“Ковид явж”, Монгол үлдэнэ…

2020-04-02 721 0

Хоёр хоногийн өмнө Хот тохижилтын газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн тохижуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгсөн.

1.25 га талбайд ногоон байгууламжийг бий болгон доошоогоо хоёр давхар автомашины зогсоол, мөн 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжимт аялгуугаар оргилдог хөгжимт оргилуур, 800 квадрат талбайг хамарсан дугуйн талбай, хоёр нийтийн бие засах газрыг бий болгох аж.

Гэтэл сайн зүйлд садаа мундахгүй гэгчээр сонгуулийн мөнгөө босгох гэж байна, хотоор дүүрэн усан оргилуур байхад гэж ирээд л хорон үгээр утаж эхлэв. Цаад утгаараа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт хэрэггүй ч гээд байгаа юм шиг. Гоочлогчдын дийлэнх нь коронавирустэй тэмцэж байхад цаг үеэ олсонгүй, 3.2 тэрбум төгрөгөө амны маск, хувийн хамгаалах хэрэгсэлд зарцуулъя гэж. Дэлхий нийтээрээ цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавируст халдвартай тэмцэж байгаа нь үнэн. Бөмбөрцөгийн бүхий л улсын эдийн засагт энэ гайт тахал сүүдрээ тусгаж байгаа нь үнэн. Гэхдээ орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг шиг энэ өвчин дарагдана, арилна. Монгол үлдэнэ, хүмүүний амьдрал үргэлжилнэ…  

Тэгээд ч энэ бүтээн байгуулалтын ажил гэнэтхэн шийдчихсэн асуудал биш. Өнгөрсөн оны тавдугаар сарын 15-29-ний хооронд тохижилтын зураг боловсруулах уралдааныг албан ёсоор зарлаж, нийтэд мэдээлэгдсэн, эртнээс төлөвлөсөн ажил.

Уг зураг төслийн уралдаанд “Төвшингүүд Констракшн” ХХК шалгарч Сүхбаатарын талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн бэлгэдэл Хангардиас санаа авч ийм зохион байгуулалттайгаар хийхээр төлөвлөсөн. Тэр үед нь хүмүүс “Улсын нийслэл өнгөтэй байх нь зүйн хэрэг. Гадаадын кинон дээр гардаг шиг нарийн зүлгэн дээр суугаад ном унших нь” гээд бишгүйдээ л нэг хөөрч, алга ташиж байсан.

Яг үнэнийг хэлэхэд Монголчууд бид ядуу сэтгэлгээндээ, ядуу байдалдаа дасчихаад байна. Харьцуулах, жишээ авах зүйл байхгүй болохоор. Аль нэг Засгийн газар, хэн нэгэн хүн бидний энэ сэтгэлгээг өөрчлөх цаг одоо болсон. Бид мэднэ, сүүлийн хэдэн жилийн турш агаарын бохирдол арилгах нэрээр хэдэн арван тэрбум төгрөгийг салхинд хийсгэлээ!? Харин өнгөрсөн өвөл Монгол улсын засгийн газраас зоримог шийдвэр гарган сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр Нийслэлчүүд шингэн утаатай өвөлжиж чадлаа. Агаарын бохирдол 55 хувиар буурлаа. Болдог л юм байна. Яг үүн лүгэ адил бид хийх ёстой зүйлээ хийж байя, сайн үр дүн ирнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19

Наадмын өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду

2024-07-07

Үндэсний их наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их ба

2024-07-07