Одоо хувийн хэвшлээ дэмжинэ гэж яриад хэрэггүй, Ерөнхий сайд аа

2021-11-04 526 0

Ам нээх бүртээ “либерал бодлого хэрэгжүүлнэ, төр бүх бизнест оролцож өмнүүр нь булааж хийдгийг болиулна” гэж хэлдэг Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн амлалтууд бодит байдал дээр эсрэгээрээ эргэж байгааг сүүлийн хэд хоногийн үйл явдал бэлхнээ харуулж байна. Намынх нь удирдлагуудын нэг, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даатгалын салбарт төрийн хэт оролцоог дэмжсэн хуулийн төсөл өргөн барьж, ингэхдээ хэлэлцэх асуудлын очер дайруулан оруулж ирэн Төрийн ордонд түрэмгийлсэн нь цочирдом үйл явдал боллоо.

Засгийн газар нь Төрийн өмчийн багц хуулийн төслийг боловсруулж авлига, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, төрийн хэт оролцоог бизнесээс холдуулж, чөлөөт эдийн засгийг дэмжинэ гэж сүүлийн хоёр жил ярьсан. Төслөө төсвийн хуулийн дараа оруулж ирэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болгочихсон байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хувийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна гэдэг бодлогоо танилцуулчихсан. Удахгүй Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг хийж, унаад байгаа нэр хүндийг аврах гээд байдаг. Ийм эгзэгтэй цаг үед өнөө Алсын хараа-2050 байтугай, одоогийн Засгийн болон МАН-ын бодлогоос тас зөрсөн, төрд бүхнийг авах гэсэн коммунист шинжтэй хуулийн төслийг УИХ-ын дэд дарга нь яаран оруулаад ирж байгаа нь хатуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн лидер биш гэдгийг, зөөлрүүлээд хэлэхэд төр нэгдсэн бодлогогүй байгааг харуулсан үйл явдал боллоо.

Судлаад үзэхэд, Т.Аюурсайханы өргөн барьсан Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл нь шинэ зүйл биш юм байна. МАН-ын үед УИХ-ын гишүүн, Гаалийн ерөнхий газрын дарга байсан Д.Цэвээнжавын л ярьж явдаг, лоббидож зүтгүүлдэг заалтууд дээр хуулийн төслийн араг яс нь босчээ. Д.Цэвээнжав нь 2011 онд баталсан Жолоочийн даатгалын хуулиар эрх мэдэлтэй болсон Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, жолооч нарын тушаасан даатгалын мөнгөн дээр 2013 оноос эргэлдэж байгаа нөхөр. Мань хашир барьцаа томхон ахиулж жолооч нарын даатгалын мөнгийг шууд татан төвлөрүүлдэг төрийн нэг сан, корпорацийг хуулиар үүсгүүлж, дарга нь болчих гээд бүтүүхэн хөөцөлдөөд байгааг үгүйсгэх аргагүй. Нөхрийн санааг Т.Аюурсайхан дэмжээд өргөн барьчихсан, харин Т.Аюурсайханы толгойд тэтгэврийн насанд тулсан Д.Цэвээнжавыг явахаар хэнийг авчирч тавих тухай бодол орж тооны машин дээр эргэлдэж байгаа эсэхийг хэн мэдлээ.

COVID-19 цар тахлын хоёр жилд Монголын олон аж ахуйн нэгж, иргэдийн бизнес нурж, орлого тасалдсан. УОК, Засгийн газрын дэглэмийн оновчгүй зохицуулалтын балгийг давж гарсан салбар даатгалынх. Гэтэл COVID-19 унагаагүй даатгалын салбарыг төр нь унагааж сүйтгэх хуулийн төслийг Т.Аюурсайхан оруулаад ирсэн нь хаанахын бодлого вэ. Энэ салбарт Монголын 330 суманд хүрч ажилладаг 5000-аад ажилтан бий. Эндээс албан журмын даатгалтай шууд холбогдож 2000 нь ажилладаг. 2011 оноос хойшхи 10 жилд бойжуулсан хувийн хэвшлийн үйл ажиллагаа, 14 даатгалын компани, тэдгээрийн бий болгосон дэд бүтэц, нийт ажиллагсад, даатгагч, даатгуулагч, хохирол үнэлэгч, даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагчдын хийж байгаа ажлыг төр булааж, даатгалын компаниудын шуурхай алба, цахим даатгал, бүртгэлийн цахим систем зэргийг огт оргүй болгож сөнөөх нь Засгийн газрын, МАН-ын бодлого мөн үү. Энэ хэмжээний ачааллыг төр өөрөө дааж, шинээр хийж, үйлчилгээний хүртээмжээр иргэдийг чирэгдүүлэхгүй байж чадахгүй. Цомхон төр гээд байсан яасан, дахиад л татвар төлөгч, даатгуулагчдын мөнгөөр Албан журмын даатгалын корпораци, сангийн баахан ажилтнуудыг цалинжуулж, нөхөн төлбөрөө авахын тулд тэднийг царайчилж гүйх юм уу.

2011 онд анх хууль гарахад нөхөн төлбөрийг эхлээд 30 хоногт шийддэг байсан бол дараа нь 14, тэгээд 7 хоног, улмаар гурав хоногт багтаан шийддэг, одоо өдөрт нь шийддэг болсон амжилтыг төрд авснаар нөхөн төлбөрөө авах гэсэн иргэд төрийн албан хаагчийн үүд сахиж, царайчилдаг байдал руу буцаж орно. Мөргөлдсөн жолооч нар нь зам дээр заамдалцаж, зодолддог. Хэн цагдаад танилтай нь асуудлаа өөрт ашигтайгаар шийдүүлдэг шударга бус тогтолцоо руугаа ухарна. Энэ байдлыг засах гэж, төрд цугларсан утгагүй ачааллыг багасгах гэж, жолоочийн буруугаас хохирсон иргэдийн өмчийг хамгаалах гэж, даатгуулагчийн эд хөрөнгийн эрсдэлийг үүрүүлэх гэж хувийн хэвшилд албан журмын даатгалыг хариуцуулсан. Дэлхийн бүх улс арилжааны даатгалд хариуцуулсан, ингэж туршаад шалгараад хэвшчихсэн ойлголтын таг эсрэг явдаг Т.Аюурсайханы зүүн мөрөн дээрээс нь хэн “Төрд ав, гоё шд” гээд шивнэчихсэн юм бол доо.

Хэрэв жолоочийн албан журмын даатгалыг төр хариуцна гэвэл иргэнд үйлчилгээний сонголт өгөхгүй. Төр үнээ өөрөө тогтоогоод, өөрөө хурааж аваад, нэг л хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл одоо бид даатгалаа голж шилэх эрхтэй, дургүй хүртэл солих, дур татагдвал сонгох эрхтэй байна. Даатгалынхан тариф, үйлчилгээний чанар, шинэлэг бүтээгдэхүүнээрээ хоорондоо өрсөлддөг, даатгуулагч таны араас “Манайхыг сонгооч” гэж өөрсдөөгүйдэг. Харин төр бол тэгэхгүй. Даатгалаа хатуу авна, өгөхгүй бол таныг торгоно. Саяхан л Нийгмийн даатгалын сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сангаас улстөрчид хэрхэн өөрсдийгөө тэжээж, хэрхэн хамаатан саднаараа татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж суудгийг бид хараа биз дээ. Төрийн оролцсон салбарт авлига, хүнд суртал, зардал нэмэгддэг учраас л бид өнөөдөр дүгнэлт хийж дижитал шилжилт хийх, хувьчлах, бусдаар гүйцэтгүүлэх, чаддагт нь өгөх тухай ярьж байгаа юмсан.

10 жил тогтвортой үйлчилсэн Жолоочийн даатгалын болон бусад хуульд эргэж харах, сайжруулах зүйл байгаа. Даатгалын компаниуд ч даатгуулагчдын үгийг сонсч, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх цаг болсон. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Т.Аюурсайхан нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэлэлцэх бол ажлын хэсэг дээр, хэлэлцэхгүй бол нухацтай ярьж дүгнэх асуудал байгаа нь л өнөөдрийн болж байгаа үйл явдлын илрэл юм даа. Ер нь бол улс төрийн оролцоо, хамааралтай даатгалын тогтолцоо өнгөрсөн хугацааны бодлогын алдаа байсан нь нотлогдож сүүлийн хоёр ч удаагийн сонгуулиар намууд иргэндээ ээлтэй даатгалын системийг бий болгох тухай л амалж байна. Хувийн тэтгэврийн сан байгуулъя, тэтгэврээ өвлөгддөг болгоё, нийгмийн даатгалын хуулиа өөрчилж хувийн хэвшилтэй уялдуулъя, эрүүл мэндийн даатгалаараа хувийн эмнэлгээс үйлчилгээ авъя гэсэн концепциуд ярьж байгаа. Насаараа цалингаасаа суутгуулсан хэрнээ улсын эмнэлгээс олигтой үйлчилгээ авч чаддаггүй, тэтгэврээ багаар тогтоолгож, өгөөж хүртэж чаддаггүйн дампуурал төрийн оролцооны л буруу. Одоо тэд жолоочийн даатгал руу хүчээр орох гэж байна. Гэхдээ энэ парламентад эрүүл дуу хоолойтой гишүүд бас байна. Тэдний үгийг хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Тэгвэл банкийг ч бас төрд авч, социализм байгуул л даа

-Ашигтай ажиллаж байгаа гэж хардсан салбар руугаа төрийг оруулж социализм байгуулах гээд байгаа юм биш үү. Тэгвэл яршиг, банкийг ч гэсэн төр авъя. Ашгийн бус, нийтийн төлөө гэдэг нэрийдлээр төрийн компани байгуулаад явъя. Даатгалын хуулийг боловсруулаад ирээч гэж СЗХ-ныхонд хэлсэн. Та бүгдийг ажлаа хийхгүй болохоор үндсэн бодлого эвдсэн иймэрхүү хуулиудыг гишүүд оруулж ирээд байна. Хэрэв УИХ энэ хуулийг баталбал жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэхийн тулд төрөөс 9 дүүрэг 150 хороо, 330 суманд салбартай компани байгуулж таарахаар байна. 30 жил ардчиллаар явчихаар буцаад социализм байгуулж болохгүй.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Хувийн хэвшлээ дэмжихийн оронд намнаж болохгүй

-Сүүлийн үед төр данхайх тал руугаа явлаа. 2 яам, хэдэн агентлаг байгуулж, төсөв тэлж байгаа нь буруу. Хувийн компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр ажлыг нь авч хийнэ гэдэг хандлага ажиглагдаж байна. Энэ хандлага маш буруу шүү. 9 жилийн өмнөхтэй харьцуулахад даатгалын компаниуд арай гайгүй болж, үйл ажиллагаа нь жигдэрч байна. Албан журмын даатгалд дутуу зүйл байгаа байх Т.Аюурсайхан гишүүн ээ. Үүнийг сайжруулах нэрийдлээр төр бизнесийг нь булааж авна гэдэг бол даахгүй нохой булуу хураахын үлгэр болно. Дутуу хийгдээд байгаа зүйлийг нөхөж хийх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж болох байтал даатгалыг дэмжихийн оронд намнаж болохгүй. Тал талаасаа нээлттэй сайхан ярилцаж байгаад шийдлээ гаргаад сайжруулаарай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Даатгалын асуудлыг ярихаас өмнө хоёр хууль өөрчлөх ёстой

-Эхлээд Монгол Улсад төрийн өмч гэдэгт юуг оруулах вэ гэдэг хуулиа шинэчилье. Үүнээс улбаалж зааглаад төрийн өмчийн компаниудыг ямар хүрээнд байгуулах вэ гэдгийг эхлээд шийдэх ёстой. Төр бол эдийн засгийн харилцаанд нэг бол зохицуулагчийн байр сууриар, эсвэл оролцогчийн байр сууриар оролцдог. Даатгалын асуудал дээр төр зохицуулагчийн байр сууринаас л оролцох ёстой гэж үздэг. Даатгуулагчдаас цугларсан мөнгө бол төрийн мөнгө биш. Төрийн мөнгө биш учраас төр өөрөө 100 хувь дангаар оролцдоггүй. НДҮЗ, ЭМДҮЗ дээр ч гуравны нэг нь төрийн төлөөлөл байдаг. Хоёрдугаарт ашгийн төлөө бус буюу ТББ-ын хуулиа бид шинэчлэх ёстой. Даатгалын харилцааг ашгийн бус, төрийн мэдэлд авна гэх юм. Ямар ч ашиггүй юм бол хийх хүн олдох уу. Эсвэл төр авч дампууруулах гээд байгаа юм уу. Тэгэхээр эдгээр хуулийг цэгцэлсний дараа даатгалын асуудлыг эргэж ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Төрийн өндөрлөгүүд хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн нь худлаа болсон уу

-Даатгалын 3-4 компани хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаад 4000-аад хувьцаа эзэмшигчтэй болсон. Дөнгөж босоод ирж байхад нь бизнесийг нь булаагаад авчихаар 4000 хүн яах юм, компаниуд нь, тэнд ажиллагсад яах юм. Энэ хуулийг баталснаар ослын тоо буурна гэж харагдахгүй байна. Хоёрхон сарын өмнө манай төрийн гурван өндөрлөг Төрийн ордонд хувийн хэвшлийнхэнтэй уулзаад хувийн хэвшлээ хөл дээр нь босгоё, дэмжие гэж ярьсан. Тэгээд ийм эсрэг хуулийн төслийг оруулаад ирж болдог юм уу. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн байгаа байдал ямар байгаа билээ. Дахиад сан байгуулаад дампууруулах уу. Бизнесийн байгууллагын ажиллаж байгаа салбарт төр орж ирээд ажлыг нь булаах бодлогын өөрчлөлт зөв үү.

Л.Элбэгсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19