Аварга П.БҮРЭНТӨГСИЙГ анх Ц.НЯМДОРЖ “ОЛЖ” ирж байжээ

2020-07-27 1565 0

Жил дамнан яригдах сонин содноор дүүрэн наадам өндөрлөв. Одоогоос найман жилийн өмнө хэний ч тааварт ороогүй аймгийн цолтой бөх улсын баяр наадмын түрүүг авч, 50 гаруй жилийн өмнөх түүхийн хуудсыг дахин сануулан /аймгийн цолтой Оргодол гэх бөх улсын наадмын түрүүг авч байсан гэдэг/ арслан цолд хүрсэн бол энэ жилийн наадамд өнөөх “битүү морь” гэгдэж байсан П.Бүрэнтөгс түрүүлэн шинэхэн аварга төрлөө.

Нэгэнтээ Баянмөнх аварга нутгийн залуу бөхчүүддээ “Би ганцаараа арав түрүүлж болсон юм. Та нар арвуулаа нийлээд ч хамаагүй арав түрүүлээдэх“ хэмээн лүндэн буулгасан гэх яриа Увс нутгаар овоглосон бөхчүүдийн дунд нисэж явдаг. Нутгархаг, хөдөлмөрчөөрөө зартай Увсчууд ч аваргынхаа зарлигийг ёсоор болгов бололтой төрийн наадмаас хэдэнтээ түрүү аван “Увс нуур”-аа эгшиглүүлэв.

Энэ жилийн наадмын хамгийн одтой бөх болсон П.Бүрэнтөгс Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон байв. Тэрээр 2004 онд аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлага дор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан “Шонхор-Олимп” дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.

2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол
2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
2012 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн.
2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн бол 2016 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн. 2019 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн тэрээр 2020 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын аварга цол хүртлээ. Тэрээр “Монгол бөхийн ноён оргил Аварга хэмээх цолонд хүрсэндээ туйлын их баяртай байна. Бөхийн спортдоо хоёргүй сэтгэлээр зүтгэсний, 20 гаруй жил тууштай хичээллэсний ач гавьяа ирж байна даа. Намайг байнга дэмжиж байдаг, бөхөө хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Аав минь 1992 онд Монгол Улсын анхны аварга малчин болж байсан. Өнгөрсөн жил бурхан болсон. 28 жилийн дараа аавынхаа аварга хэмээх цолыг хүртсэндээ баяртай байна. Аав минь хүүгээ тэнгэрээс харсан байх аа. Монголчуудынхаа, нутгийнхныхаа их хүндлэлийг мэдрэхэд огших сэтгэл төрж байлаа” хэмээн баярт мөчийнхөө сэтгэгдлээ илэрхийлж байв.

Түүний аав залуудаа нэг метр 85 см өндөр, 140 шахам кг жинтэй морь даахгүй шахам хүн байсан гэдэг. Харин ээжийг нь Н.Норов гэх агаад хүүгээ хэвлийдээ илүү сар тээж, 5.4 кг жинтэй төрүүлсэн гэх. Сумын эмч “Ихэр хүүхэд төрнө” гэж оношилж байсан ч амаржсаны дараа нь “Ихрийн дайтай л их том хүү төрлөө шүү дээ” хэмээсэн гэх юм билээ.

Үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн тэрээр чөлөөт бөхөөр ч хоосонгүй, аймгийн аварга, залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль хүртэж байсан юм билээ.

Сонирхуулахад, чац урттай түүний өндөр нь 192 см, жин нь 135 кг аж. Энэ жилийн түрүү бөхөөр шалгарсан П.Бүрэнтөгсийг анх хотод авчирсан хүн нь сайд асан Ц.Нямдорж аж. Нутгаасаа ганц сайн бөх төрүүлчих юмсан гэж хорхойсч явсан тэрээр УИХ-ын дарга байхдаа 2007 оны өвөл нутагтаа очиж санаагаа хэлтэл нутгийн удирдлагууд нь П.Бүрэнтөгсийг дагуулж ирсэн аж. Ц.Нямдорж түүнийг сүмоч болгох гэж их хөөцөлдсөн ч бүтээгүй юм билээ.

Ирээдүйн аваргын замыг зааж өгсөн Ц.Нямдорж өөр хоёр ч залууг бөх болгохоор хотод авчран, компанийн захирлуудын гарт хүлээлгэж өгсөн байдаг юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн

2024-04-13

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12

Хурандаа Н.Мишигдорж: Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй дөрвөн алба хаагчийг ажлаас нь чөлөөлөн шалгаж байна

Цагдаагийн дөрвөн алба хаагч өсвөр насны хүүхэд хүчирхийлсэн хэмээх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ

2024-04-04