Танилц: Ирэх дөрвөн жилд аймгуудыг удирдах Засаг ноёд

2024-11-08 1321 1

Аймгуудын Засаг дарга нарын нэрс тодорлоо. Ирэх дөрвөн жилд 21 аймгийг удирдах Засаг дарга нарыг танилцуулж байна. 

1.АрхангайБ.Цэрэннадмид

Архангай аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 21-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдсан. Архангай аймгийн Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч, одоогийн Засаг дарга Б.Цэрэннадмидыг нийт төлөөлөгчдийн 95.1 хувийн саналаар дэмжжээ. Б.Цэрэннадмид нь 1984 онд төрсөн, ам бүл тавуулаа амьдардаг.

2.Баян-Өлгий-Е.Зангар

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 28-нд болж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар Алданышын Бекарысыг сонгосон. Аймгийн ИТХ-ын 41 суудлын 23 нь Ардчилсан намын төлөөлөгч, 18 нь МАН-ын төлөөлөгч юм. Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс аймгийн Засаг даргад Есентайн Зангарын нэрийг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжсэн. Е.Зангар нь 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг.

3.Баянхонгор-Д.Мөнхсайхан

Баянхонгор аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 23-нд болсон. Аймгийн ИТХ-д МАН-аас 23, АН-аас 12 төлөөлөгч сонгогдсон бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар одоогийн Засаг дарга Д.Мөнхсайханыг улираан ажиллуулахаар сонгосон юм. Д.Мөнхсайхан 1977 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

4.Булган-Д.Пүрэв-Очир

Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 2-нд болж, Булган аймгийн Засаг даргаар Дагвадоржийн Пүрэв-Очирыг  51.7 хувийн саналаар сонгосон байна.

5.Говь-Алтай-Г.Чинбат

Говь-Алтай аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 21-нд болж, нийт 29 төлөөлөгчөөс 28 төлөөлөгч санал хураан 63.2 хувийн саналаар Г.Чинбатыг аймгийн Засаг даргаар сонгосон. Тэрээр 2024 оны долоодугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

6.Говьсүмбэр-Т.Бат-Эрдэнэ

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 21-нд болж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Т.Бат-Эрдэнийг  аймгийн Засаг даргаар сонгосон байна. Тэрээр 1987 онд Дорноговь аймгийн Сүмбэр сум одоогоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төржээ.

7.Дархан-Уул-Б.Азжаргал

Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 17-нд болж, нийт төлөөлөгчдийн 52.5 хувийн саналаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг улираан сонгожээ.

8.Дорноговь-О.Батжаргал

Дорноговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 97 хувийн ирцтэйгээр эхэлж, аймгийн Засаг даргаар Очирпүрэвийн Батжаргалыг сонгожээ. Тэрээр 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ийнхүү улираан томилжээ.

9.Дорнод-Ш.Ёл

Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 16-нд болж, нийт 34 төлөөлөгчөөс санал хурааж 97 хувийн саналаар Шүхэртийн Ёлыг аймгийн Засаг даргаар сонгосон. Шүхэртийн Ёл нь 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм.

10.Дундговь-С.Мөнхчулуун

Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 28-нд болж, 100 хувийн саналаар  С.Мөнхчулууныг аймгийн Засаг даргаар сонгосон. Жамбалсүрэнгийн Мөнхчулуун эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, төрийн захиргааны удирдлагын магистр цолтой. 2006 оноос Дамно ХХК болон “Н Эй Би” ХХК-д мөн хуулийн зөвлөх, Дундговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч, Намын хорооны даргаар ажиллаж байсан. 2004 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа.

11.Завхан-Г.Өнөрбаяр

Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 22-нд болж, ИТХ-ын төлөөлөгчдийн 57.1 хувийн саналаар Г.Өнөрбаярыг дэмжсэн байна. Тэрээр 2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2023 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.

12.Орхон-Б.Зоригтбаяр

Орхон аймгийн ИТХ-ын хуралдаан аравдугаар сарын 21-нд болж, 51.3 хувийн саналаар Бямбадашийн Зоригтбаярыг Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар сонгосон. Б.Зоригтбаяр нь 1983 онд төрсөн, эдийн засагч-хүн ам зүйч мэргэжилтэй. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар 2016 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.

13.Өвөрхангай-О.Пүрэвдорж

Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 18-нд болж, төлөөлөгчдийн олонх нь буюу 82 хувь нь О.Пүрэвдоржийг Засаг даргаар сонгожээ. Очирын Пүрэвдорж нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1979 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

14.Өмнөговь-Н.Энхбат

Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралдаан аравдугаар сарын 24-нд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, төлөөлөгчдийн олонхын саналаар Н.Энхбатыг Засаг даргаар сонгосон. Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгссөн.

15.Сүхбаатар-М.Идэрбат

Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 18-нд болж, Сүхбаатар аймгийн Засаг даргаар М.Идэрбатыг сонгосон. М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.

16.Сэлэнгэ-Н.Лхагвадорж

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын  анхдугаар хуралдаан аравдугаар сарын 23-нд болж, Н.Лхагвадоржийг төлөөлөгчдийн 51.2 хувийн саналаар улираан сонгосон юм.

17.Төв-Л.Төмөрчөдөр

Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 29-ний өдөр болж, 52.5 хувийн ирцтэйгээр хуралдан Засаг даргаар Сэргэлэн сумаас сонгогдсон Лхагвасүрэнгийн Төмөрчөдөрийг сонгожээ.

18.Увс-С.Батжаргал

Увс аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 29-ний өдөр болж, 54.54 хувийн саналаар аймгийн засаг даргаар Сэмжидийн Батжаргалыг сонгосон.

19.Ховд-М.Амарсанаа

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 25-нд болж,  22 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Морхын Амарсанааг Ховд аймгийн Засаг даргаар сонгосон. М.Амарсанаа нь Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж буй бөгөөд аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон, 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.

20.Хөвсгөл-Л.Төмөрбаатар

Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 1-нд болж, хуралдаанаар төлөөлөгчдийн 63.41 хувийн саналаар Л.Төмөрбаатарыг Засаг даргаар сонгосон. Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр найм дахь удаагаа сонгогдож буй бөгөөд  Шинэ-Идэр сумын Засаг дарга, 2016-2020 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.

21.Хэнтий-Д.Аюурбунь

Хэнтий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 24-нд болж, 100 хувийн ирцтэйгээр хуралдан, олонхийн саналаар Д.Аюурбунийг Засаг даргаар сонгосон байна. Тэрээр 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд “Жи Мобайл” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд “Магнай Трейд” ХХК-ийн Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл “Хаан ойл групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын даргын “Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх” саналыг НИТХ хэвээр баталлаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталжээ. Хуралдаана

2024-12-04

“Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзады

2024-12-03

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруула

2024-12-03