Г.Одонцэцэг: Монголчууд хоолны дуршил, шингэлтийн хүч нэмэгддэг 12-20 насыг “Хурган ходоод”-ны үе гэж нэрлэдэг

2020-03-26 1836 0

“Манба Дацан” Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

-Биеэс хор гадагшлуулна гэдэг нэг ойлголт байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн зөвлөгөө, бүтээгдэхүүн ч сурталчилж байна. Биеийн хор гээд байгаа тэр зүйл чухам юу вэ?
-Хүний биеийг амьдруулж байдаг гол хүчин зүйл бол бие махбодод орших идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дусал бөгөөд эдгээрийг уламжлалт анагаах ухаанд тамир хэмээн нэрлэдэг. Эдгээр тамир нь идэж, уусан хоол ундаар зэрэгчлэн төлжиж, илүүдэл цөвийг гадагш ялгаруулж байдаг. Нэг үгээр хэлбэл, хүнийг амьд байх хугацаанд бие махбодыг амьдруулахын тулд бие махбодод шимийг авч, цөвийг гадагшлуулах үйлдвэрлэл зогсолтгүй явдагддаг гэсэн үг юм. Тунгалаг, цөвийн боловсролтын явцад шээс, баас, хөлс гэсэн үндсэн гурван том цөв ялгардаг. Энэ бол бодисын солилцооны үр дүнд бий болдог илүүдэл бүтээгдэхүүн. Тунгалагийн төлжих үйл ажиллагаа хэр сайн байгааг цөвийн ялгаралтаас харж болдог. Жишээ нь ясны боловсролтын явцад шим нь ясаа төлжүүлээд, цөв нь хумс, үс болж ялгарна. Хэрэв ясны төлжилт муу байвал үсний ургалт муудах, ихээр унах, халцрах, хумс хугарах, ургалт муудах гэх мэт эмгэг илэрдэг. Тиймээс хүний биеийн тунгалаг, цөвийн боловсролтын явцад ялгарч байгаа цөвийг хортой хольж ойлгож болохгүй.
-Тэгвэл хордоно гэдэг ойлголтыг юу гэж үзэх вэ?
-Хүний бие махбодод гаднаас хортой бодис орсноор хорддог бөгөөд энэ нь хорын эмгэг өвнийг үүсгэдэг. Хорт бодисыг дотор нь эс гүйх хор буюу ургамал, эрдэсийн гаралтай хор, химийн гаралтай эмийн бодис, химийн бүтээгдэхүүнүүд, гүйдэг хор буюу нохой, могой, зөгий зэрэг амьтнаас халдах хор гэж үндсэнд нь хоёр ангилдаг. Эдгээр хорууд нь хүний биед идэж, ууж байгаа хоол ундаар дамжиж орохоос гадна, арьсны сүв, хамрын сүв амьсгалаар дамжиж нэвтэрснээр бие махбодыг хордуулж хорын өвчлөлийг үүсгэдэг.
-Хүмүүс том гүзээг харахаараа эвгүйгээр хэлэхэд “Энд дүүрэн баас бий” гэж төсөөлдөг. Тэгээд гэдсэнд хуримтлагдсан өтгөнөө л хөөж гаргаад байвал турна эсвэл өтгөн үүсгэхгүй байвал турна гээд хоолоо сойдог. Энэ тал дээр та зөвлөгөө өгнө үү?
-Тарган, том гүзээтэй байгаа нь тухайн хүний тунгалаг, цөвийн боловсролтыг явуулдаг гол хүчин зүйл болох “Шингэлтийн гурван хүч”-ний үйл ажиллагаа доройтсоныг илэрхийлж байгаа хэрэг. Тэнд цөв ихэсчихсэн, дээр нь нэмээд хаван, өөхжилт их хэмжээгээр байна гэсэн үг. Хэрэв таны хэлсэнчлэн, өтгөнөөр дүүрчихсэн байдаг бол туулга хийж цэвэрлэхэд гүзээ нь шалчийгаад алга болчихно шүү дээ. Гэтэл тэгдэггүй. Тодруулбал, галын илч нь буураад, хүйтэн чанартай усан махбод болон хүнд чанартай шороо махбодын хувь ихсээд бадган арвидсаныг илэрхийлж байгаа хэрэг. Ийм үед зөвхөн ус уугаад юм уу, туулга хийгээд өтгөнөө гадагшлуулснаар турахгүй. Харин ч галын илчээ улам бууруулаад нэг эмгэг дээрээ нөгөө эмгэгийг нэмнэ. Мөн дан хоолоо сойсноор энэ тарга, өөхжилт буурахгүй. Энэ үед хий хямарч, галын илчийг улам бууруулж, мөн л нэмэлт эмгэгийг үүсгэнэ.Тиймээс тунгалаг, цөвийн боловсролыг сайжруулж, тарга өөхлөлтийг бууруулахын тулд “Шингэлтийн гурван хүч”-ний үйл ажиллагааг сайжруулах, галын илчийг тэтгэх зарчмаар хоол унд, эм эмчилгээг хийх нь оновчтой бөгөөд үр дүнтэй байна.
-Тарга, өөхлөлтийг бууруулах хамгийн энгийн ямар арга байна вэ?
-Таргалсан үед хүний бие махбодод гадна, дотор өөхжилт ихээр үүснэ, мах, булчин дагаж хаван суваглаж үүснэ, мөн сав эрхтнүүдэд хий хуримтлагддаг. Тэгэхээр тэр том гэдсэнд бүхэл бүтэн эмгэг өвчлөл байна гэсэн үг. Ер нь эрхтэн бүр өөр, өөрийн хэмжээтэй байдаг.

Тухайлбал, ходоодны хэмжээ хүний өөрийнх нь гарын хоёр алганы хонхортой тэнцүү хэмжээтэй. Тиймээс нэг удаагийн хооллолтоор үүний ¾-ийн хэмжээтэй хоол унд идэх ёстой атал хэмжээнээс нь хэтрүүлэн их иддэг. Хэмжээнээс хэтэрсэн хоолыг өнөөх “Шингэлтийн гурван хүч” нь боловсруулах хүчин нь мөхөсдсөөр шимтэй тунгалаг болон илүүдэл цөвөө зохих ёсоор боловсруулж дийлэхгүйд хүрдэг. Тиймээс юун түрүүнд яг өөрийн биеийн хэмжээнд тохирох хэмжээний хоолыг идээд, “боллоо” гэсэн ханал мэдэлтэй болох хэрэгтэй. Бас эхний хоол тэжээлийг идсэний дараа түүнийг бүрэн шингэх хүртэлх хугацаанд буюу дөрөв хүртэлх цагийн хугацаанд дахин нэмж хоол идэхгүй байх хэрэгтэй. Эхнийх нь шингээгүй байхад дараачийн хоолыг идэж болохгүй гэсэн үг. Мөн тунгалаг, цөвийн дотоод боловсролт явагддаг үе буюу 20:00-05:00 цагийн хооронд хоол идэж болохгүй. Энэ нь тунгалаг, цөвийн боловсролтын явцыг хэвийн явагдахад чухал нөлөөтэй. Бас бадган хүйтэн нь ихсээд, өөхжилт тарга үүссэн байхад нь нэмээд их хэмжээний ус уух, чихэрлэг амттай жимсний шүүс дагнан хэрэглэх гэх мэт сэрүүн, хүнд чанартай хоол, унд хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Та хоолны хэмжээг яг тодорхой хэллээ. Гэтэл ид өсөлтийн насан дээр яваа, ялангуяа эрэгтэй хүүхдүүд хоолны дуршил нь эрс нэмэгдэж, байн байн өлсдөг болчихдог. Тэр үед ч яг дээрх хэмжээгээр идэх ёстой юу?
-Чухал асуулт байна. Монголчууд энэ үеийг буюу ойролцоогоор 12-20 насанд хоолны дуршил, шингэлтийн хүч нэмэгддэг насыг “Хурган ходоод”-ны үе гэж нэрлэдэг. Энэ бол хүний биед “Шингэлтийн гурван хүч”-ний эрч хүч хамгийн дээд хэмжээндээ хүрч хүний биеийн долоон тамир бүрэн боловсордог үе. Үүний нэг илрэл нь охидод сарын тэмдэг ирж, хөвгүүдийн бэлгийн бойжилт боловсорч гүйцдэг. Энэ үед хий, шар, бадган гурвын дотроос шарын махбод давамгайлсан байдаг учраас галын илч маш сайн байна. Иймд хоёр алганы хонхорын хэмжээнээс арай илүү хэмжээтэй хоолыг хэрэглэж болно. Яг өсөлтийн энэ үед нь ходоодны эрүүл байдлыг хадгалж өвчнөөс урьдчилан сэргийлж, өсөлтөд сайнаар нөлөөлөх шим тэжээлтэй, зөв хооллолтыг эрхэмлэх нь чухал. Харин шөнийн цагаар хооллож болохгүй. Хүний галын илч 30 наснаас буурч эхэлдэг учраас хоолны хэмжээгээ багасгах хэрэгтэй. Багасгана гэдэг нь зохих хэмжээ буюу хоёр алганы ¾ хэмжээнд нь хоол, ундаа тохируулж иднэ гэсэн үг. Монголчууд “Нас ахих тусам аяганы хэмжээгээ багасга” гэдэг нь хүний наснаас шалтгаалаад хий, шар, бадганы бэлгэ чанарууд болон галын илчийн хүч ихсэж, багасдагтай холбож хэлсэн нарийн ухаан юм.
-Хүүхэд, залуучууд өөхөнд дургүй байдаг. Харин зарим хүн, “Нас явахаар өөхөнд дуртай болоод байна” гэдэг. Энэ ямар учиртай вэ?
-Хүний нас ахихад бие махбодод нь хий махбодын хувь аяндаа давамгайлж ирдэг. Хий махбодын ширүүн, хөнгөн бэлгэ чанарууд ихсэхээр бие махбод аяндаа тослог чанарын хоол тэжээл шаардаад эхэлдэг. Тиймээс нас ахих үед ялангуяа хонины мах хэрэглэж байвал зүгээр. Хааяа нэг бага зэрэг өөхтэй хонины мах хэрэглэх нь хийн бэлгэ чанарыг тэнцвэржүүлэхэд сайн нөлөөтэй байдаг. Ер нь нас ахих тусам хийн бэлгэ чанарыг тэгшитгэх бүлээн, шимтэй хоолыг бага хэмжээтэй хэрэглэх хэрэгтэй. Энэ нь биеийг эрүүл байлгахын зэрэгцээ, хөгшрөлтийн явцыг удаашруулахад чухал нөлөөтэй байдаг. Тиймээс 35-аас дээш насанд хааяа нэг өөхтэй мах хэрэглэж бай гэж дахин хэлье дээ. Харин хэтрүүлж болохгүй.
-Ходоод цэвэрлэнэ, нарийн бүдүүн гэдсийг угааж цэвэрлэнэ гэсэн ойлголт байна. Уламжлалт анагаах ухаанд гэдэс, ходоодыг цэвэрлэнэ гэж юуг хэлдэг вэ?
-Уламжлалт анагаах ухаанд үүнийг эмийн эмчилгээний нэг арга хэмээн арилгах эмийн бүлэгт хамруулж үздэг маш том ойлголт. Энэхүү арилгах эмийн эмчилгээний аргаар хүний бие махбодод үүссэн бүхий л төрлийн өвчин эмгэгийг илааршуулан эдгээнэ. Үүнээс гадна нар, сар, од, гараг эрхсийн шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан газар дэлхийд дөрвөн улирал ээлжлэн солигддог. Үүнтэй уялдаад хүний бие махбодод жилийн туршид хоёр, хоёр сараар хий, шар, бадганы бэлгэ чанар, хурж, хөдлөж, амирлах үйл явц өрнөж байдаг. Тиймээс бадганы махбод ихэсдэг хаврын улиралд бөөлжүүлэг хийж бадганаа цэвэрлэж, хий махбод ихэсдэг зуны улиралд зөөлөн шимт хийж хийгээ арилгаж цэвэрлэж, шарын махбод ихэсдэг намрын улиралд туулга эмчилгээ хийж шараа арилгаж цэвэрлэдэг. Энэхүү цэвэрлэх эмчилгээг хийлгэхийн өмнө уламжлалт анагаах ухаанаар нарийн мэргэшсэн, энэ эмчилгээг хийх гарын авлагыг эзэмшсэн эмнэлэг, эмчийн хяналтад байх ёстойг анхаарах хэрэгтэй. Учир нь арилган цэвэрлэх эмчилгээг нарийн аргачлалын дагуу хийдэг, үүнийг зөрчвөл хүндрэл гарах эрсдэлтэй.
-Сүүлийн үед эмчийн хяналтгүйгээр мацаг барьж, янз бүрийн хүндрэл гарах нь ихсээд байна. Мацагийг хүн бүр өөрөө дур мэдэн барих нь хэр зохистой вэ?
-Мацаг барина гэдэг хоол сойх гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд мацаг барих эмчилгээний арга бий. Хоолны хордлого зэргээс болж олон удаа суулгаж, бөөлжиж байгаа бол биеэс хор гадагшилж, суулгалт, бөөлжилт зогстол түр хугацаанд хоолыг сойж байгаад эм, эмчилгээ хийнэ. Мөн халдварт халуун, хямарсан халуун зэрэг халуун язгуурын өвчний үед халуун дангаараа дэлгэрч байгаа үед нь хоолыг түр сойж халууны хүчийг яаралтай буулгах эмчилгээ хийдэг. Түүнчлэн өөх, тостой хоолыг хэтрүүлэн идсэнээр эс шингэж, бадган сальс арвидаж, галын илчийг хүчтэй бууруулсан үед хоолыг түр сойж байгаад бадганыг арилгах, галын илчийг сайжруулах эм, заслын эмчилгээ хийдэг.
Хоол сойх эмчилгээг удаан хугацаагаар хийдэггүй. Хамгийн ихдээ 1-2 хоног хоол сойгоод эм, заслын эмчилгээ хийдэг арга байдаг. Тухайн хүн мацаг барих өвчин эмгэгтэй байсан ч, хоолыг сойж, мацаг барьж болохгүй онцгой тохиолдол гэж бий. Огт мацаг барьж болохгүй өвчин эмгэгүүд ч байна.

-Мацаг барьснаар бүх өвчнийг эдгээж болно, урт насална гэсэн мессеж олон нийтийн дунд их байна. Энэ үнэхээр тийм нөлөөтэй зүйл үү?
-Тэгж ойлгох болохгүй л дээ. Эрүүл хүн мацаг бариад л байвал хүний бие хоол тэжээлийн дутагдалд орно, тунгалаг-цөвийн боловсролтын үйл ажиллагааг хямрааж бүх эд, эрхтэний үйл ажиллагаанд эмгэг өвчин үүсгэнэ. Мацаг барих шаардлагатай эсэхээ энэ эмчилгээг хийх гарын авлагыг эзэмшсэн мэргэжлийн эмнэлэгийн байгууллага, эмч нарт хандаж байж мэдэх нь зүйтэй.

-Хүмүүс ихэнхдээ турах зорилгоор мацаг барьж байна. Дур мэдэн, эмчийн хяналтаас гадуур мацаг барьсан хүмүүсийн биед ямар сөрөг шинж тэмдэг илэрч байна вэ?
-Сүүлийн үед мацаг барьсны улмаас бие, сэтгэл нь хямарч янз бүрийн өвчин эмгэгтэй болсон олон хүн бидэнд хандаж байна. Тэд 1-3 жилийн турш долоо хоногт тогтмол мацаг барьсан байна. Жишээ нь 162 см өндөртэй хэрнээ 39 кг жинтэй болчихсон хүн ирж байна. Олонхийнх нь хөгшрөлтийн үйл явц эрчимжчихсэн, нойргүйдсэн, сэтгэл санааны гутралд орсон, үс нь унасан, зүрхний хийн хямралтай болсон, ходоодны галын илч буурч, хоолны дуршил, шингэлт муудсан, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, зогсох зэрэг олон эмгэгүүд илэрч байна. Мөн хийн бэлгэ чанар давамгай арвидсанаар хөгшрөлт эрт илэрч, хөгшрөлтийн явж түргэсч байна. Галын илч хэт буурснаар хаван ихээр үүссэн байна. Ус, жимсний шүүс их хэмжээгээр ууснаар бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, чулуу үүсгэж байна. Хоол тэжээлийн дутагдалд орсноор биеийн хүч тамир доройтож ажлын эрч хүч буурч байна.
-Хүн бүр л туранхай байх хүсэлтэй, заримдаа түүндээ бараг донтох хандлага ч ажиглагдаж байна. Хүн заавал туранхай байж эрүүл байна гэдэг ойлголт ер нь зөв үү. Өөрөөр хэлбэл, хүн бүр нэг хэвэнд цутгасан стандарт хэмжээтэй байна гэж анагаах ухаанд үздэг гэж үү?
-Хүний цусны бүлэг хэзээ ч өөрчлөгддөггүй. Үүнтэй ижил хүн бүр төрөлхийн өвөрчлөлтэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд хүний өвөрчлөлийг үндсэн долоон төрөлд ангилан үздэг. Энэхүү өвөрчлөл нь биеийн хэлбэр, хэмжээ, арьсны өнгө, үсний өнгө, зан ааш, амьдралаа авч явах хандлага, эд хөрөнгө, мөнгө төгрөгтөө хандах хандлага гээд олон төрлийн давтагдашгүй чанарыг тогтоосон байдаг.

Жишээ нь хийн өвөрчлөлтэй хүн туранхай, жижиг биетэй, арьсны өнгө нь хөхөлбөр, үсний өнгө нь хар, бор. Сэтгэл зүй нь хөнгөн, дуулж бүжиглэх дуртай. Шарын өвөрчлөлтэй хүн дундаж өндөртэй, тарган, туранхай нь тэнцүү, арьс, үс нь шар, нүд нь ногоон байна. Аливаа ажил үйлд зоригтой, эрэмгий байдаг гэх мэт чанартай. Бадганы өвөрчлөлтэй хүн мяраалаг, арьсны өнгө цагаан, зөөлөн булбарай байдаг. Хий, шар хавсарсан хүн гэж бий. Царай нь шар мөртлөө, туранхай байх жишээтэй. Тиймээс нэгэнт дан бадганы өвөрчлөлд төрсөн бол дан хийний өвөрчлөлтэй хүнтэй ижил туранхай болох гээд хэрэггүй. Өвөрчлөлөө хүчээр өөрчилбөл тэр нь эмгэг өвчлөл үүсэх шалтгаан болно. Тиймээс өөрийн төрөлх өвөрчлөлөө мэдээд, түүндээ зохицсон биеийн жингээ хадгалж, эрүүл хооллолт, амьдралын зөв хэвшил, дадлаар өвчнөөс урьдчилан сэргийлээд явах нь зохистой.
-Баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Н.Алтанхуяг: Тойрог томсгоно гэдэг гурван аймгийн атаман мөнгөө нэгтгэнэ гэсэн үг, гэсэн ч би нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр "Сэтгүүлчдээс ярилцлага

2024-01-10

“Айлын таван хүүхэд өнчрүүлээд муухай хүүхэн” гээд дайрч байсан тохиолдол ч бий

Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “Гарын таван хуруу“ киноны нэг го

2023-07-27