“Болор цом-42” наадмын тэргүүн шүлэг: “Морин хуурын хэл”

2024-11-27 890 1

“Болор цом” яруу найргийн наадмын Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодорлоо.  “Болор цом-42” наадмын тэргүүн шүлэгчээр Монголын Зохиолчдын Эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва тодорлоо.

“Болор цом-42” наадмын айргийн тавд яруу найрагч А.Лхагва, Л.Торой, На.Батболд, Ч.Ууганбаяр, Д.Нямдорж нар шалгарчээ.

Яруу найрагч А.Лхагвын шүлгийн анхны түүвэр “Соёолон морьдын тоос” нэртэйгээр 1994 онд хэвлэгджээ. Харин “Сарны дарс” түүврээ 2004 онд гаргасан ба энэхүү бүтээлээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг хүртсэн байна.  “Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэе.

“Морин хуурын хэл”

Сэтгэлээс үүссэн салхинд

Хээрийн салхи хөлчүүрнэ

Тэнгэрээс үүдсэн аялгуунд

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл

Энэ хэлийг анирдсан хүн

Эрэмшин омогшино

Энэ хэлийг сонордсон хүн

Элэг нь дэвтэж уярана

Тэнгэрийг

Тэр өндрийг

Туг гэрэгээрээ өргөж

Туйлсан их суу залиар

Сүлд хийморьтой болгосныг

Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг Талбиун уудмыг

Тэнгис далайг цалгиаж

Тивийг сэрээсэн нүүдлээр

Тэнүүн уудам болгосныг

Тальн хэлээр шуранхайлна

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл

Монгол газрын хэл ээ.

Унаж сөхөрсөн үед

Уруудаж бүдэрсэн цагт

Морин хуурын үүрсээн

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан

Халирч зэлэрсэн үед

Хавтайж бөхийсөн цагт

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан

Сүлд хийморийг сэрээж

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж

Элэр аялгуу нь наранд хүргэж

Эртний өвгөдтэй уулзуулж

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж

Хөх толбыг минь тодруулж өгдөг

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал

Морьтон монголын хөл

Монголыг асаасан хэл

Энэ хэлээр биднийг

Эх дэлхий танина

Энэ хэлээрээ бид

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ

Монгол язгуурын хэлээрээ

Дээд сансарыг ч уяраана

Дэлхийг дахин дагуулна аа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзады

2024-12-03

“Монгол шатар” үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд "Монгол шатар" тусгай үзэсгэлэн үзмэрүүдээ дэлгээ

2024-12-02

Энэ сард “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно

МҮБХ-оос 12 дугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна. 07-нд 13

2024-12-02