УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариуллаа.
Тэрээр “Админерал” гэдэг компанийг надтай холбох гэж АТГ-аас шалгасан. Харамсалтай нь сэжүүр олдоогүй. Сүүлд нь нүүрсний сонсгол дээр надтай хамтарч ТББ эзэмшдэг Ц.Чулуунзагдын ах нь гүйцэтгэх захирал хийж байгаа учраас Д.Амарбаясгалантай холбоотой гэж зарласан. Говь-Алтай аймагт 1998 онд аравдугаар анги төгссөн Ц.Чулуунзагд нарын хүмүүс нэгдээд “Төрөлх Алтай” ТББ байгуулсан. Удирдах зөвлөлд нь 11 хүн бий. Ц.Чулуунзагд МАН-ын дөрвөн нарийн бичгийн даргын нэг. МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй. Чулуунзагд бид хоёрыг хамт ажилладаг гэдэг үндэслэлээр холбож байгаа бол надаас өөр хүнтэй ч холбогдоно. Би “Админерал” гэдэг компанитай ямар ч холбоогүй. Манай гэр бүл, ах дүү, хамаатан садан уул уурхай, нүүрс тээврийн бизнес хийдэггүй. Миний ойр дотнын хүмүүсээс барьж хорьсон зүйл байхгүй. Харин надтай хамт ажиллаж байсан, хамт зургаа авахуулсан хүмүүсийг барьж хорьсон. Асуудал байвал надтай ярих хэрэгтэй. Надтай хамаатуулж жирийн, бизнес хийж байгаа хүмүүсийг барьж хорьж хохироож болохгүй.
Би ЗГХЭГ-ын дарга байх үеэсээ эхлээд цагдаа, шүүх, тагнуулын байгууллагад долоон гомдол гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэлэлцдэггүй. Манай эхнэрийг дансаараа таван сая ам.доллар авсан гэдэг асуудлаар тагнуулд хандсан. Өнөөдөр хүртэл хариу өгөөгүй. Энэ бүгдийн цаана улс төр байгааг би мэдэж байгаа.
МАН-д хагарал бий. Үүнийг нуухгүй. Хагарал үе үе гардаг. 2017 онд гарсан. Өнөөдөр бас гарчихаад байна. МАН-ын өнөөдрийн хагарал бол Ерөнхий сайд Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын хов зөөж амь зогоодог хүмүүсийн хийсэн ажил.
Намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах найман жилийн хугацаанд манай нам хагараагүй. Я.Содбаатарыг ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш аравхан сарын дараа МАН төрийн өндөрлөгийн түвшинд хүртлээ хагарсан. Энэ бол хов зөөж насаараа амиа зогоосон хүмүүсийн хийдэг ажил. Би энэ хагарлыг дарахын тулд, намаа нэгтгэхийн тулд, итгэл алдраад байгаа намынхаа гишүүдийн итгэлийг сэргээхийн тулд намын даргад нэр дэвшинэ гэдгээ зарласан.
Өрнөж байгаа бүх үйл явдал намын даргын сонгуультай холбоотой. Үнэхээр л асуудалтай байсан юм бол Ц.Чулуунзагдыг хоёр жилийн өмнө барьж хорихгүй яасан юм бэ. Өчигдөр орой 19:30 минутад АТГ 20 байцаагч цуглуулаад Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг хэрэгт холбогдуулах гэж үзсэн. Би энэ асуудалтай холбогдуулаад ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт “Намын асуудал нам дотроо шийдэгдэх ёстой шүү. Намайг дэмжих Бага хурлын гишүүдийг хуулийн байгууллагаар дарамтлуулах гэж байгаа бол тултал үзнэ шүү” гэдгээ хэлсэн. Ингэж ярьснаас хойш 20 минутын дараа АТГ тэр ажиллагаагаа зогсоосон. Надад баримт байгаа. Энэ бол бүх зүйл хэрээс хэтэрснийг харуулж байна. Бага хуралд намайг илтэд дэмжих хүмүүс ирэхгүй бол би АТГ дарамталлаа гэж дүгнэнэ. Дарамтад орсон хүмүүсийг зарлана. Ерөнхий сайдыг тодруулсан өмнөх Бага хурлын үеэр дэмжсэн санал өгснөө баталгаажуулахыг шаардаж дарамталж байж санал хураалт явуулсан. Одоо энэ Бага хурал дээр ийм зүйл болохыг би зөвшөөрөхгүй.
Б.Энхбаярын надад өширхөөд байгаагийн нэг шалтгаан нь Н.Өнөрцэцэгийг барьж хорих гээд байхад нь “Боль, бид ийм замаар явж болохгүй” гэж хэлж байсан. Ингэж хэлсэн уулзалтад Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар байсан. Л.Оюун-Эрдэнэ “Ийм замаар явах гэж байгаа бол бид ажлаа өгөөд энэ төрөөс зайлцгаая” гэж хэлж байсан. Харамсалтай нь Н.Өнөрцэцэг шоронд суусан. Өчнөөн ам өчиг өгч байж гарч ирсэн. Өнөөдөр тэр хүн дуугарахаасаа айдаг болсон. Монгол ийм байж болохгүй.
Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт яриад Ерөнхийлөгч, өмнөх Ерөнхий сайд нарыг холбоод хооронд нь маргалдуулаад байгаа. Үүний эхлэлийг Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар тавьсан. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ээлжит бус чуулган болж байхад энэ хоёр УИХ-ын гишүүдтэй уулзаж “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн хугацааг сунгая” гэж байсан. Би тэр үед үүнийг нь Ерөнхийлөгч мэдээгүй гэж боддог. Яагаад гэхээр боломжгүй зүйлийн араас явж Ерөнхийлөгчийг вакумжуулж, Ерөнхий сайдтай хооронд нь үл ойлголцуулсан. Тухайн үеийн Ерөнхий сайд дээр орж ирээд энэ Ерөнхийлөгч чинь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар бүрэн эрхээ сунгах гээд байна гэдгийг хэлсэн хүн бол Г.Занданшатар дарга.
Ерөнхийлөгч энэ удаагийн намын даргын асуудалд оролцохгүй гэдгээ хэлсэн. Г.Занданшатар даргатай би гурван удаа уулзсан. Хүлээж авах боломжгүй хувилбаруудыг ярьсан. Тухайлбал, “МАН хос даргатай байя” гэсэн. Бид хоёрт зориулж дүрмийн өөрчлөлт хийгээд, хоёулаа зэрэгцэж суугаад намаа удирдаад явж байдаг онигоотой зүйл байж болохгүй гэдгийг хэлсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/3XKLT
https://shorturl.fm/cMj5e
https://shorturl.fm/d8Gut
https://shorturl.fm/8raDo
https://shorturl.fm/3MfHF
https://shorturl.fm/RIflk
https://shorturl.fm/BfQmb