргаар сонголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй