Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулж, нүүрсний асуудлаар Монгол Улсын Засгийн газарт тодорхой шаардлагыг хүргүүлэхээр болсон юм.
Мөн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хүний эрхийн асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын эдийн засаг төсвөөр дамжуулагддаг болсон. 2016 онд 26 хувь байсан бол одоогоор нийт эдийн засгийн 40 хувь нь төсвөөр дамждаг болсон. Үүнээс төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 55 их наяд төгрөг байдаг. Монгол Улс ийм л улс төржсөн эдийн засагтай улс. Төржсөн эдийн засгийн цаана авлига хээл хахуулийн асуудал гардаг. Мөн нүүрсний асуудал сүүлийн үед их гарах боллоо.
Уг асуудалтай холбогдуулж долоон зүйл заалтыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний гэрээнүүдийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Нүүрсний гэрээ олборлолт, тээвэрлэлттэй холбоотой чухал албан тушаалтны мэдээлэл тэдгээрийн улс төрийн хамаарал, хөрөнгө оруулалтын мэдээллийг нийтэд ил болго. Жилийн өмнө яригдаж байсан хоёроос гурван сая тонн нүүрсний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Энэхүү асуудлын дагуу Монгол улсын Ерөнхий сайд мэдээлэл боловсруулж, чуулганы нэгдсэн танхимд хэлэлцүүлэх хэмээх шаардлагыг хүргүүлж байна.
Мөн МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Авлига албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана” хэмээн амласан нь бодит байдалд юу болсон бэ.
Гэвч 2021 оны олон улсын авлигын индексээр манай улс 110-р байранд орсон. Бид авлигын индексээр таван жилийн дотор 30 байраар хойш ухарлаа.
Авлига албан тушаалын асуудлыг шийдэхэд эрх баригчид ямар нэгэн санаачилга гаргахгүй байна. МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт “Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж үндэсний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Гэвч хэмнэхээр тоо хасагдах ёстой байдаг боловч 18 их наядын төсвийг хэмнэсэн нь 20 их наяд болсон. Ийм л төр бий болж байна. Үүнийгээ ард иргэдэд хэмнэж байгаа гэдэг” хэмээн ярилаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлнэ” хэмээн амласан байдаг. Гэвч сонгуулийн амлалт биелэлээ олоогүй.
Тухайлбал, 2020-2022 онд үзэл бодлоо илэрхийлсэн 200 гаруй иргэн, 40 хуулийн этгээдийг торгосон байна.
Жагсаал цуглаан хийсэн иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж гэрт нь хорьж эрхийг нь зөрчсөн. Баривчлах үйл ажиллагаанд 2020 онд 99.3 хувь, 2021 онд 98.3 хувийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан. Энэхүү асуудлыг НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монголд ирээд илэрхий хүний эрхийн зөрчил хэмээн дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрүүд нь хоорондоо их зөрчилтэй байдаг” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй