БЗС-ийн зээл, тэтгэлэг журам зөрчин олгогдож байгаа талаар тус сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнгөрсөн 2022 оны 10 дугаар сараас эхлэн шүгэл үлээж, олон нийтэд мэдээлсэн билээ.
Түүнийг БЗС-нд ажиллаж байхад нь орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаас нь чөлөөлсөн юм.
О.Сийлэгмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Боловсролын зээлийн санд ажиллаж байхдаа аудитын дүгнэлтээр ийм айхтар зөрчлүүд байгаад байна гэж өнгөрсөн оны 05, 07 дугаар сард хэлж байсан. Итгэхгүй бол сайд та вайбэраа нэг шалгаарай. Миний өгсөн тайлан мэдээг ч харж болно. Мөн ийм олон хууль зөрчсөн асуудлууд байна гэж БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд хүртэл хандсан. Албан ёсоор удаа дараа хандаад байхад яамны сайд, дарга нар нь өөрсдөө ил гаргахыг хүсээгүй хав дараад байсан нь нууц биш. Боловсролын зээлийг олгохдоо нэр нь огт орж ирээгүй хүнд хүртэл мөнгө шилжүүлсэн байсан. Энэ бүх “жонхуу”-г Гарди л хийсэн байх. Сайд нарынхаа захиалгаар Гарди өнөөдрийг хүртэл будлианыг хутгалцсан гэж харддаг. Бүхэл бүтэн хоёр жилийн зөрчлийг илрүүлчихээд байхад Л.Энх-Амгалан сайд өөрөө мэдэж байж, ил гаргахгүй явсаар намайг 2022 оны 09 дүгээр сарын 12-нд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халсан” гэж дурьдаж байсан юм.
Тэгвэл О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Энэ тухай О.Сийлэгмаагаас тодруулахад “Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр намайг яамны байранд дуудаж, уучлалт гуйсан. Надад ажлын санал тавьсан ч би ажиллах бодолгүй байгаагаа хэлсэн. Үнэхээр хүнд нөхцөлд яаж ажиллах юм бэ. Шүүхийн эвлэрэнгээр ажил дээр очиход намайг хараад эвэртэй туулай үзсэн юм шиг харилцаатай байдаг хүмүүс дунд ганцаараа очиж юу хийх вэ. Би салбарын сайдыг олон нийтэд хандаж, уучлалт гуйхыг хүлээж байна. Ажлын хэсэг байгуулах гэж байгаа юм байна. Би итгэхгүй л байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яамны буруу гэж өөрсдийг нь буруутгасан хүнтэй хамтран ажиллаад үр дүн гарах уу. Гэхдээ намайг л буруутгах болов уу гэж айж байна. Миний гар утас руу дугаараа нууцалсан дугаар залгахаар нь авахгүй байгаа. Ер нь их айдастай байна” гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нүүр номондоо “Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан. Асуудлыг зөв болгохын тулд ширээний хоёр талд биш ширээний нэг талд хамт суугаад сангийн цоорхой, зөв буруу, алдаа оноог ил болгож, засаж залруулж, хүүхдүүддээ шударга ил тод, суралцах боломжийг нээж өгөх ёстой” гэсэн.
Харин О.Сийлэгмаа одоогоор ажилдаа эргэн орох бодолгүй байгаагаа хэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй