Сурвалжилга: Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах амар боллоо

2025-04-11 3715 49

И-Монголиа системээс иргэд өөрт хэрэгцээтэй нийт 87 байгууллагын 1263 үйлчилгээг авах боломж бүрдээд байгаа билээ. Үүнээс ЭМД-тай холбоотой 4 үйлчилгээ цахимжсан. Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системээр дамжуулан төлөх боломжтой болсноор иргэдийн хувьд цаг хугацаа болоод бусад зардлыг хэмнэх болсон.

И-Монголиа системээр эрүүл мэндийн даатгалтай холбоотой ямар үйлчилгээнүүд авч болох вэ ?

– Эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлөх;
– Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний мэдээлэл;
– Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй авсан тусламж, үйлчилгээний талаар гомдол илгээх;
– Эрүүл мэндийн даатгалын төлөлтөө шалгах боломжтой.

И-Монголиа системээр Эрүүл мэндийн даатгалаа төлөх нь ямар давуу талтай вэ?

  • Цаг хугацаа, зардал хэмнэх
    Иргэд гэрээсээ, оффисоосоо, эсвэл хүссэн газраасаа цаг хугацаагаа хэмнэн И-Монголиа системээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх бусад үйлчилгээг авах боломжтой.
  • Биечлэн очих шаардлагагүй
    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхийн тулд заавал аймаг, дүүргийн Эрүүл мэндийн даатгалын газар очиж, даатгалын гэрчилгээ авах эсвэл төлбөр хийх шаардлагагүй бөгөөд цахимаар бүх үйл явцыг хялбар харах, хянах боломж бүрдсэн.
  • Эрүүл мэндийн даатгалын төлөлтөө шалгах
    Эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлсний дараа төлөлтөө хянах, шалгах боломжтой. Иргэн та бүртгэлтэй хаягаараа И-Монголиа системд нэвтрэн орж эрүүл мэнд цэсээс эрүүл мэндийн даатгал хэсгийн сонгон харагдах талбаруудаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ аваарай.
  • Хөнгөлөлттэй авсан тусламж, үйлчилгээний мэдээлэл
    E-Mongolia системээр Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээ, эмчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллээ /үнийн дүн, эмнэлгийн нэр, эмчилгээний зардал/ харж болно.
  • Гомдол гаргах эрхтэй
    Хэрэв иргэн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээний талаар ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд огноог сонгон E-Mongolia системээр гомдол илгээх боломжтой.
    Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр Эрүүл мэндийн даатгалын төлбөрөөс гадна бусад төрлийн даатгал, татвар, торгууль, төлбөрийг хялбар шуурхай төлөх боломжийг олгоод байна.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй нэг томоохон үйл ажиллагаа бол улс орон даяар иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулах ажил юм. Даатгуулагч иргэнийг урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд хамруулахыг ЭМДҮЗ-ийн 2023 оны 10 дугаар тогтоолоор баталсан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээ нь дараах зургаан багцаар хийгдэж байгаа. Үүнд: 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш.

0-5 болон 6-17 насны хүүхдийн багцыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд хийж байгаа. Харин 18-аас дээш насны дээрх дөрвөн багц шинжилгээг ЭМД-тай гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийж байна. Энэ тогтоолын хүрээнд иргэн даатгуулагчид маань хоёр жилд нэг удаа өөрийн насны багцад хамаарах үзлэг оношилгоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Үзлэгт хамрагдсанаас хойш ажлын 20 хоногийн дотор багцад хамаарах оношилгоо шинжилгээгээ бүрэн хийлгэж дуусгах шаардлагатай гэдгийг албаныхан анхааруулж хэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30

Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулав

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаа

2025-09-26

Сурвалжилга: Эрт илрүүлэг хөтөлбөр зогсоогүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн

2025-09-24