
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Манай бүлгийн 38 гишүүн нэгдээд бүлгээ хуралдуулах шаардлагыг бүлгийн даргадаа өгөх гэсэн ч харамсалтай нь өөрөө алга байна. Тиймээс ажлын албанд өглөө. Бүлэг хамгийн сүүлд хоёр ч удаа хуралдсангүй. УИХ-аар хэлэлцэх ёстой олон асуудал хуримтлагдчихлаа. Тиймээс бүлэг хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцээд шийдэл гаргах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр 16:00 цагаас бүлгээ хуралдуулахыг шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол шаардлага өгсөн гишүүд бүлгээ хуралдуулна. Манай бүлэг дөрвөн дэд даргатай. Дэд дарга нь удирдаад явчихна” хэмээсэн.
Үүний хариуд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мөн мэдээлэл өглөө. Тэрбээр “Эхлээд намын Удирдах зөвлөл хуралдах ёстой. Тэгэхгүй бол бүлэг хуралдаад өргөн барьсан хоёр бичгээ тойроод нэгнээ чичлээд дуусна. Бүлгийн хурал хоосон хэрүүл л болно.
Огцруулах хоёр бичгээс болоод төрд асуудал үүсэж байгаа учраас бичгүүдээ татах асуудал гарч ирнэ. Ингэхийн тулд Ерөнхий сайд, УИХ-ын дарга ямар бодолтой байгаа нь чухал. Бүлгийн даргын хувьд би үүнийг зохицуулах ёстой гэж бодож байгаа. Энэ бол миний үүрэг. Гэхдээ эхлээд Удирдах зөвлөлөө хуралдуулах ёстой. Би Удирдах зөвлөлөө хуралдуулаач гэсэн шаардлагыг Я.Содбаатар даргад хэлсэн. Удирдах зөвлөл хуралдаж энэ бүхнийг зогсоож улс төрийн зөвшилцөл хийх хэрэгтэй. Ингэж байж УИХ-ын үйл ажиллагаа тогтворжино. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар зөвшилцөх хэрэгтэй. Эвлэрүүлэх асуудлыг би өнөөдрийг хүртэл хийгээд явж байна. Энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Ерөнхийлөгч мэдээж намын дотоод асуудалд оролцохгүй. Гэхдээ юу болж байгаа талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байсан юм.
Хоёр талд хуваагдаад байгаа гишүүдийн төлөөлөл хэд хэдэн удаа уулзсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хүрээнд ч уулзалт болсон. Магадгүй хоёр тал зөвшилцөөд огцруулах бичгээ татчихвал УИХ төсвөө хэлэлцээд явна. Энэ мэт асуудлыг ярилцсан. Удирдах зөвлөл хуралдахгүй бол маргааш 12:00 цагт бүлгээ хуралдуулна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй