Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын багц хуулиа Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болжээ.
Энэ талаар сайдбарын сайд А.Ариунзаяа “Нийгмийн даатгалын хууль анх 1995 онд батлагдаж байсан. Түүнээс хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт өөрчлөлт орсон.
Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд сангийн алдагдлыг нэлээд нэмэгдүүлсэн. Тиймээс сангуудын тогтвортой бие даасан байдлыг хангах шаардлага тулгарч байна.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийх, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж санхүүгийн зах зээлийг дэмжинэ гэсэн зүйл заалтуудыг хуулийн төсөлд оруулсан.
Нийгмийн даатгалын таван хууль шинэчлэгдэнэ. Энэ хүрээнд тэтгэврийн одоогийн тогтолцооноос үе шаттайгаар буюу 2030 он гэхэд хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, түүнээс цааш бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ.
НДС-аас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулан илүү олон жил шимтгэл төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол нэмэгдүүлэн тооцох гэх мэт өөрчлөлтүүдийг тусгасан.
НДС-аас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгохтой холбоотой өнөөгийн мөрдөж байгаа зохицуулалтыг хэвээр нь хадгалсан байгаа.
Мөн ихэр хүүхэд төрүүлсэн ээжийн тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлж байгаа бөгөөд даатгуулагчийн ажлыг байрыг тогтвортой байлгасан ажил олгогчийг тодорхой хувиар шимтгэлээс хөнгөлөх гэх мэт урамшууллыг оруулж өгсөн.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж байна. Нэмэлт тэтгэврийг өвлүүлэх боломж орж ирж байгаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй