МУГТ, Н.Бүргэдаа: Баянаа аварга “Би хэлмэгдсэн хүн” гэж хэлдэг, гэхдээ Баянаа аваргаас ч илүү хэлмэгдсэн хүн бол би

2020-03-01 28728 5

Самбо бөхийн дэлхийн хоёр удаагийн хошой аварга, Москвагийн олимпийн шагналт байр, 1991 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Бүргэдаа гуайтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бөхийн чөлөөт барилдаан болон самбо бөхөөр түүхэнд дурсагдах амжилт гаргаж явсан хүн бол та. Спортын хоёр өөр төрлөөр хичээллэх амаргүй байв уу?
-Монголоороо овоглосон энэ сайхан сонины уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Хүмүүс бөх гэдэг нэрээр нь нэг спорт гэж ойлгодог болохоос бөхийн чөлөөт барилдаан болон самбо бөх хоёр хоорондоо асар их ялгаатай спорт шүү дээ. Чөлөөт бөхийн барилдаан бол техник, хэрэгсэл, барилдаан, ур чадварын гээд самбо бөхөөсөө шал өөр. Харин Самбо бөх нь хувцастай, хүнийг барьж, атгахыг зөвшөөрдөг зодооны төрөлдөө хамаарагддаг спорт байдаг. Ийм хоёр спортын төрлөөр манай улсад медаль авсан хүн бол Баянмөнх аварга бид хоёр байдаг юм. Баянаа аваргын хувьд хүнд жингийн хүн болохоор зогсолт их сайтайн дээр ур чадвартай учраас амжилт гаргасан. Харин миний хувьд хөнгөн жинд амжилт гаргасан болохоор бид хоёрын хувьд маш том амжилт юм. Социализмын үед их хатуу байсан даа. Нэг төрлөөс нөгөө төрөлд оруулахыг хатуу хориглодог байсан үе. Жишээ нь Жудо бөхөөр улсын шигшээд хичээллэдэг байсан бол чөлөөт бөхийн шигшээ багт болон улсын аварга, олон улсын тэмцээн гээд бүгдэд нь оруулдаггүй байсан. Учир нь хоёр өөр спорт учраас ур чадварын хувьд нэгэндээ нөлөөлдөг гэж үздэг байсан юм. Үндэсний бөхийг хүртэл тухайн үед самбо, жудогоор барилдахыг хориглодог байсан. Ийм хэцүү цагт хоёр төрлөөр амжилт гаргана гэдэг үнэхээр хэцүү л дээ. Гэвч улс эх орныхоо нэрийн өмнөөс гээд улсын шигшээ багийн трэйнерүүд хоорондоо ярилцаад энэ жилд дэлхийн аварга болох хүнийг л явуулъя гэж тохирсны үндсэн дээр дэлхийн аваргад явуулдаг байсан. Ингээд энэ хоёр төрлөөр яваад хоёуланд нь амжилт гаргаж байлаа.Гэхдээ чөлөөтөөр дэлхийн аварга болж чадаагүй.
-Чөлөөт бөхөөр дэлхийн аварга болох боломж танд байсан уу?
-Байсан. Би тухайн үед 28 настай улсын шигшээ багт орж байсан. Хүүхэд байхдаа л спортын ихэнх төрлөөр хичээллэдэг байлаа. Бүр спортын гимнастикаар ч хүртэл хичээллэдэг байсан. Ингээд сүүлдээ бөх рүү ороод аль алинд нь амжилттай явж байсан боловч тухайн цаг үе их хэцүү байсан болохоор хэлмэгдэлт гэдэг зүйл их байлаа. Одоо ч гэсэн Баянаа аварга “Би хэлмэгдсэн хүн” гэж хэлдэг. Гэтэл Баянаа аваргаас ч илүү хэлмэгдсэн хүн бол би.
-Яагаад та ингэж хэлэх болов?
-Тухайн үед 28 настай улсын шигшээд орсон гэж бодоход одоогийнхтой харьцуулвал 28 нас гэдэг зодог тайлдаг нас шүү дээ. Гэтэл би энэ насандаа улсын шигшээ багт орж Москвагийн олимпын шагналт 5-д орж байсан. Харин 1982 онд би чөлөөтийн дэлхийн аварга болох боломж надад байсан боловч шигшээ багийн удирдлага болон БТСХ, засгийн газрын хүмүүсийн удирдлага хоорондын зөрчлөөс болоод би гэдэг хүн хэлмэгдсэн. 1963 оны Токиогийн олимпт монголчууд бөхийн төрлөөр оролцсоноос хойш энэ бүх жилүүдэд бөхийн чөлөөт барилдаан олимпоос болон дэлхийн аваргаас ч медаль тасарч үзээгүй байхад 1982 онд ганц удаа тасарсан тэр жил Оюунболд бид хэдийн хэн нь ч медаль авах бүрэн боломжтой байсан юм. Гэтэл шигшээ багийн ахлах трэйнерүүд багийг ахлаж явах атаа жөтөөнөөсөө болоод Монгол улсын медалийг тасалдуулсан юм. Энэ үеийн спортын хүмүүс их атаа жөтөөтэй бүр аймшигтай хүмүүс байсан гэж хэлэхэд буруудахгүй л байх. Хэдэн хүний заргаас болж улс эх орон маань медальгүй үлдсэнийг тухайн үеийн нөлөө бүхий зарим нэг хүмүүс мэддэг.
-Таныг яагаад тийм орой улсын шигшээ багт авсан юм бэ.Тэрнээс өмнө орох боломжгүй байсан юм уу?
-Тухайн цаг үед нутаг орны үзэл гэж айхтар юм байлаа шүү дээ. Жишээ нь Говь-Алтай аймагт улсын шигшээ багт барилдаж байсан хүн миний үед нэг ч байдаггүй байсан. Тэр үед хар Цэрэндаш гэж бөх тухайн үед Баянмөнх аварга болон Мөнхбат аваргыг хаяж байж гарч ирж байсан сайн бөх л дөө. Энэ хүнээс өөр бөх байдаггүй байсан. Гэтэл Говь-Алтай аймгаас нэг жаахан бор нөхөр ороод ирэхээр намайг маш их хавчиж, гадуурхаж тэр ч байтугай хулигаан гэх мэтээр янз бүрийн худлаа шалтгаанаар шигшээ багт авдаггүй байсан. Хэн ч миний талд байдаггүй байхад ганцхан хүн намайг дэмждэг байсан нь өнөөх нутгийн маань сайн бөх Цэрэндаш. Гэтэл тэмцээн уралдаан болохоор Цэрэндашийг маань бариад хорьчихдог байсан. Учир нь тэмцээн болохоор намайг дэмжихээр ирнэ. Тэр үед Дарханд болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд би түрүүлэх байсан боловч онооны будлиан гараад ялагдсан. Гэтэл Цэрэндаш гарч ирээд “Та нар наад хүүхдээ хэдий болтол ингэж хавчих юм бэ” гээд дэвжээн дээр гараад иртэл цагдаатай хамт ирээд Цэрэндашийг нам цохиод авч явахыг би харж байсан. Тэр үе ийм л байсан. Улс эх орныхоо нэрийг гаргах гэсэн нэгнээ хөдөөнийх гэх мэтээр нутгийн үзлээр хандаж дээшээ гаргадаггүй байсан болохоор бүр сүүлд буюу 29 насандаа улсын шигшээд орж байсан түүхтэй.
-Таныг жин хасахын тулд шалбаагны ус хүртэл долоож байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Би одоо 85 кг жинтэй. Би 52 кг-д барилддаг байсан. Гэтэл ид барилдаж байх үедээ би 65 кг байлаа. Тиймээс 52 хүртэл жин хасах гэж зовдог байсан. Жилд 360 хоног байдаг бол би нэг сар нь л цадталаа идэж үзсэн байдаг байх. Бусад 300 хоногт нь өлсгөлөн зарладаг байсан юм. Өөрөөр хэлбэл жингээ өгсүүлэхгүйн тулд өдөрт тахианы түүхий өндөг ганцханыг сорж идээд ганц аяга цай л уудаг байсан. Тэгээд дээрээс нь хэчнээн цагийн бэлтгэл хийнэ. Ингээд дэлхийн аваргад барилдахаас гурав хоногийн өмнө жин үздэг байлаа. Гэтэл 55-аас доошоо миний жин явахаа больчихдог байсан. Ингээд юун тахианы түүхий өндөг сорох тэрийгээ болиод халуун байхуу уучихаад хэдэн цаг бэлтгэл хийчихээд саунд ороод суухад бүх бие улайгаад хөлс гарахаа больчихдог. Тэгээд л хөлсөө гаргах гэж 500-1000 хооронд тоолоод л гүйгээд байна. Ингэж байж 20 грамм, 50 грамм л хасдаг байсан. Тэгээд тэмцээн болох дөхчихөөд байдаг жин явдаггүй. Энэ үед л өлсгөлөн гэдгийг үнэхээр яс махандаа тултал үздэг байсан даа. Ингээд бүх шингэнээ хорьчихсон жингээ үзүүлэхээр явж байх замдаа борооны тогтсон уснаас нуугдан байж гараа дүрээд, уруул амаа чийглээд, хөлөө дүрээд, цээжээ норгоход тэрнээс илүү жаргал гэж байдаггүй байлаа. Амрах байрандаа орж ирээд унтах гэхээр радиотороор гоожиж байгаа тэр усны чимээг чагнаад хэвтэх үнэхээр хэцүү. Тэгээд шөнө унтаж байхдаа зүүдэндээ тэр ус руу ороод зогсчихсон байна гээд сэрж байсан удаа ч бий. Бүр тэр уснаас уучихсан ч хүн байдаг. Тэгээд дэлхийн аваргатаа оролцохоор гадаадын буудалд буучихаад өглөө нь тэмцээндээ явахаар босоход бидний орны даавуу шал нойтон байдаг. Үйлчлэгч нь гайхаад байдаг байсан. Учир нь шингэн дутагдсан хүний бие халуу шатаад унтаж чаддаггүй болохоор хөлдүү даавуугаар биеэ ороож байж жаахан дуг хийдэг байсан. Улс эх орныхоо төлөө 30 жил өлсгөлөн байж ганцхан дэлхийн аваргын медаль авдаг шүү дээ. Болгарын Демитрий гэдэг тамирчин “Би эх орныхоо төлөө цэл залуу насныхаа 15 жилийг өлсгөлөн өнгөрөөж байж эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн” гэж хэлсэн байдаг. Ус цаг уурын нэг том хүн “Ус гэдэг чандмань эрдэнэ гэдгийг би анх удаа Бүргэдаа гэдэг аваргаас л мэдэрлээ” гэж нэг сонинд ярилцлага хүртэл өгч байсан түүх байдаг юм билээ.
-Таны үед дошны атаман гэдэг зүйл их байдаг байсан. Таныг бас Сансарын овгор байсан гэдэг юм билээ?
-/Инээв/. Мэдээж залуу байлаа. Омголон ч байлаа. Эр хүн бүрийн цусанд нэг тийм давлиун зан байдаг шүү дээ. Спорт гэдэг хүнийг хүмүүжүүлдэг. Самбо бөхийн дэлхий аварга болсны хүчинд би өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. Учир нь маш их хөдөлгөөний авьяастай, хүч чадалтай хэцүү хүмүүс чинь спортын хүмүүс байдаг болохоор тэр бүх хүмүүсийг зөөллөж өгдөг нь маш их шаргуу хөдөлмөр бэлтгэл сургуулилт байдаг. Тийм ч учраас спорт хүнийг даруу зөөлөн болгож, омголон занг маань дарсан гэж боддог. Их спорт гэдэг хүнийг амьдралын агуу их ухаанд суралцуулдаг юм билээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна шүү дээ. Энэ спорт миний амьдралыг 360 градус эргүүлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл миний хувьд их хөдөлмөрлөж, биеэ зөв зүйтэй авч явж, бусадтай том жижиг гэлтгүй харьцаж чаддаг болсон маань бүгд их спорттой зайлшгүй холбоотой гэж боддог.
-Чөлөөт бөхөөр 1980-аас 2012 оны Лондонгийн олимп хүртэл 9 олимп дараалан медаль авсангүй. Таны бодлоор шалтгаан нь юу байна вэ?
-Монголын ард түмэн 9 олимп дараалан медаль горьдсон. Гэвч ардчилал гарч ирснээс хойш олон зүйл завсарт нь гээгдсэн. Учир нь зах зээлийн үед төр их спортуудаа анхаарахаа больсон. Тухайн үед Монголчууд ихэнх нь ганзагын наймаанд орж шатах нь шатаж,онох нь оносон. Энэ бүх жилүүд бол сүйрлийн жилүүд гэж хэлж болохоор жилүүд байсан. Энэ үед бэлтгэл сургуулилт хийх мөнгө төгрөг байхгүй өлмөн зөлмөн засгийн газартай, дэмжих газар байхгүй хаягдаж үлдсэн нь спорт байсан. Тухайн үеийн бөхийн спортын удирдлагуудын арга барил, хувиа хичээсэн үзэл бодол, шунал хүсэл энэ бүхнээс болоод Монголын бөхийн спортын нэр хүнд маш их унасан.
-Одоогийн байдлаар ямархуу байгаа гэж бодож байна?
-Одоо ч гэсэн уналттай байна. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах барилдаанаас ганц дориун барилдаж найман жилийн дараа хүрэл медаль авсан Мандахнаран байна. Бусад нь жигд сайхан барилдаж багаараа наймдугаарт орлоо. Энэ бүхнээс харахад жаахан сэргэж ирж байгаа юм. Энэ сэргэлтэнд би буюу манай компани тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байгаа шүү. Учир нь Дэлхийн аваргын бэлтгэлийг улс бүр хийдэг. Төр нь дэмждэг. Гэтэл Монгол улсын эдийн засгийн хувьд сайнгүй байсан болохоор төр дэмжсэн ч гэсэн тамирчид бүрэн дүүрэн цугларалт хийж чадаагүй. Харин “Тайгам Алтай” компани 30-40 хүний зардал, хоол ундыг дааж Эрдэнэтийн олимпийн баазад бэлтгэлд гаргасан. Мөн БТСХ-ы дарга маань өөрөө спортын хүн учраас БТСХ-ын 4 трэйнерээ дэлхийн шилдэг бөхчүүдээр сонгосон нь маш сайн зүйл болсон. Мөн Наранбаатар маань намайг авч яваад “Та энэ жилийн шигшээ багийн зөвлөх трэйнер бол. Та бөхийн буянд өдий зэрэгт хүрсэн. Мөнгө санхүүгээр дэмж, дараагийн үеэ бэлд” гэж үүрэг болгосон болохоор бид бүхэн бэлтгэлээ маш сайн хийсний үндсэн дээр ийм амжилт гаргасан. Манай компанийн хувьд цаашид ч гэсэн энэ тамирчдаа дэмжиж ажиллахаар гэрээ хэлэлцээр хийж байгаа. Миний хувьд бөхийн спортыг насан туршдаа дэмжсээр байх болно.
-Сүүлийн үед төр маань спортын хөгжлийг тэр тусмаа тамирчдыг маш ихээр дэмжиж байгаа шүү дээ. Тэр ч байтугай МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар амжилт үзүүлсэн тамирчиддаа мөнгөн шагнал олгож байгааг та юу гэж боддог вэ?
-Маш зөв юм хийсэн гэж боддог. Төр спорт руугаа анхаарлаа хандуулж байгаа нь амжилт гаргахад эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ төр засгаас спортын хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй олон зүйл бий. Жишээ нь, манайх 48 кг-ийн жингээс эхлээд бүх жиндээ тэнцүүхэн барилддаг. Гэтэл сүүлийн жилүүдэд 68 кг-аас дээш жинтэй бөхүүд нь үндэсний бөх рүү ороод дэлхийн спортоо хаяж байна. Тэгээд нэг их том дээл өмсөөд, том бүс бүслээд бөөн витамин химийн бодисоор өөрсдийгөө бордож, уураг уугаад байгаа нь спортын буруу замнал, хөгжил рүү яваад байгааг харуулж байна. Үүнийг спортын мэдлэг муутай хүмүүс хөгжүүлээд байгаа юм. Ямар ч спортын мэдлэггүй нэг нөхөр дэвжээ эсвэл клуб байгуулаад түүнийхээ нэр алдрыг өсгөх гэж тамирчны нэр хүндийг худалдаад авчихдаг. Тэгээд байгууллагынхаа нэрийг гаргах гэж худалдаж авсан тамирчнаа өөрөө бэлдсэн болж нэр хүндээ өсгөдөг. Харин үүний ард тухайн тамирчинг бэлдсэн багш нь орхигддог. Энэ бол хулгай хийж байгаагаас огт өөрцгүй хэрэг. Ийм шударга бус зүйл спортын хөгжилд тушаа болохоос гадна клубын систем гэдэг зүйлийг бохир болгож, дээрээс нь тамирчдыг өнгө мөнгө хөөхөд ч нөлөөлж байгаа юм. Ийм мэдлэг муутай хүмүүс ч гэсэн төрд гарч ирсэн. Жишээлбэл хувьцаагаар юм уу эсвэл алт ухаж баяжсан, спирт оруулж ирж найруулсан, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг импортоор үнэ төлбөргүй оруулж ирээд өндөр үнээр шахдаг буруу аргаар гэнэт баяжсан нөхдүүд маш олон байна. Ийм хүмүүсийн мунхаг бодол юу байдаг вэ гэхээр нутаг орондоо танигдаж нэр хүндээ өсгөхийн тулд нэр алдартай тамирчдынх нь нэр хүндийг “Манай компанийн бөх бол.Би чамд өндөр цалин өгнө. Манай компанийн нэр дээр барилд” гээд спортын хөгжлийг эвдээд байгаа юм. Үүнд төр засаг анхаарлаа хандуудах хэрэгтэй.
-Таныг ”Тайгам Алтай” компанийн гүйцэтгэх захирал гэдгийг хүмүүс мэддэг. Ер нь анх яаж бизнесийн салбарт хөл тавив?
-Зах зээл гарч ирснээс хойш хүн болгон нэг юм хийж эхэлсэн. Би ч мөн ялгаагүй нэг юм хийе гэж бодоод наймаанаас эхлээд олон зүйл хийж энэ тэрүүгээр их явсан. Ингээд үүнийхээ дараа “за нэг л юм барьж авъя, юу хийх вэ” гэж бодсон. Тухайн үед бөхийн өргөөний урд би жаахан газартай байлаа. Тэндээ нэг давхар байшин бариад байж байтал газарт орчих гээд байсан юм. Тухайн үед хоёр жил болоод л газрыг нь хүчингүй болгодог байсан үе. Тэгээд тэр байшингаа хүнд алдчихгүйн тулд хүнтэй нийлээд барилга барьсан боловч тухайн үед нэг их ашиг олоогүй. Учир нь бид хоёр монжуулчихсан. Тэр үед газарт ороод их үнэд хүрэх байсан газраа мэдэлгүй хямд зарснаас болоод монжуулсан.Ингээд “Би ер нь өөрөө яагаад барилга барьж болохгүй гэж” гэж бодогдсон. Гэтэл манай хоёр дүү барилга барьж эхлэж байсан болохоор над шиг хүн хэрэгтэй болсон. Тэд маань хадаг бариад хамтарч ажиллах санал тавж байсан. Тухайн үед би Баянхошуунд нагац эгчийндээ монгол архи уучихсан сууж байлаа. Ингээд л бид хамтдаа “Тайгам Алтай” компаниа байгуулаад барилгын салбарт орж ирсэн. Одоо тэр хоёр дүү маань нэг нь ерөнхий захирал, нэг нь орлогч захирал шүү дээ. Одоо манайх мянга гаруй ажилчинтай. Зун түр ажилтан гэж авдаг. Тэдгээр хүмүүстэйгээ нийлвэл 2000-аад хүн бий. Манай компанийн хувьд “Алтай” хотхонг барьсан. Энэхүү хотхон маань том хороолол болон өргөжиж байна. Одоогоор бид “Олимп” хорооллоо бариад дуусч байна. Тиймээс бид бүхэн эх орондоо улсынхаа нийслэлд хоёр том хотхон барьсан нь том бүтээн байгуулалт гэж боддог юм. Төр 5000 айлын орон сууц барина гээд л дээр үед ярьдаг байлаа. Тэгвэл одоо үүнийг нь нэг л компани барьдаг болсон байна.
-Төр засгаас та бүхний хөдөлмөрийг хэрхэн үнэлж дэмжиж байна вэ?
-Төр засгаас биднийг огт дэмждэггүй. Учир нь барилгын компани дотроо нэгдүгээрт намын компани гэж байна. Хоёрдугаарт бизнесийн барилгын компаниуд гэж байна. Харин гуравдугаарт хувийн компани буюу бид байна. Гэтэл төрийн компани гэдэг нь өөрсдөө буюу хотын дарга нь тодорхой хүмүүстэйгээ нийлэн хоорондоо хамтран, эвлэлдэн нэгдсэний үндсэн дээр намын компани байгуулаад ямар нэгэн зардал гаргахгүйгээр захирамж үзүүлээд ирэхээр төрөөс бүх шугам сүлжээнд нь зардал гарахгүйгээр саадгүй хийгээд өгчихдөг. Угтаа бол хувийн компани байгаад байдаг. Гэтэл албан тушаалаараа далайлгаад асуудлаа ингэж амархан шийддэг. Засгийн газрын сүүлийн хэдэн жил Богд уулын ойр орчим газар олгохгүй, байшин барилга барихгүй гэдэг асуудлыг ярьсаар байгаа боловч өнөөдөр хамгийн их газар олгож, хамгийн их барилга баригдаж байгаа газар бол Зайсан л байна шүү дээ. Эдгээр газрууд нь дандаа хотын хүрээнийхэн буюу улс төрийн том албан тушаалтнуудынх болж хувирч байна. Гэтэл бизнесийн компани нь тухайн намыг дэмждэг учраас намаасаа захирамжаа гаргуулдаг, эрх мэдэлтэй компани байдаг. Харин гуравдугаарт өнөөх муу хаягдсан хувийн компаниуд байдаг. Гэтэл бидэнд нэг удаа ч тэр захирамж гэдэг зүйлийг олгож байгаагүй. Учир нь бид энэ бүх захирамжаа энэ эрх дархтай хүмүүсээс худалдаж авдаг. Би нэг жишээ хэлье л дээ. Анх “Алтай” хотхоныг барихад Улаанбаатарын модны заводын үйлдвэрийн уул овоо шиг хог байсан юм. Гэтэл бид бүхэн энэ их хог новшийг хоёр жил цэвэрлээд энэ хотхоныг барьсан. Тэр үед биднийг цэвэрлээд зогсож байхад нийслэл нь ч бай, дүүрэг нь ч бай юм хэлээгүй. Харин цэвэрлээд дууссаны дараа нэг хүн заргалдаад л хүрээд ирдэг. Би үүнээс болоод захиргааны хэргийн шүүхээр л явдаг байсан. Ингээд арай гэж газраа аваад ирэхээр шугам сүлжээгээ зохицуулах болдог. Гэтэл олигархи компаниуд бол захирамж гаргаад л төрөөс татуулчихдаг. Тийм учраас хувийн компаниуд бол үнэхээр дээд доод хүмүүсийг аргалах гэж үйлээ үздэг. Гэтэл манай хувийн компаниуд дэлхийн жишигт нийцсэн барилгуудыг барьдаг. Энэ хүмүүсээ төр нь айлган сүрдүүлж дарамтлаад байдгаа үнэхээр болих хэрэгтэй гэж боддог юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Увсын Артагыг олимпийн хүрэл аваад гавтяат өгөх гэхэд нь матаас бичиж болрвсролгүй гарын үсэг зурах чадваргүй гээд мулталж явсан.Баруунд дэлгүүрээс жинс хулгайлж баригдаад угийн өлөн зөлмөн зантай хүн байсан. Тэр зан хүргэнд  нь нжвт халдсан. Хаа очиж Гантогтох сайн залуу 

    • Улсад ганц үзүүрлээд арслан, 1түрүүлж аварга, 2 түрүүлээд дархан аварга болсон хүн харин ч татаастай байж дээ .Тэгэхэд Дамдин Мөнхбат 3 түрүүлж аварга болсон. Хад, Цэрэнтогтох гээд олон залуусын замыг буруулж амжилтыг хумсалсан хүн хэлмэгдэж зовсон гэж юу байхөв.

  • Баянмөнх гуйа ч бүх насаарай хэлмэгдсэн даруулсан хавчигдсан гэж гомдолж яваа хүн. Үнэндээ Балын үед дураараа дургиж, баруун солгойгүй матаас бичиж, дамын панз үсэргэж явсан.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04