Цахим сургуульд багшилж буй шилдэг багш нар 2.5-4.0 сая төгрөгийн цалин авдаг

2023-02-14 1489 1

Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого-2025” онцлох хөтөлбөрийн голлох салбар буюу боловсролын салбарт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн ажлууд болон ирэх жилүүдэд хийгдэх онцлох ажлын талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.02.14/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өөрөөр хэлбэл, ЕБС болон СӨБ, Их дээд сургуульд хийгдсэн шинэчлэл, өөрчлөлт, онцлох ажлынхаа талаар тайлангаа тавилаа.

Энэхүү уулзалтаас тоймлон уншигч танд боловсролын салбарт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрсэн, 2023 онд ямар ажил хийгдэх талаар тоймлон хүргэе. 

Монголын анхны цахим сургуульд 10407 сурагч суралцаж байна

2021 онд боловсролын салбарын 100 жилээ тэмдэглэсэн Монгол Улсыг НҮБ хоёр дахь удаагаа боловсролын асуудлаар онцолж нэрлэсэн нь цахим сургалт. Анхлан бүх иргэдээ бичиг үсэгтэй болгосон хэмээн НҮБ-аас талархал хүртэж байсан бол энэ удаа цар тахлын жилүүдэд танхимын болон цахим сургалтыг хослуулж, суралцагчдын хоцрогдлыг арилгаж чадсан гэдгээрээ талархал хүртжээ. Үүнээс гадна цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамгийн сайн ажилласан хоёр жил өнгөрөөд байна.

Урьд өмнөх жилүүдэд цэцэрлэгийн хүртээмж яагаад бага байсан, бид хаана алдаа гаргав гэдгийг салбар яам, Засгийн газартайгаа хамтран судалснаар хамран сургах тойргийг зөвхөн улсын сургууль, цэцэрлэгт фокусалж шийдсэн нь алдаа байсныг хүлээн зөвшөөрчээ. Алдаагаа олж харсны дараагаар цэцэрлэгийг илүү төрөлжүүлж улсын, хувийн, байгууллагын, цомцог /гэр/, хүүхэд харах үйлчилгээ зэргээр илүү олон төрлийг хамруулж шийдсэнээр 127.026 хүүхдийг хоёр жилийн хугацаанд бүрэн цэцэрлэгт хамруулж чаджээ.

Өөрөөр хэлбэл, хамран сургах тойргийн хүүхдүүдийг зөвхөн улсын хэдхэн цэцэрлэг рүү “шахах” бус байгууллага буюу ээж, аавынх нь ажлын газар дэргэдээ цэцэрлэгт хамруулвал, хувийн цэцэрлэгт тодорхой хэмжээний зардал төлж суралцуулвал улсаас хувьсах зардлыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авснаар бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлсэн байгаа юм. Мөн Е Монголиа-гаар бүртгэлийг цахим болгосноор энэ салбарт байсан авлигыг бүрэн халав.

ЕБС-ийн сургалтын орчинд хийгдсэн олон ажлаас онцлох нь “MIDLE” буюу цахим сургууль. Монголын шилдэг багш нарын бэлтгэсэн хичээлийг Монгол орны дөрвөн зүг, найман зовхист суралцаж буй 499 сургуулийн аравдугаар ангийн 10407 сурагч 16 судлагдахууны 620 бүлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн бөгөөд тэнд 148 шилдэг багш хичээл зааж байна. Цаашдаа энэ хөтөлбөр илүү өргөжиж, ЕБС-ийн 11, 12 дугаар ангийнханд хүрэх болно гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцолж байлаа. Мөн боловсролын салбарт тулгамдаж буй багшлах боловсон хүчний хүрэлцээг нэмэх, тэдний нийгмийн халамжийг сэргээх чиглэлээр хийсэн гурван гол ажил нь

-Цалингийн нэмэгдэл буюу ур чадварт суурилсан үнэлгээ

-Багш карт

-Багшлах боловсон хүчинг нэмж бэлтгэх явдал. Тухайлбал, багшийн ур чадварыг үндэслэн цалин нэмэх, ажлын үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо нэвтрүүлснээр 30 гаруй мянган багшийн цалин нэмэгдсэн байна. Дөнгөж ажилд орсон залуу багш гэхэд л 800.000-1.000.000 төгрөгийн цалинтай, олон жил ажилласан багш нар 1.5-1.8  сая хүртэл цалин авах боломж бүрджээ. Харин цахим сургуульд багшилж буй шилдэг багш нар 2.5-4.0 сая төгрөгийн цалин авч буй юм.

“Багш” карт буюу ипотек, цалингийн зээл авахад хүүгийн хөнгөлөлт эдлэх, ШТС, үзвэр үйлчилгээний газраас хөнгөлөлт авах картын ажлыг эхлүүлсэн ч Монголбанк бодлогын хүүгээ нэмснээс шалтгаалан арилжааны банкуудтай ойлголцох асуудлаас үүдэн түр хойшлоод буйг мөн салбарын сайд дуулгалаа. Гуравдугаарт, багшлах боловсон хүчнийг нэмэгдүүлэх хүрээнд олон ажил хийж буй бөгөөд цэцэрлэгийн үндсэн болон туслах багш бэлтгэх ажлыг үе шаттай хийж, 1000 гаруй багш бэлтгээд байгаа юм.

Их дээд сургуулийн тоог 40 болгож цөөрүүлнэ

Их дээд сургуулийн тоог цөөрүүлэх, хотоос нүүлгэх тухай асуудал үе үеийн Боловсролын сайд нарын “толгойн өвчин” болдог. Эрх ашгаар хүлэгдсэн, улс төрийн дарамт, нөлөөлөл ихтэй учраас энэ талаар олигтой шийдвэр гаргаж байсан удаагүй. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд энэ асуудалд зарчимч хандсанаар Их дээд сургуулийн 1086 хөтөлбөрийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, суралцах оюутан байхгүй болсон сургалтын хөтөлбөрийг хүчингүй болгож, чанаргүй Их дээд сургуулийг татан буулгах, нэгтгэх асуудлыг цэгцэлсэн гэсэн үг. Ингэснээр 88 их дээд сургуулийг өнгөрөгч хоёр жилд 63 болгож, 2023 онд энэ тоог 40 болгохоор зоригложээ. Дагаад ч хэл ам, хэрүүл тэмцэл тасраагүй.

Тухайлбал, МҮИС-ийг татан буулгах, нэрийг нь өөрчлөх тушаалыг Л.Энх-Амгалан сайд гаргаж, Хуульзүйн сайд Х.Нямбаатар УБЕГ руу нэрийг өөрчлөх хүсэлт явуулсан ч эргээд л Засгийн газраа шүүхэд өгчхөөд явж байгаа гэнэ лээ.

Орон нутагт байсан Их, дээд сургуулийг төрийн өмчийн зургаан Их сургуулийн харьяа болгосноор суралцагчид төрийн их дээд сургуулийн чадварлаг багш нараар хичээл заалгах боломж бүрдэв. Эдгээр зургаан сургууль хамтарч ажилладаг болсноор хаана суралцаж буйгаас үл шалтгаалан хамгийн шилдэг багшаар хичээл заалгаж буй юм. Их дээд сургуулийг хотоос нүүлгэх шийдвэрийг албажуулснаар Хөшигийн хөндийд 40 мянган оюутны хотхон байгуулах ажлын ТЭЗҮ батлагдсаныг дуулгав.

Цаашдаа гурван аймагт Их сургуулийн цогцолбор байгуулах, Их сургуулиудыг түшиглэн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх буюу Япон-Монголын хамтарсан эмнэлгийн хоёрдахь хөгжүүлэлт хийгдэхээр яриа хэлцлийг Японд албан томилолтоор ажиллаад ирэхдээ шийдээд иржээ. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг илүү олон улсын жишигт нийцүүлэхээр шийдвэр гаргаж, тус төвүүд ХНХ-ын яаманд харьяалагдаж байсныг БШУЯ-ны харьяанд шилжүүлэн аваад байгаа юм. Ингэснээр 4000-7000 иргэнийг хуурамчаар МСҮТ-д суралцуулж, төсвөөс мөнгө завшсан булхайг илчлээд байна. Цаашлаад МСҮТ-д суралцах хугацаанд 3 жил болгосноор илүү чанартай боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн нарийн мэргэжил, хүнд машин механизмын жолооч, гагнуурчныг дэлхийн хэмжээнд бэлтгэх алс хэтийн зорилгоо биелүүлэхээр тэд ажиллаж байна.

Төрийн санд зээлээ төлөөгүй 400 хүнийг хэрхэх вэ

Боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлттэй холбоотой үргэлж яригддаг нэг сэдэв нь гадаад, дотоодын тэтгэлэг эзэндээ очиж байна уу гэх асуудал. Үүнийг тэгвэл салбар яам хэрхэн өөрчилсөн бэ.

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ “Өнгөрсөн 30 жилд 3500 гаруй иргэн Боловсролын сангийн зээлээр суралцсан. Эндээс 1000 суралцагч ямар нэг асуудалгүй зээлээ төлсөн. 200 нь одоо суралцаад явж байгаа. 1800 нь төгсөж гараад ажлын байранд очсон эргэн төлөх шатандаа яваа. Огт зээлээ төлөөгүй 400 хүн бий. Тэдний нэрийг зарлах шаардлага байгаа ч Их хурлаас баталсан Хувь хүний нууцыг хамгаалах буюу иргэнээс заавал зөвшөөрөл авч нийтлэх заалтаас болж хойшилсон. Хаврын чуулганаар энэ асуудлыг оруулж шийдүүлнэ. Мөн эдгээр 400 хүнийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд “чанаргүй зээлдэгч” бүртгэлтэй болгох асуудал яригдаж байна” гэв.

Төрийн болон улсын мөнгөөр гадагшаа явж сурах нэрийдлээр тэтгэлэг авдаг ч тэр мөнгөөрөө хэлний бэлтгэлд явдаг асуудал ч өнгөрсөн хугацаанд их гарсан учраас Дэлхийн шилдэг 100 бус 50 Их дээд сургуульд тэнцсэн, тухайн сургуулиасаа тэтгэлэг авч буй оюутныг тэтгэлэгт хамруулахаар журмыг илүү нарийн болгожээ.

Мөн өнөө жилээс Ерөнхий сайд Дэлхийн шилдэг 50 сургуульд магистр, докторантурт суралцах оюутнуудад тэтгэлэг олгох журам гаргаж, эхний 75 хүн тэтгэлэг авсан бол 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тухайн жилдээ ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн шилдэг төгсөгчид олгож буй Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 251 хүүхэд шалгарч, 13 улсад суралцаж байгаа аж. Дотоодын Их дээд сургуульд суралцаагүй атлаа хуурамч диплом авч ЕБС болон Их дээд сургуульд багшилж байсан 2700 багшийн асуудал өдгөө шүүхийн шатанд явж буй бөгөөд улсад ажилласан жилээс шалтгаалан хэдэн төгрөгийн хохирол учруулсан, түүнийг хэрхэн барагдуулах нь шийдэх ёстой асуудал болоод байгаа хэмээв.

2023 онд ямар ажлууд хийгдэх вэ

-Нэн тэргүүнд Боловсролын багц хуулиа УИХ-ын хаврын чуулганаар батлуулах ажил хүлээгдэж байгаа гэв. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн удирдлагыг улстөрчид томилдог тогтолцоог халах, сурагчид дүнгийн хойноос бус амьдралд бэлтгэгддэг, хот, хөдөөгийн ялгарсан тогтолцоог өөрчлөх ажил хүлээгдэж байна.

-Хоёрдугаарт, боловсролын чанарын үнэлгээгээр хамгийн доогуур үнэлэгдсэн 82 сургууль /хөдөө 46, хотод 36/-д онц байдал “зарлана”. Ирэх есдүгээр сараас эхлэн эдгээр сургууль нэг бүртээ тулж ажилласнаар чанарын үнэлгээг илүү нэмэгдүүлэх, менежментийн шинэчлэл эхлүүлнэ.

-Математик, англи хэл, мэдээллийн технологийн хоцрогдсон системийг халж Финландын системийг нэвтрүүлэх. Сурагчдад нэг, гуравдугаар ангиас нь англи хэл, мэдээлэл технологийн хичээл орж эхэлдэг системийг нэвтрүүлэх

-Газрын хулгайтай тэмцэх буюу Их дээд сургууль, ЕБС-иудын алдагдсан газрыг эгүүлэн олж авах, дахиж газраа алдахгүй байх

-Модон жорлонгийн шинэчлэлийг үргэлжлүүлэх. Ирэх онд 303 байгууламжийг бүрэн шинэчлэх ажлаа дуусгах

-Үдийн хоолны норм, стандартыг шинэчлэх, 1600 төгрөгийг хэрхэн нэмэгдүүлэх, эцэг эхийн хамтын ажиллагаа буюу харилцан ойлголцолд хүрэх талаар шийдвэр гаргах

-ЕБС-ийн суралцагчдын хэрэглэж буй сурах бичгийн алдааг хянах, цаашдаа гарах бүх сурах бичгийг нэгдсэн стандартад нийцүүлэх буюу алдаагүй хэвлэх

-Бүх сургуулийг сэтгэлзүйчтэй болгох

-School mapping буюу хаана ямар сургууль, хэдэн хүүхдийн багтаамжтай байхыг нэгдсэн зураглалаар шийдэх. Өөрөөр хэлбэл, 100 хүүхэдтэй суманд дунд сургууль барих уу, эсвэл сум дундын сургууль байгуулах уу гэх мэтээр шийдлээ хүлээж буй ажлуудыг мэдээллийнхээ төгсгөлд онцлов.

Б.ӨНӨРТОГТОХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Сургууль удирдах чадваргүй намын харьяаллаар томилдог ЕБС-иудын цүнх баригч захирлуудыг шударга сонгон шалгаруулалт мерит зарчмаар гаргаж ирээсэй. 

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18